Монголчууд үйл бүтээж байгаа хүний хажуугаар өнгөрөхдөө “үйл нь бүтэг” хэмээн ерөөдөг. Гэвч өнөөдөр Монгол Улсад “үйл нь бүтэг” хэмээн ерөөчихөөр төрийн байгууллага алга. Тэр дундаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог онцолж болно. Байгуулагдаад багагүй хугацааг үдэж буй эл хороо нэг үеэ бодвол хөлөө олсон. Зорилгоо тодорхойлж, ажилдаа ханцуй шамлан ороод Монголд бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхлүүлнэ гэж байсан нь саяхан. Гэвч өнөөг хүртэл эл байгууллагын ид шид гарсангүй. Угтаа эдийн засгийн өсөлт өндөр байгаа энэ үед уул уурхайн салбараас орж ирэх орлогыг тэргүүлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээнд зарцуулах хэрэгтэй хэмээн 2012-2016 оны нийгэм, эдийн засгийг тэргүүлэх чиглэлдээ тус хорооныхон дурдсан байдаг. Гэвч урд хөрш рүү түүхийгээр нь бүтээгдэхүүнээ гаргаж буй энэ үед Оюу толгой, Таван толгойн орд газрыг түшиглэн байгуулах Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор цаасан дээр л байсаар...
Хэрвээ энэ үйлдвэр байгуулагдвал дотооддоо нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын эрэлт хэрэгцээг хангах, экспортлох, ДНБ-ий хэмжээг өсгөнө хэмээн ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун хэлж байсан удаатай. Эхний ээлжийн зураглалаар эл цогцолбор нь хар металлург, кокс хими, газрын тос боловсруулах, барилгын материал, нүүрсний химийн гээд зургаан үйлдвэртэй байх бөгөөд 10 гаруй мянган хүн ажлын байраар хангагдана гэж буй. Учир нь, цогцолборыг дагалдан нисэх онгоцны буудал, терминал зэрэг дэд бүтцийн олон барилга, байгууламж, дагалдах жижиг дунд, хөнгөн үйлдвэр байгуулагдаж, орчин үеийн үйлдвэрлэлийн хот үүснэ хэмээн хэтийн төлөвлөгөөнд тусгасан.
Түүгээр ч барахгүй эдийн засаг болон дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамгаалагдан, хараат байдлаас гарч, үндэсний эрх ашиг хангагдана гэсэн. Гэвч өнөөдөр дөнгөж л эл үйлдвэрийн мастер төлөвлөгөө дуусч, дараагийн шатны ажилдаа орох гэж байгаа гэнэ. Энэ талаар тус хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар “Томоохон цогцолбор байгуулахад цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. За үйлдвэр байгуулъя гээд маргааш нь барьдаггүй биз дээ. Зураг төсөл, ТЭЗҮ, хөрөнгө оруулагч болно, нөхцөлөө тохирно гээд хийх ажил их. Харин ч хурдан явж байгаа. Одоо Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөө яригдаж байна. Цогц байдлаар баривал эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой байх вэ, ажиллуулах нь зөв үү гээд судалгааны ажил хийгдэж байна гэсэн үг” хэмээв.
Хэдэн тэрбумын мөнгө дуудах эл үйлдвэрийн зураг төсөл, хөрөнгө оруулалтыг нь ярьж буй болохоор нүд ирмэхийн зуур байгуулчихна ч гэж юу байх вэ. Гэвч биднийг нэг төсөл ярьж байх зуур манай урд хөрш хоёр, гурван төслийнхөө ТЭЗҮ гаргаад, бүр байгуулаад эхэлж байх жишээтэй. Тухайлбал, бидний нүдэн дээр босч буй тус улсын худалдааны боомтуудыг дурдаж болно. Магадгүй, төр хамгийн муу менежер гэдэг нь ч энэ байх. Тэр дундаа Монголынх. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ урьдчилсан тооцоогоор 5,400.0 сая ам.доллар гэдэг. Тиймээс ч энэ их мөнгийг гадаад, дотоодын зах зээлээс олох учраас цаг хугацаа их зарцуулна хэмээн ярьсаар өнөөг хүргэсэн. Уг нь, ЗТБХБЯ-ны урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар 2010-2021 онд ДНБ-ий өсөлт 45 хувь буюу 41,000.0 сая ам.долларт хүрч, шууд ажлын байр 76 мянга, шууд бус ажлын байр 152 мянгад хүрнэ гэж буй. Ажилгүйдэл гаарч буй өнөө үед зураг төслөө гарган нэг алхам ч гэсэн хурдаа нэмбэл олон зүйлд өөрчлөлт гармаар юм шиг.
Ядаж л манай улсын экспортын бүтээгдэхүүний нэр төрөл үйлдвэрлэл нэмэгдэнэ.
Бусад аж үйлдвэрлэлийн паркийг судлаад үзэхэд эдгээр үйлдвэрийг барихад 10 жил шаарддаг гэдэг. Харин манайх цаасан дээр буулгаж ярьсаар хоёр жилийг ардаа үдэж буй.
Өнөөдөр эл салбар манай улсын экспортын 87.7 хувийг эзэлдэг гэдэг. Тэр дундаа түүхий нүүрсний экспорт…. Тухайлбал, 2010 оны арваннэгдүгээр сарын байдлаар 22.4 сая тонн нүүрс олборлож, 14 саяыг нь экспортолсон.
Харин өнгөрсөн оны мөн үед 27.7 сая тонн олборлосон. Энэ нь, 1.95 тэрбум ам.долларын үнэ бүхий 18 сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Энэ талаар “Соаl Моngolia” чуулга уулзалтын үеэр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Д.Энхбаатар “Нүүрс яах аргагүй, Монголын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч. Одоо бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр зам, усан хангамж, цахилгаан станц зэрэг дэд бүтэц, гүн боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал. Мөн уул уурхайн ханган нийлүүлэлтийн бизнесийг монголчууд өөрсдөө хийх ёстой. Тэгэхгүй болохоор их хэмжээний валют гадагшаа урсч байна. Үүнд л төр засаг анхаарч бодлого шийдвэрээ зөв тодорхойлж, гаргах шаардлага тулгарч байна даа” хэмээсэн билээ.
Тэгэхээр бидний хоёр жил гаруй ярьж, цаасан дээр л мөнхрөөд буй “Сайншанд” цогцолбор босвол энэ бүх асуудалд цэг тавих юм. Гэвч юунаас болоод яагаад удаж буй нь тодорхойгүй эл төслийг учир мэдэх зарим хүн дотоодын томоохон хөрөнгө оруулагч гэж байхгүйгээс гадаадаас хайж байгаа гэв. Ямар ч гэсэн тэднийг гарцаа хайж байх зуур хэдэн тэрбумаар яригдах нүүрс түүхийгээрээ урд хөршийг зорьсоор… Уг нь, урд хөршид “бэлэглэсэн” эл мөнгөө хөрөнгө оруулалт дутаж буй бусад салбартаа шингээсэн бол олон хүн ажлын байртай, сайн сайхан амьдрах байсан биз ээ.