Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
А.ЭРДЭНЭБААТАР: “МӨНГӨН ЦАГАРИГ” МАРШРУТААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭН


Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатартай орон нутгийн онцлог, хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр, ажлынх нь талаар ярилцлаа.


-Хэчнээн хүн амтай байна. Орон нутгийн хөгжлийн гол онцлогийг юу гэж тодорхойлж байна?

-Манай аймаг Монгол Улсад хамгийн олон хүн амтай Засаг захиргааны нэгжийн нэг.  Иймд 126 мянган хүн ам, 35 мянган өрх, 123 багтай. Хөдөлмөрийн чадвартай ажиллах хүчний нөөц ихтэй.  Манай аймаг хүн ам, малын тоо толгойгоор улсад тэргүүлдэг. Энэ хоёр бол орон нутгийн хөгжлийн гол тулгуур хүчин зүйлс гэж бодож байна. Үүнээс гадна Олон ястны өлгий нутаг тул түүх, ёс заншлын өвөрмөц онцлогтой. Энэ нь аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг зайлшгүй мөн. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийсний үр дүнд дэд бүтэц сайжирсан. Тухайлбал, Улаанбаатартай цардмал  замаар холбогдсон явдал нь хөгжилд хөтлөх түүчээ болсон.

-Та аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг яах аргагүй мөн гэлээ. Хөвсгөл аймагт жилд хэдэн жуулчин ирж байна. Тэгээд хэдий хэмжээний ашиг орлого олох боломжтой вэ?

-Жилд дунджаар 10 гаруй мянган жуулчин ирдэг. Өнгөрсөн онд нийслэлтэй цардмал замаар холбогдсон, Хотгойдын их даншиг наадам хийсэн. Үүний үр дүнд 20 орчим мянган жуулчин ирсэн тооцоо гарлаа. Хөвсгөл нуурыг сонирхохоор өдөрт 2000 машин орж, гарсан бүртгэл  бий. Тэгэхээр аялал жуулчлал хүрээгээ тэлж буй юм. Иргэд түр ч гэсэн ажлын байртай болж өрх гэр бүлийн орлого нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

-Тэгэхээр жилээс жилд нэмэгдэж байгаа жуулчдыг хүлээж авах амралт, сувилал, зочид буудлын хүчин чадал ямар байна вэ?

-Жуулчдыг татдаг гол бүс нутаг нь Хөвсгөл нуур. Хөвсгөл нуурын баруун талыг тойроод жуулчны 60 гаруй бааз бий. Гэхдээ аялал жуулчлалын ганц үзмэр нь Хөвсгөл нуур биш гэж би боддог. Манай аймаг байгалийн өвөрмөц тогтоцтой онгон дагшин газар нутгийн хувьд үзүүлэх харуулах зүйл их. Зургаа дахь хошуу мал цаа буга, бөөгийн ёс заншил гээд гадаад, дотоодын жуулчдын сонирхолыг татах олон зүйл байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын маршрутынхаа хүрээг тэлэх ёстой юм. Ингээд Хөвсгөл аймгийн баруун хойноос зүүн хойд нутаг хүртэл хагас дугуй хэлбэрээр аялал жуулчлалын маршрут гаргасан. Үүнийг бид “Мөнгөн цагираг” гэж нэрлэж буй юм. Аялал жуулчлал татах энэ маршрутаа цаашид хөгжүүлэх бодлого баримталж үйл ажиллагааг явуулж байгаа.

-Сүүлийн жилүүдэд орон даяар жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьж, хөнгөлөлттэй зээл чамгүй олгож байгаа. Танай аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил ямар байна вэ?


-Барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл нэлээд хөгжиж байгаа. Энэ хэрээр ажлын байр бий болж иргэдийн орлого нэмэгдэх болсон.  Цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээгээ тэлэх шаардлага бий. Ялангуяа өрхийн үйлдвэрлэлийн санал санаачилгыг дэмжих нь бидний гол зорилго гэж үздэг. Өөрөөр хэлбэл, би ийм зүйл хийж чадна гэсэн иргэнээ дэмжих нь төрийн оновчтой бодлого болно. Төрөөс зохион байгуулж ажлын байр бий болгож өгсөнөөр ажилгүйдэл буурч үр дүнд хүрэлгүй олон жил өнгөрлөө.
 
-Ажилгүйдэл танай аймгийн хэмжээнд ямар байна. Өрхийн дундаж орлого хэдэн төгрөг байгаа вэ?

-Өрхийн орлого, ажил­гүйд­лийн түвшин улсын дун­даж хэмжээнд байгаа. Түүнээс илүү гарсан эсвэл буурсан үзэгдэл байхгүй.

-Эдийн засгийн байдал нэлээд хүндхэн байна. Энэ онд ямар ямар хөрөнгө оруулалт хийх вэ?

-Энэ он нэлээд онцлогтой. Учир нь, улсын эдийн засгийн байдал хүндхэн байх хандлагатай боллоо. Тэгэхээр бага зардлаар илүү үр дүнд хүрэх ажлууд төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин энэ онд  таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүний гурван тэрбум төгрөгийг 24 суманд хуулийн дагуу хуваарилж өгсөн. Үлдсэн мөнгийг нь дутуу барилга байшин, ашиглалт орж амжаагүйг нь гүйцээхэд зарцуулах юм. Товчхондоо шинээр бага зүйл хийж дутуугаа гүйцээнэ. Ялангуяа төрийн үйлчилгээний сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төвийн дутуу баригдсан барилгаа дуусгана. Засгийн газрын бодлого ч бас ийм байгаа.

-Аймгийн Засаг даргын хувьд ийм л зүйл хийчих юмсан гэсэн ямар ямар санаа байгаа бол. Бодож төлөвлөж буй ажил юу байна вэ?

-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Иргэндээ ээлтэй аймаг” гэсэн уриатай. Төрийн гол чиг үүрэг бол иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ажил хөдөлмөр, бизнес эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх нөхцөл боломжоор хангах явдал байдаг. Иймд  хүндээ чиглэсэн нийгмийн үйлчилгээний ажил түлхүү зохион байгуулна. Аймгийн Засаг даргын зүгээс таван хөтөлбөр санаачилсан. Эхнийх нь энэ оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” гэж зарлалаа. Үүнд 100 сая төгрөг батлуулж авсан.  Энэ хүрээнд залуучуудын боловсрол, бие бялдарын хөгжил, бусад санал санаачлагыг  дэмжих юм. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих учиртай. Иймд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “сум хөгжүүлэх сан”-гийн 1.4 тэрбум орчим төгрөгийг залуусын бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлнэ. Хоёрт нь “Төр ба иргэний хамтын ажиллагаа” гэсэн хөтөлбөр бий. Ингээд зургадугаар сарын сүүлийн 10 хоног, наймдугаар сарын мөн хугацаанд нэг нь 26 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг гарч хөдөө орон нутгийн иргэдэд үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, айлууд олноор зусдаг 42 цэгийг сонгож авсан байгаа. Ингээд 6000 км явж нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, хууль сурталчилах, ард иргэдийн санаа бодлыг сонсоно. Бид том газар нутаг дээрээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж тархай бутархай амьдарч байна. Тэгэхээр  төрийн үйлчилгээг дэргэд нь очиж үзүүлэх нь чухал гэж үзэж байгаа юм. Гуравдахь нь “Аялал жуулчлал ажилтай орлоготой иргэн” гэсэн хөтөлбөр бий. Аялал жуулчлалын бүс нутгаа өргөтгөх тухай ярьсан. Үүгээр түр ажлын байр нэмэгдүүлж өрх гэрийн орлогыг өсгөх юм. Тухайлбал, шадар ван Чингүнжавын Цагаанчулуутын овоо гэж бий. Энэ бол түүх соёлын том байгууламж. Энэ овоог 30 сая төгрөгөөр тохижуулж жуулчдын сонирхох үзмэр болгоно. Мөн олон ястаны урлагийн наадам Бошлай хадны баярыг АНУ-ын Монтанагийн их сургуультай хамтарч зохионо. Энэ нутаг бол байгалийн үзэсгэлэнт газар. Бас Мөнх хааны туурь бий. Үүнийг тохижуулна. Тэмээ, сарлагийн баяр зохион байгуулна. Эдгээрээс гадна уртраг, өргөргийн 50:100 огтлолцол дээр  Хөвсгөлчүүдийн олон ястны онцлогийг харуулсан үзмэртэй болох юм. Дээр нь Даян дээрхийн агуй,  Алунгоо эхийн сургаалийн баяр гэх мэтээр “Мөнгөн цагираг”-ийн маршрутаа өргөтгөнө. Дөрөвт, “Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөр багшийг дэмжинэ. Үүнд хүүхдэд ээлтэй аймаг гэсэн зорилт бий. Өөрөөр хэлбэл, сургууль, дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгох талаар төлөвлөсөн ажил нэлээд бий. Тухайлбал, НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлж бүх сургууль, дотуур байрыг дотроо 00-той болгох юм. Мөн цэвэр усны байгууламж бий болгоно. Тав дахь хөтөлбөр нь Эрүүл мэндийнх. Ялангуяа эх хүүхдийг эрсдэлээс хамгаалах сургалт, сурталчилгаа хийх болсон. Энэ таван хөтөлбөр бага зардлаар илүү үр дүнд хүргэнэ хэмээн бодож байна.

-Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна, Багшлах боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ?


-Өнөөдөр анги танхимын дүүргэлт сатандартаас илүү гарсан. Нэг багшид 18-22 хүүхэд ногдох ёстой. Гэтэл нэг анги дүүргэлт 40-45 хүүхэдтэй байна. Иймд манай аймагт цэцэрлэг, сургууль нэмж барих шаардлага бий. Энэ онд дутуугаа гүйцээж дөрвөн сургууль,  таван цэцэрлэг, хоёр дотуур байр, хоёр соёлын төв ашиглалтад оруулна. Гэвч хэрэгцээ байсан хэвээрээ. Багшлах боловсон хүчний хангамж сайн гэж боддог. Улсын хэмжээнд багш бэлтгэх сургууль хангалттай шүү дээ. Тэгэхээр шинэ сургууль бариад өгсөн тохиолдолд боловсон хүчинд санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь байшин барилга барих нь нэг асуудал. Түүн доторх төрийн сайн үйлчилгээ байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт нэмэгдэж байна гэдэг. Хөвсгөл аймгийн хэмжээнд ямар байна вэ?

-Манай аймагт усны ай сав газрын захиргаа шинээр хэд хэд байгуулагдлаа. Тухайлбал, Эгийн гол, Хөвсгөл нуурын усны ай сав газар, Шишгид голын ай сав газар, Дэлгэр мөрний усны ай сав газрын захиргаатай болсон. Энэ нь төрөөс усны бодлогын талаар дорвитой арга хэмжээ авч буйн нэг илэрхийлэл. Байгалийн цөлжилтийн үзэгдэл манай аймгийг ч бас тойрсонгүй.  Гол горхи ширгэж буй асуудал бий. Хүмүүс дөрвөн улиралтай байна уу, үгүй юу гэж ярьдаг боллоо. Малчид хавараас шууд намар болж байна гэж байгаа. Тэгэхээр үүнд дасан зохицох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Ялангуяа Дархадын хотгор, Шишгид голын ай сав газарт цөлжилт их байна. Үүнийг эрдэмтэн судлаачид, УИХ-ын гишүүд очиж үзсэн.   
 
-Монголбанк, Засгийн газар хамтарч жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Танай аймгийн хувьд орон сууцны төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 1000 айлын орон сууц барихаар тусгасан. Үүнийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэхгүй бол дан ганц төсвийн мөнгөөр хийх боломжгүй юм. Манай аймагт хувийн хэвшлийнхэн 430 айлын орон сууцыг сүүлийн хоёр жилд барьсан. Энэ онд ТОСК-тай гэрээ байгуулж 130 айлын орон сууц Мөрөн суманд барина. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд иргэд идвэхтэй хамрагдаж байгаа. Нийтийн орон сууцнаас гадна амины орон сууц барихаар төлөвлөсөн. Мөрөн суманд 200 айлын газар зохион байгуулж төлөвлөөд байна. Төрийн байгууллага дэд бүтцийг нь хийж өгнө. Хувийн хэвшил орон сууц барих юм. Ирэх намраас эхний ээлжийн амины орон сууцнууд ашиглалтад орох төлөв бий. Сумдаас бас цэвэр бохир ус, халаалтын асуудлаа  шийдсэн амины орон сууц барих, санаачилга гарч эхэлж байгаа. Одоо Арбулаг суманд ийм орон сууц бариад эхэлсэн. Мөн хувийн хэвшлийн зүгээс 24 айлын амины орон сууц найман суманд барих санал гарсан. Үүнийг аймгийн ИТХ, Засаг дарга дэмжээд ажлаа эхлээд байгаа. 

0 Сэтгэгдэл
Boljil bna . Sain bna
Хамгийн их уншсан