Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хүндэт зочид, төлөөлгөчид өө,
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эдийн засгийн өсөлтийн өгөөж ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрх зүйн олон улсын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .
Өнгөрсөн оны 4 дүгээр сард “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулган төрийн их ордонд чуулж, хууль ёс, шударга ёсны төлөөх олон түмний дуу хоолой, индэр нь болж байсныг та бүхэн санаж байгаа гэдэгт итгэж байна. Уг чуулган нь хүний эрх, бизнес, хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийн баталгаа болох учиртай Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд их эрч хүч, олон шинэ санаа бодол хайрласан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн шинэтгэлийн багц 6 хуулийг УИХ хэдхэн хоногийн өмнө баталсан нь Монгол Улсад ардчилал, хуульд захирагдах ёс, шударга ёс тогтоох хүчин чармайлтыг баталгаажуулсан түүхэн шийдвэр болсон гэдэгт итгэж байна. Эдгээр хуулийг чамбай хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийн чадамж, олон улсын нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө эрс нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ танхимд дээрх хуулийн төслийг боловсруулах нөр их хичээнгүй ажилд гар бие оролцсон, дэмжсэн олон хүмүүс байгаа учраас та бүхэнд, та нараар уламжлан нийт хамтран ажилласан хүмүүст, УИХ-ын гишүүдэд гүнээ мэхийн ёсолж, талархсанаа илэрхийлье.
Тэгвэл өнөөдрийн энэхүү Эрх зүйн олон улсын чуулган бол олны дунд Шударга ёсны чуулган хэмээн хэлэгдэж хэвшсэн өнгөрсөн оны чуулганы агуулгын үргэлжлэл гэж хэлэх бүрэн үндэстэй болно.
Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжих сайхан боломжийн өмнө зогсч байна. Эрсдэл ч бас байгааг бид мэдэж байгаа. Эдийн засгийн хөгжил, эрх зүйн орчин хоёр хоорондоо нягт хамааралтай, шүтэлцээтэй гэдгийг олон орны туршлага, судалгаа ч харуулсан. Нэгэнт бид хуулийг алагчлалгүй, чанд хэрэгжүүлэх баталгаа болох шүүхээ шинэтгэж байгаа бол бас бизнес, эдийн засгийн харилцааг зохицуулдаг эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгож, төгөлдөржүүлэх нь дараагийн хойшлуулшгүй зорилт, бас сорилт гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Өрсөлдөх чадварын судалгааны төвийн тайланд Өрсөлдөх чадварын 10 алтан дүрмийн Нэгдүгээрх нь хуульд захирагдах \Rule of Law\ хэмээн томьёолжээ. Бид өнгөрсөн 20 жилд эдийн засаг, улс төрийн шинэтгэлийг тайван замаар амжилттай хийсэн лугаа ирэх 20 жилд эдийн засгийн хөгжлийн гайхамшгийг чухамхүү бизнес, эдийн засгийн хөгжлийг тэтгэхэд чиглэсэн эрх зүйн таатай, тогтвортой орчин буюу хуультай, хууль нь зөрчигдвөл зөрчигдсөн эрхийг хамгаалдаг, гаргасан шийдвэр нь ягштал биелдэг шүүхтэй болох учиртай.
Товчдоо, өнөөдөр болон маргааш үргэлжлэх хоёр өдрийн хуралдаан Монгол хэмээх энэ айлын эдийн засгийн өсөлтийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ойрын болон алс хэтдээ эрх зүйн ямар бодлого баримтлах, юуг хийх, юуг эс хийх талаар эрэгцүүлж, харьцуулж, олон талаас, олон өнцөгөөс ухаан бодлоо уралдуулах боломж олгоно гэдэгт итгэж байна. Манай улсын болон гадаадын орнуудын хуулиудыг харьцуулж ярих боломж олгохыг хичээж хуралдааны оролцогчид болон панелистуудыг сонгосон. Үүнд УИХ, Засгийн газрын гишүүд, үндсэн хуулийн цэц, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага зэрэг төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага болон хуулийн пүүс, иргэний нийгмийн төлөөлөл, судлаач, экспэртүүдийг хамт байлцуулахаар зохион байгуулсан.
Чуулганы эхэнд Монголын эрх зүйн шинэтгэлийн 20 жилийн тойм мэдээлэл хийх бөгөөд энэ нь гадаадын зочид төлөөлөгчид болон манай залуу үеийнхэнд танин мэдэхүйн болон бидний туулсан замналыг ойлгоход, бас цаашид юу хийхийг төлөвлөхөд тус дөхөмтэй гэж үзсэн болно. Түүний дараагаас эхлэн худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалт, хуульч, шүүгчдийн маргаан шийдвэрлэх чадамж, хөрөнгө оруулалтын нөхцлийн лавлагаа буюу Due Diligence, төр хувийн хэвшлийн түншлэл, газрын тос байгалийн хийн салбарын зохицуулалт, өрсөлдөөн, арбитраар маргаан шийдвэрлүүлэх, оюуны өмч, компанийн санхүүжилт босгох болон хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, Азийн орнуудад бизнес эрхлэхэд юу хийх, юуг эс хийх зэрэг олон сонирхолтой сэдвээр 9 хуралдаан, 2 дугуй ширээний ярилцлага, 3 уулзалт-семинар болно. Чуулганы үр дүнд бодлогын шинжтэй санал, зөвлөмж боловсруулж гаргахаар төлөвлөсөн болно.
Энэхүү, Их Тэнгэрийн чуулга уулзалтанд төрийн түшээд, Монголын болон гадаадын зартай, нэртэй хуульчид, бизнесийн төлөөлөл, судлаачид, багш нарын гээд 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү эрх зүйн олон улсын чуулганыг дэлхийн 40-өөд оронд үйл ажиллагаа явуулдаг Хоган Ловеллс олон улсын хуулийн пүүс хамтран зохион байгуулж, Монголын Банкуудын Холбоо дэмжигч байгууллагаар оролцож байгааг мэдээлэхэд баяртай байна. Чуулганы мэдээллийн түншээр Файнаншл Таймс болон Блумберг ТВ оролцож байгааг хэлэхэд таатай байна.
Монгол Улс бол сүүдрээ нуудаггүй ардчилсан, эрх зүйт төртэй улс гэдгээрээ бахархдаг. Монголыг маань мэддэг, сонирхдог гадаадынхан ч олширч, бидний найз нөхдийн хүрээ тэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Бидэнд бусдад заах хичээл байхгүй. Гэхдээ бусадтай хуваалцах туршлага, алдаа, оноо олон бий”.
Манай өнөөдрийн чуулганыг алс холоос зорьж ирсэн хүндэт төлөөлөгчид бол уулын нарлаг Киргизстаны төлөөлөгчид болно. Та нарыг Монголд тавтай морил, бас олон найз нөхөдтэй болохын ерөөл дэвшүүлье. Өнгөрсөн жилийн шударга ёсны чуулганд Киргизстаны Парламентийн дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид бас оролцож байсан болно.
Бас Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил Гамбургт зочлох үеэр Монголын талаар сонсч мэдээд өөрийн хүсэлтээр өнөөдрийн чуулганд Германы хуульчдын төлөөлөл хүрэлцэн ирснийг дуулгахад баяртай байна.