Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрынхан аль хэдийнээс л эцэг, эх, хүүхдүүдээс санал асуулга авч эхэлсэн билээ. Асуулгадаа хүүхдийн баярын өдрийг ямар уриан дор тэмдэглэн өнгөрүүлээсэй гэж хүсч байна вэ, ямар хэлбэрээр зохион байгуулахыг хүсч байна, томчуудаас юу хүсч байна вэ гэсэн асуулт багтаасан байв. Үзэж харах зүйл хомс, очоод хантлаа тоглочих газар тэр бүр байдаггүй болохоор хүүхдүүдийн хүсэн хүлээж байгаа хэлбэрээр баярыг нь зохион байгуулая гэсэн санаа өвөртөлсөн нь дамжиггүй. Гэсэн хэдий ч энэ жилийнх өмнөх баяруудаасаа гавихгүй нь. Учир нь, улиг болсон нэгдсэн арга хэмжээгээ Сүхбаатарын болон Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэнэ. Мөн “Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэхээр болсон хүүхдийн баярыг өмнөх жилийнхтэй адил дүүрэг бүр боломжтой талбайдаа зохион байгуулах аж. Нэгэнт замын хөдөлгөөнд саад болсон баярын жагсаал зохион байгуулж болохгүй гэсэн учир энэ жилийн баярт шинэлэг гэж хэлэхээр зүйл гарахгүй нь бололтой.