Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайны зам туулж Берлин хүрсэн монгол морины тухай ахмад дайчны дурсамж

Аугаа их Эх орны дайны жилүүдэд монголчууд 500 мянган морио зөвлөлтийн улаан армид бэлэглэж, худалдсан. Дайны жилүүдэд үндсэндээ монголоос ирсэн тэр морьдоор морин цэргийн долоон корпус байгуулж энэ ангиуд дайны дөрвөн жилд фронтын зам туулж Берлин хүрсэн юм.
Морин цэргийн 35 дугаар хорооны танк эсэргүүцэх тоотын дарга явсан, гвардийн ахлагч, комсомолын зохион байгуулагч Өлзийжаргал Дондуков монгол морьдын тухай ингэж дурссан байна.
                       
“Би 1941 оны арванхоёрдугаар сарын хүйтэн өвлөөс эхлэн ЗХУ-ын баатар Доватовын захирсан гвардийн хоёрдугаар корпусын бүрэлдхүүнд байлдаж германы Эльба мөрөн хүртэл явсан. Дайны бүхий л хугацаанд би таван монгол морь сэлгэж унасан, дөрөв нь баатарлагаар амь үрэгдсэн бол сүүлийнхийг нь би  Эльба мөрнөөс усалсан юм.
Манай корпус дайны жилүүдэд дайсны гүн ар талд дөрвөн ч удаа гарч баатарлагаар тулалдсан. 1941 онд Москвагийн дэргэд, 1942 онд Смоленскийн ойд, 1943 онд Десна мөрний тэнд Брянскийн ойд, мөн Белоруст Полесскийн намагт.  Ийм хүнд үед бэлэн тэжээлгүй байхад монгол морь  цасан дороос л идшээ олоод идчихдэг. Цасыг нь малтаж бэлтгэхийн ч хэрэггүй өөрөө туурайгаараа малтаж байгаад хооллоно, алсын зам туулахдаа сайн. Намаг, гол туулахдаа чадварлаг. Дайсны суманд өртөөд амьсгал хурааж байхдаа ч эзнээ л харж янцгааж байдаг. Энэ үед нь чухам л эрлэгийн элч ирчихээ юм болов уу гэмээр элэг эмтэрдэг юм. Эзэн нь байлдаанд алуулсан юм уу, шархадсан бол монгол морь хэзээ ч эзнээ орхидоггүй, дэргэд нь зогсч байдаг юм даа. Гол гаталж байхад талд яваа биш давхиж болохгүй, энд тэндгүй их бууны сум тусч ус өндөр өндөр оргилж байхад хөөрхий морьд тургилаад л, үсчээд л хүмүүс хашгираад аймшигтай, өрөвдмөөр.

Днепр мөрнийг гаталж явахад  дэргэд минь сум тусч хоёр метр хэртэй ус дээш олгойдоод л би мориноосоо уначихлаа. Сэхээ аваад хартал миний морины сүүл харагдана. Түүнээс хоёр гараараа зуураад л явсаар Днеприйн баруун эрэг дээр эв эрүүл гарсан. Харамсалтай нь ингэж тэр их мөрнөөс намайг аварсан морь минь цаашаа давшилтад орох үеэр дайсны пулемётын галд өртөж үхсэн дээ. Яг  амь тавьж байхдаа намайг харж байсан тэр өрөвдөлтэй нүдийг нь би өнөө ч мартдаггүй юм. Тэгэхэд хөөрхий минь өөрөө хэзээ ч эргэж очиж чадахгүй монголын уудам талаа л харж байсан байх гэж боддог.
Дайны хүнд жилүүдэд гал ус, гамшиг туулж хатуужсан тэр эрэлхэг цэргүүдээс олон хүн хайртай дайчин хүлгээ  үхэхэд нулимс дуслуулан зогсч байхыг би харсан.
Одоо ч би миний хүлэг болж Москвагийн дэргэд, Смоленскийн ой, Белорус дахь Полесскийн намаг, Украины тал, Польшийн Сандомирмын талыг гал  цусан дундуур туулан миний амийг аварч явсан таван сайхан морио бэлэглэсэн монгол хүний тэр сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Ганцхан миний тав ч биш, монголын хэдэн зуун мянган ийм гайхамшигт хүлэг Москвагаас Берлин хүрэх тулааны замыг туулсан юм.
Эльба мөрний эрэг дээр удаан хүлээсэн ялалтын чимээг сонсон нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсч байхад гвардийн хурандаа Гладков бидэнд “За залуучууд аа, жинхэнэ хасаг заншлаар одоо морьдоо усалцгаа, Эльба мөрнөөс морио усал” гэж билээ.
Ийнхүү талын монголын жижиг биетэй чийрэг морьд их ялалтыг авчралцан бүхий л европыг туулж Москвагаас Берлин хүрсэн юм даа” хэмээн дурссан байдаг.

            Монголчуудын фронтод бэлэглэсэн монгол морьдод зориулж Москва хотод босгосон хөшөө

0 Сэтгэгдэл
Москвад өнгөрсөн жил хөшөөг босгоод манай элчин сайд авгай зогсож байгаа зураг сайтад тавигдсан байсан худлаа байжээ?
Nulimas dusluulahgui baij chadsangui de..bi mori uydag er hun yum bgama
Гайхамшигт монгол морь гэдэг л энэ......
Хамгийн их уншсан