Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жаахан дэмжээд өг. Бид дэлхийн зах зээлд гарна

Арьс ширний үйлдвэрүүд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болчихоод байгаа гэнэ. Хоцрогдсон технологи хэрэглэж орчин тойрон цаашлаад Туул голыг бохирдуулдагчийг хотоос гаргах хэрэгтэй гэх үгсээр гоочилж буйгаас арьс ширний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрчээ.
Дээр нь, ядаж байхад яр гэгчээр түүхий эд  ч орж ирэхээ байсан гэнэ. Тиймээс ХХААХҮЯ энэ асуудалд анхаарлаа хандуулж  “ Арьс шир боловсруулах шатанд тулгамдаж буй асуудал” зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Одоогоор  арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ хагас боловсруулж Хятадын зах зээл рүү нийлүүлж байгаа. Харин манай үндэсний үйлдвэрлэгчид эсрэгээрээ түүхий эдээ гадаадаас худалдан авдаг гаж үзэгдэл тогтоод буй. Иймд дэлхийн стандартад нийцсэн арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар саад бэрхшээл байгаа талаар зөвлөлдсөн юм. Энэ үеэр малчин, тариаланчин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг хэрнээ арьс ширний үйлдвэрүүдэд төрөөс ямар нэгэн дэмжлэг алга хэмээн тэд гомдоллож байлаа. Харин ХХААХҮЯ-ныхан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна ч шүүмжлэв.
1990-ээд оны  үед манай улс жилдээ 10-15 сая арьс шир боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлж байсан туршлага бидэнд бий. Томоохон үйлдвэрүүд нь ч өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй.  Гэтэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүйгээр барахгүй арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийнхээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Яамныхны судалгаагаар өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд нь өнөөгийн байдлаар хүчин чадлынхаа дөнгөж 10 гаруй хувийг ашиглаж байгаа аж. Тухайлбал, Булгарын үйлдвэр хүчин чадлынхаа 10 хувийг л ашигладаг гэнэ.  Хэдийгээр өнөөдөр энэ салбарыг өөд нь татахад хуучны боловсон хүчин, техник технологи нь байгаа ч одоогийн хууль эрх зүйн орчин нь хангалттай биш гэнэ. Тухайлбал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт олгох тухай хуульд тусгагдаагүй аж. Үнэндээ бол 1990 оноос хойш үндсэндээ арьс ширний салбар орхигдсон. Хэрэв  төрөөс жаахан анхаараад дэмжээд өгвөл энэ салбар шинэ шатанд гарах боломж  бий гэдгийг оролцогчид дурдаж байлаа.


Арьс, ширээ үндэсний үйлдвэрт тушаасан малчинд урамшуулал олгоно

 ХХААХҮЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишээс арьс ширэн бүтээгдэхүүний салбарт төрөөс ямар бодлого баримталж байгаа талаар тодрууллаа.
 
-Манай улс хэзээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох вэ. Гутал, цүнх хийх материалаа гадаадаас авсаар байх уу?
-Өнөөдөр бид хоёр урсгалтай болчихоод байгаа. Нэгдүгээрт, түүхий эд бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийгээд л түүхийгээр нь гаргадаг. Химийн хорыг боловсруулах үе шат нь хийгдсэний дараа гадагшаа гаргаж буй. Энэ бол бидний зорьж байгаа зорилт биш.
Өөрөөр хэлбэл, байгаль орчинд хортой хамаг хүнд ажлыг нь дотооддоо хийгээд байна л даа.  Нөгөө талдаа эцсийн бүтээгдэхүүн хийх материалаа гаднаас авдаг. Үүнийг сайжруулах үүднээс анхан шатны боловсруулалт хийх явцаасаа биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтдоо тулгаарлан ажиллая гэж байна.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын тулд бид юу хийх ёстой вэ. Энэ боломж бий юу?
-Савхин эдлэл хийдэг үйлдвэр, боловсон хүчин   байна. Одоо анхан шатны боловсруулалтаа хийгээд эцсийн бүтээгдэхүүн болгох боловсруулах явц дутагдаад байна.
Үүнийг хийхийн тулд нэгдүгээрт түүхийгээр гарч байгаа экспорт болон орж ирж байгаа бүтээгдэхүүний татварын бодлогыг зохицуулах шаардлагатай. Дээр нь, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор  Засгийн газрын 103 дугаар тогтоол гарсан ч, хууль эрх зүйн орчныг нь хангалтгүй тусгасан. Үүнд үндэсний үйлдвэрүүдийн бэлэн болсон бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд төрийн байгууллага, Засгийн газар худалдан авахыг уриалсан байдаг юм.

-Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжинэ гэлээ.  Тэгэхээр ихэнх нь хятад үйлдвэрүүд шүү дээ?
-Дотоодын үйлдвэрүүд хангалттай хүчин чадалтай. Гэхдээ урд хөршийн шаардлага хангахгүй технологитой үйлдвэр нэлээд ажиллаж байсан. Үүнийг хязгаарлах арга хэмжээ авсан.

-Арьс шир  үйлдвэр­лэгчдийг төрөөс хэрхэн дэмжих вэ?
-Малчны хотноос гарч буй түүхий эдийг үйлд­вэрт нийлүүлж, хариуд нь урамшуулал олгох шаард­­лагатай. Одоогоор на­рийвчилсан юм гараагүй. Арьс шир өөрөө их эмзэг бүтээгдэхүүн. Үндэсний үйлд­вэрүүдэд өгсөн тохиол­долд урамшуулал олгохоор заасан.


Арьсан эдлэлийн зах зээлд хориг тавих хэрэгтэй

 “Piture  Holding” ХХК-ний дэд захирал И.Түмэндэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Арьс  шир  боловсруула­хад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Арьс ширний үйлдвэрүүдэд төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг гэж байдаггүй.  Байгаль орчин тойрноо бохирдуулж байна л гэж гадуурхдаг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бол их хүндрэлтэй байдаг. Саяхан зарим үйлдвэр сая ам, долларын өртөгтэйгээр цэвэрлэх байгууламж барьсан.
Бидэнд санхүүгийн хүндрэл учирч байна. Цэвэрлэх бай­гуу­­ламж өөрөө зардлаа олдог байгууллага биш учир санхүүжилт олгохгүй гэдэг. Энэ зөвлөлгөөнөөс төрөөс бидэнд ямар нэгэн дэмжлэг ирэх байх гэж найдаж байна.

-Арьс ширний үйлдвэрүү­дийн ихэнх нь хятад эзэнтэй гэдэг. Ер нь, эзэд нь ямар хүн байдаг юм бол оо?
-Одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдээс га­даадын хөрөнгө оруулалттай хоёр үйлдвэр байдаг. Бусад нь Монголын арьс ширний салбарын бизнесийг удам дамжин эрхэлж буй хүн бий. Гарч байгаа бүтээгдэхүүн манай улсын стандартыг хангаж байгаа.
Арьсыг хагас боловсруулаад Хятад, Испани, Италийн зах зээл рүү  гаргадаг. Үйлдвэрүүдийн ихэнх нь хагас боловсруулж, хөх арьс болгон гаргадаг. Үндэснийхээ үйлдвэрүүдийг дэм­­жихийн тулд арьсан эдлэлийн зах зээлд хориг тавих хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан