УБЕГ-аас цахим үнэмлэх олгож эхэлжээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, хулгайд алдсан сонгуулийн насны 40 мянган хүнд цахим үнэмлэх олгох юм. Цахим үнэмлэхийг УИХ-ын сонгуулиас өмнө буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс урьтаж олгож дуусах ёстой.
Өнөөдрийн байдлаар хэдэн хүнд олгосныг тус газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Нямцэцэгээс тодруулахад ”Нарийн тоо гаргах боломжгүй. Яагаад гэвэл, олон нутагт хүртэл өгч эхэлсэн” хэмээв. Ямартай ч, УБЕГ-аас зургадугаар сарын 10 гэхэд цахим үнэмлэхийг хэвлэж дуусган, 25-ны өдөр гэхэд иргэдэд олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Харин зургадугаар сараас хойш иргэний үнэмлэхээ алдсан хүмүүсийн хувьд цагаан хуудас олгох лавлагаа нь энэ сарын 1-нээс зогссон. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар албаныхан ярьж байна.