Биендээ бяртай хүн байхад үгэндээ бяртай хүн бас байна. Ингэж зохиолч Б.Догмид (төрийн шагналт) хэлдэг юм байна. Би өөрийгөө том зохиолч болно гэж амьдралынхаа VI,VII таван жилийн төлөвлөгөөнд тусгачихсан 1982 он дөнгөж гарч байсныг хэлэх үү, урнаар зохиохын бяр амтагдаад явчихлаа. Бөхчүүдийн зарим нь хоёр шуундаа бяртай байхад гол ясандаа тамиртай хүн бий. Бас мэхэндээ бяртай бөх ч байдаг. Тэгвэл миний бяр үгэндээ, тэр тусмаа толгой холбон шүлэглэхэд биш хошин шогтоо байх шиг санагдан, аа хөдөлж байна. Нэгэнт уран бүтээлч болохоор сэтгэл шулуудсан надад Нацагдоржийн нэрэмжит монголын утга зохиолын дээд шагнал тун ч ойрхон харагдаад болдоггүй ээ...
Би зохиолч болохоор ийнхүү зориглон хөдөлсөн тухайн цаг үе буюу 1980-аад онд Монголын шог хошин зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд Ц.Доржготов, Шаг.Цэнд-Аюуш, Ж.Барамсай нар, мориор жишвэл энэ цагийн хурдан ажнай Эрдэнэчулууны шарга азарга шиг тасарчихсан байж. Түүнийг нь мэдэхгүй, дээр нь мэдрэхгүй, тэдэнтэй хошин шог өгүүллэгээрээ уралдаад тоосонд нь мөн ч их булуулсан даа. Чин үнэнийг хэлэхэд, тоосонд нь булуулаагүй юм байна, тэдний босгосон тоос аль хэдийн дарагдсаны хойхно зайд бөгийтөл цогиулж явсан хэрэг.
Олон жил уралдсан хурдны морь уяж сойхоо больчихсон хойно ч, наадам болохоор шузган дээр ирчихсэн зогсоод байдаг шиг, би хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн шог зохиолчийн хэмжээнд хүрээгүй ч Инээдмийн баяр болоход сэтгэл хөдөлж байна. Социализмын үед бичсэн хошин шогоосоо сонин хэвлэлд гаргаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа хүмүүст уншуулах хорхой хөдлөөд болдоггүй. Өгүүллэгүүдээсээ алийг нь нийтэлбэл одоогийн уншигчид хүлээж авах бол гэдэг баримжаа авахаар шинэ цагийн дүү нартаа хандлаа. Эхлээд, төрийн шагналт Ц.Доржготов гуайн зохиолыг элэглэж бичсэн “Аттестатчилал” гэдэг хошин өгүүллэгээ тэдэнд уншиж өглөө. Миний энэ өгүүллэгт ажилд орох гэсэн залуу ярилцлаганд орж, одоогийнхоор бол төрийн албаны шалгалт өгч байгаа тухай гардаг юм. Хэсгээс нь сонирхуулбал,
-Сүхбаатарын хөшөөн дээрх “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг хэн хэлсэн бэ?
-Сүхбаатар гуай хэлсэн.
-Зөв байна. Машины поршинг хэн зохион бүтээсэн бэ?
-Поршин гуай зохиосон.
-Зөв хариуллаа. Эмнэлэгийнхэн оношилгоонд хэрэглэж байгаа рентген туяаг хэн нээсэн бэ?
-Рентген гуай нээсэн.
-Зөв байна. Дөрвөд хүн төрийн тулгуур дөрвөн шийр малын тулгуур гэж хэн хэлсэн бэ?
-Дөрвөд гуай хэлсэн.
-Хариулт буруу байна, тийм нэртэй хүн байхгүй. Өөр хувилбар байна уу?
-Аа,тийм. Дарга гуай хэлсэн.
-Зөв хариуллаа. Халх даяар дуурсах гэсэн чимэг бүхий аварга цолтой бөхийн нэр?
-Халх гуай.
-Хариулт буруу байна, тийм нэртэй аварга байтугай, улсын цолтой бөх ч байхгүй. Өөр хувилбар байна уу?
-Аа,тийм. Ихмонгол гуай.
-Зөв байна. Октябрийн раойны Машин механизмын баазын диспетчерийн нэр?
-Мэлсчой гуай.
-Зөв хариуллаа. Тэр хүнийхээ товчилсон нэрийг задална уу?
-Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан.
-Зөв байна...гэх мэтээр цааш үргэлжилдэг юм.
Гэтэл миний өгүүллэгийг сонссон хуурай дүү нар маань,
-Аттестатчил гэж, бодвол орос үг байх. Бид чинь англиар л сайн болохоос оросоор нэг үг мэдэхгүй. Өгүүллэгийн утгыг байтугай нэрийг нь ч ойлгохгүй байна, уучлаарай. Харин Поршин гуай гэж хэн бэ? гэж асууж байна. Би,
-Хорьдугаар зууны автомашины нэрт зохион бүтээгч Фердинанд ПОРШЕ. 1931 онд 55-тайдаа автомашины үйлдвэрээ байгуулсан гэдэг юм. 1951 онд Штутгартад нас барсан хүн гэж хариултал бүгд дуу алдан “Өө, одоо саналаа. Германы Порше гэж машин байдаг юм” гэснээ,
-Рентген гуай гэж хэн бэ? гэж байна.
-Вилгельм РЕНТГЕН бол 1845-аас 1923 онд амьдарч байсан Германы физикч. 1901 онд Нобелийн анхны шагнал хүртсэн эрдэмтэн хүн дээ.
-Тэгвэл Дарга гуай, Ихмонгол гуай гэж юун хүмүүс вэ?
-Дарга гуай гэдэг нь Бал дарга. Ихмонгол гуай гэдэг нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, 1911 оны даншгийн наадамд түрүүлж аварга болсон Ихмонгол хэмээх алдарт бөх Шаравжамц гэж хариуллаа.
Тэд над руу мэхийн толгой дохиж, миний мэдэхээс байлдааны том оврын зэвсэг “танк” гэдэг үг орсон өгүүлбэрийг давтан хэлснээ “Октябрийн раойны Машин механизмын баазын диспетчер“ ч ёстой манайхны хэн нь ч ойлгохгүй орос өгүүлбэр байна даа. Та монгол болгоод өгөх үү гэж байна.
Уул нь монголоор бичсэн монгол өгүүлбэр л дээ. Улаанбаатар хотод ийм нэртэй дүүрэг, ийм нэртэй байгууллага, ийм нэртэй ажлын байр байсан юм. Гэхдээ яая гэхэв, залуус ойлгохгүй хойно. Ойлгомжтой хувилбарт шилжүүлбэл дээрх өгүүлбэр нь “Аравдугаар сарын хувьсгал дүүргийн Дугуйт болоод гинжит тэрэгний цуглуулгын газрын ерөнхий зохицуулагч” гэж бууж байгаа юм. Дашрамд хэлэхэд, тэртээ 1980-аад онд хэн нэгэн нь “Ийгл телевизийн ток шоунаас таксидаад Намянжу рестораны бармэнтай баардлаа” хэмээн надад яривал би ч бас ойлгохгүй хэцүүдэх нь мэдээж.
Хуурай дүү нар маань, таны өгүүллэгүүдээс хүмүүс уншаад мушийдаггүй юм гэхэд ядахдаа одоогийн залууст ойлгогдох нь “Хэрэлдэх газар” чинь байна. Үүнийгээ нийтлүүл гэж зөвлөсөн юм. Ингээд танд уншуулахаар энэхүү өгүүллэгээ толилууллаа.
(хошин өгүүллэг)
Эхнэр бид хоёр ааш зан, араншингаараа бие биенээ өвчиж дуурайсан нэг эсийн ихрүүд шиг адилхан заяаны хос юм. Ээмэг юбка зэргээр ялгагдахаас биш, дотоод сэтгэхүйгээрээ нэг л хүн гэж мэд. Хоёулаа хөөрхөн барилдчихна. Эхнэp эмэгтэй самбочдын, би өөрөө жүдогийн секцэд бүртгэлтэй. За даа, уувал уучихна, инээвэл зэрэг инээчихнэ. Хөрш айлынхаа авгайг муулъя гэхнээ бие биенээ өгдөөгөөд чихийг нь хангинуулчихдаг хоёр. Нэг зүйлийг үзэн ядаж, нэг юманд адилхан шохоорхож, хүсэл тэмүүлэл, үзэл бодлын үзүүр нэгэн газар нийлж байдагт манай гэр бүлийн аз жаргал оршдог юм. Бид маргаан хэрүүлгүй зэрэг инээчихээд, зэрэгцэж уйлчихаад cууж байдаг уу гэвэл тийм биш ээ. Зөрөх үе байна, Жишээлэхэд, авгай төрсөн дүүдээ жийнс авч өмсгөх, миний дүүд болохоор «хол хэвтнээ» гасэн бодолтой байхад, би төрсөн дүүдээ жийнс авч өгөх харин авгайнхаа дүүд бол «гонж доо» гэсзн сэтгэлтэй явах хүн. Хоёуланд минь дүүгээ, гэхдээ төрснөө гэсэн адилхан бодол байгаа биз!
Зөрөх үе зөндөөн. Энэ үед зэрэг уурладгийн гай гарч ирнэ. Миний уур бензинд гал хүргэсэн мэт дүрэлзэх тэр агшинд эхнэрийн уур спиртэнд чүдэнз зураад тавьчихсан мэт бадардаг юм. Ингээд хөөрхий хэрэлдэж гарнa. Хэрэлдэхдээ адилхан аашлахыг яана гээч. Уурандаа багтарсан миний бие хэдэн номоо тэжээвэр ямаа шиг тасдаж, урж байхад эхнэр тэнд аяга таваг дээрээ янгир шиг тоглож, яйчиж байсан удаа бий. Нэгэн удаа дэлбэрсэн уурандаа болж би аяганыхаа ширээг сүхээр балбаж эхэлтэл, нөгөө талаас нь эхнэр цайныхаа алхаар нүдэж суусан юм. Уурын мунхгаар өстөн болсон бид дотоод сэтгэлдээ хөтлөгдөн найзан дундаа ширээгээ хамжин звдэж байгаагаа мэдээд өөрийн эрхгүй инээд алдацгаан тайвширч байж билээ. Нэг нь уурлаж байхад нөгөө нь хүлээцтэйхэн байж тайтгаруулдаггүй зэрэг оволздогийн учир ижил араншинд буйг та гадарлаж байгаа буйзаа. Манайх хүүтэй, охинтой өнөр айл боллоо. Дүрэлзсэн уурын гайгаар хэрэлдээд байвал хүүхдүүд маань буруу хүмүүжилтэй, хэрүүлч болох шинжтэй. Тэгээд зогсохгүй ирээдүйд энэ сайхан нийгэмд хүүхдүүдийн тоогоор хэрүүлч гэр бүл бий болно. Тэдний хүүхдүүд мөн буруу хүмүүжилтэй, хэрүүлч болцгооно. Бид хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхээ больж, зочдыхоо өрөөнд хэрэлддэг боллоо. Хүүхэд олширч эхнэр алдарт эхийн хоёрдугаар одон авлаа. Гал тогооныхоо өрөөнд хэрэлддэг боллоо. Дараа нь алдарт эхийн нэгдүгээрийг авахад нь угаалгынхаа өрөөг хэрэлдэх газар болголоо. Алаг үрс минь угаалгын өрөө рүү уралдах аав ээжийгээ хараад гайхаж хоцордогсон. Нэг мэдэхнээ хүүхдүүдийн түрүүч нь юмны учрыг ухаарах болжзэ. Уураа барьж чаддаггүй юм гэхэд хүүхдүүдээ гэх сэтгэлээр дэргэд нь хэрэлдэхгүй байх тэвчээр бид хоёрт бий. Хэрэлдэх газраа хотын дүүргийн гадаа сонгож авлаа. Автобусаар хотын зах руу гарч хээр хэрэлддэг болсон хэрэг.
...Автобусанд зайгүй, авгайдаа суудал олж суулгалаа. Амьдрал, үр хүүхэд, сайн сайхныг ам булаалдан ярилцаж онц шалгагдсан арван жилийн сурагчид шиг баяр хөөртэй буцаж явна. Бид хэрэлдсэн үү? Үгүй. Хэрэлдэхээр гарсан нь үнэн. Харин хэрэлдээгүй. Ууранд минь цаг хугацааны хэмжүүр байна. Хотын дүүргээс гарч амжаагүй явахад бидний уур автобусан дотор гарчихаад буцаж явна. Уурлах цаг хугацаа нь багасч уур амархан гарчихдагт биш, төрөлх хот минь өргөжин тэлээд, хотын зах холдсонд гол учир нь байна.
Тэгвэл таксигаар ухасхийвал уураа гарахаас өмнө хотын дүүргээс гарч, бид хэрэлдээд байж болох биш үү. Аан?! Төрөлх хот мннь цэцэглэн хөгжиж таксидаад ч уypaa гарахаас өмнө хотынхоо захад хүрч чадахгүй бол яах вэ? Нисдэг тэрэг, онгоц хөлөглөх хэрэг үү? Онгоцоор нисээд ч хэрэлдэж амжихгүй болох тэр үед бол яах вэ?!