МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголбанкнаас явуулж буй одоогийн мөнгөний бодлогоо бизнес эрхлэгчдэд хэрхэн тусч байна вэ?
-Нэгийг нь золиос болгож, нөгөөг нь биелүүлж болохгүй л дээ. Энэ золиос
болж буй хэсэг нь та бидэнд ажлын байр бий болгодог, баялаг бүтээдэг
хувийн хэвшлийн сектор. Эднийгээ хамгийн хүнд нөхцөлд аваачин, нийгмийн
дайсан болох инфляц гэдэг мангасыг УИХ-аас өгсөн нэг орон тоонд багтаан
барих гэдэг. Энэ даалгаврынхаа хүрээнд эдийн засгаас мөнгө татснаар
инфляц нэг оронтой тоонд баригддаг гэдгийг амьдрал харуулахгүй байна шүү
дээ. 2006 оноос л инфляцыг онилох бодлого гэж гаргаж ирсэн. Энэ юу
гэсэн үг вэ гэхээр эдийн засагт буй инфляцын хүлээлтийг удирдах замаар
зах зээлд эргэлдэж буй мөнгийг татах эсвэл бодлогын хүүг дээш, доош нь
болгох замаар арилжааны банкуудад авир төрхөө өөрчлөх дохио өгсөн.
Банкууд ч зээлийнхээ хүүг хатууруулах замаар нөхцөл бүрдүүлэхийг
хүргэхийг оролдож буй нь хэрэглэгч, үйлдвэр эрхлэгчдийн хувьд хүнд
туссан.
-Тэгвэл бусад улс оронд төв банк нь мөнгөний бодлого хэрхэн хэрэгжүүлдэг юм бол?
-Инфляцыг онилох мөнгөний бодлого миний мэдэж байгаагаар 50-60 оронд
хэрэгждэг. Хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудад тухайн улс орны бизнес
эрхлэгч, ард иргэдэд нь амьдралаа илүү сайжруулах өөр альтернатив
санхүүгийн зэрэгцээ арга хэрэгсэл байвал мөнгөний бодлого хэрэгждэг тал
бий. Тухайлбал, мөнгөний өөр эх үүсвэр болох Хөрөнгийн бирж байна.
Олон оронд инфляцыг онилох мөнгөний бодлого хэрэгждэг. Ялангуяа,
хөгжилтэй орнуудад. Тийм учраас хямралын үед эдийн засаг руу мөнгө
хийх, мөнгөний бодлогыг хатууруулах бодлогыг БНХАУ, ОХУ хэрэгжүүлдэг.
-Манай урд хөршийн мөнгөний бодлого Ази байтугай Европыг гайхшруулдаг шүү дээ?
-Хятадын төв банкны бодлого харьцангуй өөр л дөө. Өөрийн гэсэн өвөрмөц
шийдэлтэй. Асар том эдийн засаг учир дэлхийн бусад орны эдийн засгийг
харж байж бодлогоо зохицуулдаг. Монголыг аваад үзэхээр хөрөнгийн бирж нь
та бидний хэрэгцээг хангах хэмжээнд хүрээгүй нөгөө талаасаа эдийн
засагт шаардлагатай хөрөнгийг босгох хэмжээнд очоогүй. Энэ тохиолдолд
бидэнд ганцхан сонголт бий. Банк, банк бус санхүүгийн байгууллага,
ломбард руу очих. Ломбард руу очвол 5-8 хувийн хүүтэй, банк бус
санхүүгийн байгууллага 3-5 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ нь мөнгөний
бодлогыг хатууруулахаар бизнес эрхлэгчдийн хувьд зардал нь нэмэгддэг.
Энгийн иргэний хувьд ломбарданд тавих зүйлээсээ бага мөнгө авах нөхцөл
үүсдэг.
-Өнөөдөр бизнес хийхэд төр дэмжлэг болох байтал чирэгдэл, дарамт
учруулаад байна гээд л ярьдаг. Үүнийг та тодорхой жишээгээр
тайлбарлахгүй юу?
-Бизнес эрхлэгч хүн өнөөдөр Эрээн хот ч юм уу хаа нэгэн газраас бараа
оруулж ирээд хил гааль дээр 7-14 хоног хүлээгээд, дараа нь мэргэжлийн
хяналтын бичгийг авах гэж ахиад арван хэдэн хоног болдог. Зөвхөн цагаан
будааг 42 хонож, долоон сая төгрөг төлж байж хилээр оруулж ирдэг. Эл
өртгөө үнэдээ шингээх ёстой. Ингэхээр цагаан будааны үнэ өснө биз дээ.
Монгол Улсад бизнес хийх замын зураг Зүүн Азийн улс орнуудаар аваад
үзэхээр манай улс цаасны тоо хэмжээ, гарын үсгийн тоогоороо Лаосын
дараа орж байна.
-Эрүүл бус бизнес явж байна гэсэн үг үү?
-Манай бизнес эрхлэгчдийн ихэнх нь жижиг дунд бизнес эрхлэгч гэсэн
ангилалд ордог. Хүн ам зүй дээр жишээ авч ярихад манайд олон хүүхэд
төрөөд, нас баралт нь бага байвал цэвэр өсөлт сайн байна гэж үздэг.
Тэрэнтэй адилхан бизнест орох явц нь илүү чөлөөтэй, санхүүгийн эрх
чөлөөтэй байвал энэ салбарт олон хүн хүч сорьдог. Ингэвэл өрсөлдөөн бий
болж, бизнес хийж чадахгүй нь шахагдан гардаг. Энэ хоёр орсон байх ёстой
ч Монголын мөнгөн бодлого хийж чадахгүй байгаа.
-Яагаад чадахгүй байна вэ?
-Манай улсад мөнгөний бодлого нэвтэрснээс хойш бүх улстөрч мөнгөний
нийлүүлэлт гэдэг үгийг гарамгай цээжилсэн. Жил бүр мөнгөний бодлогын
талаархи асуудал орж ирэхэд ямар нэгэн хэлцэл мэтгэлцээн байдаггүй.
Зүгээр л гараа өргөөд дэмждэг. Харин хоёр, гурван жилийн өмнөөс буруугаа
мэдэж эхэлж байх шиг байна. Гэхдээ телевизээр буруу гэж ярьчихаад Их
хуралд орохоор Монголбанкны Ерөнхийлөгчийн хэдэн шалтгааныг сонсоод нам
болдог. Мөнгөний бодлогыг илүү амьдралтай болгох талаар хагас оролдлого
хийж байна. Гэхдээ цаашдаа шинэ Засгийн газар мөнгөний бодлогыг үндсээр
нь судалж шийдвэр гаргахгүй юм бол байдал энэ хэвээрээ л байна. Мөнгөний
бодлогоор инфляцыг удирдах гэж байгаа хандлага, төсвийн бодлогын
хоорондын уялдаа дөнгөж зүгшрэх замдаа явж байна даа.
-Хувийн хэвшлийнхэнд бизнес хийхэд дарамт шахалт оршсоор байна гэж ойлгож болох уу?
-Дарамт шахалт үзүүлж л байгаа. Бодит секторт ажиллаж байгаа хүмүүс
зээлийнх нь хүү өссөнөөр үйлчилгээ явуулах зардал нэмэгдэж, түүнийгээ
эцсийн бүтээгдэхүүнийхээ үнэд шингээдэг. Гэтэл үүнд тэднийг буруутгаад
байдаг. Үнэндээ эдийн засагч байтугай жирийн хүн инфляц эрэлт болон
нийлүүлэлтийн хүчин зүйлээс хамаардаг гэдгийг мэднэ шүү дээ. Өнөөдөр бид
хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд сая төгрөгийг гурав хувааж
өгч байна. Эл 1.5 сая төгрөг амласан улс төрийн амлалт инфляцыг өдөөж
байна гэж хүн бүр л шүүмжилж байна шүү дээ. Хэтэрхий их халамжийн мөнгө
тараах эсвэл дөрвөн жилийн бүтээмжийг нь харалгүй цалинг нэмэгдүүлэх нь
өөрөө инфляцыг өсгөх, тодорхой хүлээлт үүсгэчихдэг. Эдийн засаг бол
сургаар явдаг зүйл биш. Өөрийн зүй тогтолтой.
-Уг нь, инфляцыг хөөрөгдөхгүйн тулд Засгийн газар болон Монголбанкнаас
авч буй арга хэмжээ нь энэ амлалтын мөнгийг гурав хуваах гэж хэлж байсан
шүү дээ. Үнэхээр хувааж өгөх нь инфляцыг хөөрөгдөхгүй байх боломж мөн
үү?
-Засгийн газар 2009 оны сүүлд мөнгөө гэнэт 50 хувь өсгөхөд, дараагийн
улиралд инфляцын өсөлт тодорхой 0 бүхлээр буюу бага хэмжээгээр нөлөөлдөг
гэдэг. Өөрөөр хэлбэл, инфляцыг хөөрөгдчихнө гэж айгаад сая төгрөгийг
гурав хуваасан нь эдийн засгийн талаар буруу ойлголттой хүмүүсийн яриа.
-Тэгэхээр ташаа мэдээлэл байх нь ээ?
-Сая төгрөгийг бөөнөөр нь өглөө гээд инфляцад нөлөөлөхгүй. Хүмүүс бараа
их авдаг болно, үр хүүхэддээ зарцуулна. Хүмүүст мөнгөний хэрэгцээ
байна. Энэ бол шал худлаа зүйл. Үүнийг чинь шингээх эдийн засгийн орон
зай байгаа. Ерөнхийдөө инфляцыг 100 хувь гэж үзвэл иймэрхүү зүйлээс 20
хувь нь л хамаардаг. Гэхдээ энэ маань цалинг тэд дахин өсгөнө гэх буюу
хамгийн гол нь бүтээмжийг нь харахгүй өсгөнө гэж битгий хэл гэсэн үг.