Өнөөдөр манайд баялгийн талаар өрөөсгөл ойлголт хэдийнэ бий болжээ. Газрын хэвлий дэх ашигт малтмал бол байгалийн баялаг түүнийг ашиглаж хөгжинө гэж л ярихаас бусад баялагийнхаа талаар огт ярих хэрэггүй мэтээр ташаа ойлгож иржээ. Хэт нэг талыг барьсан ийм ойлголт мэдээж хэзээ ч сайн зүйл авчрахгүй. Эхнээсээ байгаль орчин бохирдох, химийн бодисоор хордох, усгүй болох, цөлжилт үүсэх гэх мэтээр сөрөг үр дүн буюу үнэн төрхөө харуулж эхлээд байна. Тиймдээ ч хууль эрх зүйн зохицуулалт нь сайн биш учир хувьцаагаар далимдуулж Монголын баялаг гадны мэдэлд очиж байгаа нь нууц биш. Байгалийн баялгийг ашигт малтмалаас гадна хөрс түүн дотор байгаа бичил биетэн дээр нь ургаж байгаа ургамал болон амьтан хэмээн ангилдаг гэдэг юм билээ. Бүр тодруулаад хэлэх юм бол бичил биетэн, ургамал, амьтныг биологийн олон янзын конвенцын хэллэгээр бол генетик нөөц хэмээн нэрлээд байгаа юм. Тэгэхээр өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа Тиранозаурус Батаар бол 75 сая жилийн өмнө амьдарч байсан амьтан буюу генетик нөөц болж таарч байгаа биз. Түүгээр ч барахгүй бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс, үхрийн мах, айраг тараг цөм генетик нөөц болох юм.
Генетик нөөц нь хүний амьдралд асар их хэрэглэгддэг бас санаанд оромгүй ашиг өгдөг зүйл. Ганцхан жишээ татъя л даа. Монголчууд хуйцаа идэх дуртай. Хуйцаанд дайлуу хэмээх амтлагч ордог. Энэ дайлуунаас гарган авсан химийн нэгдлийг хувирган тамифлю гэдэг эмийг гарган авсан. Тамифлю нь шувууны томуу өвчний үед хэрэглэдэг бөгөөд жилийн борлуулалт нь хэдэн тэрбум ам.доллар байдаг тухай эрдэмтэд ярьдаг. Кэри Тенкатегийн бичсэнээр 1999 онд нэг кг алт 10 мянган доллар байсан бол хүний өсөлтийн нэг килограмм гормон 20 сая доллар байжээ. Манай улс жилийн хэдэн арван тэрбум долларын борлуулалт хийх боломжтой молекулын худалдааг хөхиүлэн дэмжих бус харин ч гадаад оронд Тиранозаурус Батаараа алддаг шиг асар их хэмжээний генетик нөөцийг улсын хилээр давуулдаг гэдгийг шулуухан хэлчихье. Магадгүй та үүнийг сонсоод итгэхгүй байж болох ч магадлах тун амархан. Та шууд яваад л Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн гүний газраас очоод асуучихад болно. Тэнд Монгол Улсын хилээр албан ёсоор гарч байгаа ургамал, амьтан, бичил биетнийг хэн хаашаа гаргасан нь цагаан дээр хараар тэмдэглээстэй байгаа. Энэ бол зөвхөн нүдэнд ил байгаа нь юм шүү дээ. Ер нь, манай улсаас жилдээ 40-50 удаагийн үйлдлээр янз бүрийн генетик нөөц манай улсын хилийг даваад алга болдог нь нууц биш болчихоод байна. Өнөөдөр бид генетикийн тухай хуулиа баталчихаад цээж дүүрэн амьсгалаад түүгээрээ мөнгө олбол өнөөдрийн яриад байгаа Оюу толгой, Таван толгой юу юм бэ юу ч биш шүү дээ. Хангалттай мөнгө босгох боломж ердөө бидний гарт байгаа биз.
БАЯЛГИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ЛИЦЕНЗТЭЙ БОЛЪЁ
Дээр өгүүлсэнчлэн Тиранозаурус Батаар Монгол Улсаас гаралтай юм бол түүнийг баталгаажуулах ёстой. Баталгаажуулалт гэдэг бол улс орны эдийн засгийн өсөн дэвжихийн эхлэл болдог. Хоёр жилийн өмнө шиг санаж байна, Эрнандо дэ Сото хэмээх эдийн засагчийн манай улсад өгсөн зөвлөгөө байдаг. Энэ бол аливаа баялгийг баталгаажуулсан гэрчилгээ, лиценз олгосон тохиолдолд түүний эдийн засгийн үнэлэмж нэмэгддэг гэж. Эрнандо дэ Сото яг л Тиранозаурус Батаарт Монгол Улс гэрчилгээ, лиценз олговол түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өмчлөгч, эзэмшигчийн эрхийг тодорхой болгоноо монголчуудаа гэж хэлээд буцсан мэт дүр зураг өөрийн эрхгүй сэтгэлд буух юм. Харамсалтай нь тэгсэнгүй. Тиранозаурус Батаарт гэрчилгээ, лизенз олгосон бол Монголын банкуудаас зээл авч болно.
Гэвч манай улсад нөгөө л хууль эрх зүйн орчин бүрдээгүй болохоор өнөөдөр энэ бол та бидний өмнө хаалттай, боломжгүй зүйл болж таараад байна. Тиранозаурус Батаарт гэрчилгээ, лиценз олгох нь уул уурхайн хайгуулын Х болон ашиглалтын А лиценз олгодогтой яг адилхан хэмээн эрдэмтэд хэлж байна. Үнэхээр ч тийм юм. Генетик нөөц дээр суурилж биотехнологи хөгждөг. Тэгэхээр биотехнологийн бизнесийн бүтэц нь уул уурхайн бизнестэй туйлын төстэй байдаг. Манай уул уурхайнхан үүнийг маш сайн ойлгодог. Гэвч тэд хангалттай мөнгө хийж байгаа учраас биотехнологийн бизнест хөл тавьдаггүй гэдэг. Нөгөө талаар ашигт малтмалын лизенз барьцаалж бид банкнаас зээл авч болно. Гэтэл Тиранозаурус Батаарын хувьд бол боломжгүй. Тэгээд ч Тиранозаурус Батаарыг хэн эзэмших ёстой нь тодорхойгүй байна. Хэрвээ манайх гэдгээ баталчихвал Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дүгээр заалтад заасанчлан Монгол Улс өмчлөгч нь болж таарна.
Түүнчлэн Биологийн олон янзын конвенцын 15.1 дүгээр заалт болон Нагоя протоколд энэ тухай тодорхой заасан байгаа. Үүнийг өгүүлэхийн учир нь манай улс Нагоя протоколд 2012 оны хоёрдугаар сард нэгдэхээр гарын үсэг зурсан. Хамгийн харамсалтай н,ь УИХ-аараа энэ тухай хуулийг л батлаагүй тууж яваа болохоос биш. Хэзээ соёрхон батлахыг таашгүй юм даа. Энэ мэтээр дэлхий дахинд хууль бусаар үнэт зүйл, генетикийн нөөцөө алдаж нэрээ шаварт унагаж байхаар уг нь хуулиа баталчихаад цээж дүүрэн сэтгэл хангалуун уртаас урт амьсгаа авч хэний ч өмнө толгой дээгүүр алхана гэдэг монгол хүн бүрийн хүсэл биш гэж үү. Гэтэл өнөөдөр өөрийнх нь түүхийн үнэт олдвор буюу генетикийн нөөцийг хэдийнэ хулгайгаар хилийн дээс давуулж хэн нэгэн харийн нөхрийн үнэт эд өлгийн зүйл болчихоод байхад хэзээ хойно нь мэдэж шүүх цагдаадаа тулах байсан гэж үү. Энэ мэтээр олон асуулт шил шилээ даран гарч ирсээр байх болно. Цаашид ч гарах л болно. Тийм болохоор хууль эрхзүйн орчноо бүрдүүлж өгчихөөд дараа нь хэн нэгэнд хариуцлага тооцох тухай нь ярих нь зөв болов уу гэж санах. Дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа Тиранозаурус Батаарын асуудал сонгуулийн тоосонд дарагдаад харийн хүний идэш болох вий гэж санаа зовох монгол хүн, монгол эрдэмтэн олон байгаа гэдгийг эрх баригчид та бүхэнд сануулахад илүүдэхгүй биз ээ.