Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮЗХ-г бүтэн болгохоор Ардчилсан нам амь оров


Жил гаруйхны дараа УИХ, орон нутаг, нийслэлийн сонгууль болно. Тиймээс намууд дор бүрээ бэлтгэлээ базааж эхлээд байна. 2011 оноос хойш үндсэндээ гишүүдээ сэлгэж, нөхөн сонгууль явуулаагүй АН он гармагц хөдөлгөөнд орсон. Намын дарга өөрчлөгдөн төв аппаратын бүтцийг ч өөрчилсөн. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилж, нарийн бичгийн дарга нараа УИХ-ын гишүүдээс хүч сэлбээд буй. Намын байгуулалтыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, хүний нөөцийн асуудлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, улс төрийн асуудлыг УИХ-ын гишүүн Г.Батхүү, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар хариуцахаар болсон. Бүтцийн өөрчлөлт үүгээр дуусахгүй. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож томилохоо намын дарга З.Энхболд УИХ дахь бүлгийн гишүүддээ танилцуулсан аж. Шинэ Гүйцэтгэх зөвлөлд УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүн бүгд багтах тухай мэдээлэл ч байгаа.

Ямар ч байсан маргаан, будлиантай ч дөрвөн жил салхи оруулаагүй нөхөн сонгуулиудыг явуулж, АН-ыг хөдөлгөөнд оруулснаар оны ажлаа эхлүүллээ. Дотроо хуваагдаж, талцаагүй АН-ын хороод ч цөөхөн. Одоогоор Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хуваагдал ил байгаа бол Дорнод, Дархан-Уул аймагт ч асуудал бий. Багагүй хугацаанд унтаа байсан АН-ын хороодыг сэргээсэн нөхөн сонгуулийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг тоймлолоо.

ҮЗХ-ны нөхөн сонгууль эхэллээ

Ардчилсан намын Үн­дэсний зөвлөлдөх хорооны 46 суудалд нөхөн сонгууль явуу­лахаар болсон. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өнгөрсөн баасан гарагт баталжээ. АН-ын Үндсэн дүрэм болон Дотоод сонгуулийн хорооны журмын дагуу нэр дэвших болзол хангасан 114 хүн эрхээ авсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим нөхөн сонгууль болж, ҮЗХ-ны гишүүдээ сонгожээ. Тухайлбал, Дундговь аймгийн ҮЗХ-ны гишүүнд УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-ын гишүүн Н.Соёмботой өрсөлдөж, ялалт байгуулжээ. Харин Ховд аймгийн хоёр квотод таван хүн өрсөлдөж , Засаг дарга Д.Цэвээнравдан, Ховдын МоАХ-ны дарга Ш.Адьшаа нар сонгогдлоо. Өчигдөр Сүхбаатар аймгийн АН-ын хороо хуралдаж, ҮЗХ-нд нэр дэвшсэн Засаг дарга Ж.Батсуурийг хэлэлцэж баталлаа. Нэг суудалд нөхөн сонгууль явуулахад Ж.Батсуурь ганцаараа нэрээ дэвшүүлээд байсан юм. Баян-Өлгий аймгийн ҮЗХ-ны гурван квотод 15 хүн өрсөлдөхөөр нэр дэвшив. Энэ сарын 26-ныг дуустал ҮЗХ-ны нөхөн сонгуулийг явуулах ёстой.






Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль хойшилжээ

Нийслэлийн АН-ын хорооны Зөвлөлдөх хороо­ны нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор багтаан явуулах шийдвэр АН-ын дотоод сонгуулийн хорооноос гаргасан. Гэвч Нийслэлийн АН-ын хороо нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэр өнгөрсөн пүрэв гарагт гаргасан байна. Зургаан дүүрэгт нөхөн сонгуульд маргаан гарсан тул нийслэлийн намдаа ханджээ. Маргааныг эцэслэн шийдээгүй байгаа аж. Нийслэлийн Зөвлөлдөх хорооны 16 сул суудалд нөхөн сонгууль явуулах байжээ. Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Чингэлтэй дүүрэгт хоёр, Багануур, Багахангай, Баянгол, Налайх дүүрэгт тус тус нэг суудал хоосон байгаа юм. Харин Хан-Уул дүүрэгт нөхөн суудал гаргаагүй аж.

Сонгинохайрханыхан маргаалдсаар...

АН-ын дунд шатны нөхөн сонгуультай холбоотой мар­гаан Сонгинохайрхан дүүрэгт гараад байсан. Энэ сарын 11-нд нөхөн сонгуулийг зар­ласан ч СХД-ийн АН-ын байранд оруулахгүй, татварын асууд­лаар бүртгэхээс татгалз­сан зэргээс болж жагсаал цуг­лаандаа тулсан. Уг асуудлыг АН-ын Дотоод сонгуулийн хороо авч хэлэлцээд нөхөн сонгуулийг тодорхойгүй хуга­цаагаар хойшлуулжээ. Учир нь дүүргийн намын хороо хоёр удирдлагатай болж, үл ойлголцол үүсээд байгаатай холбоотой юм байна.
СХД-ийн АН-д аль 2013 оноос эхлэлтэй маргаан одоог хүртэл үргэлжилсээр. Энэ сарын 11-нд СХД-ийн намын хорооны ээлжит бус хурлыг зарлан намын даргаар НИХТ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболд нарыг томилсон байна. Үүнийг нь дүрмийн бус гэж үзсэн зарим гишүүн Хяналтын ерөнхий хороонд ханджээ. Өргөдлийн хариуг Хяналтын ерөнхий хороонынхон өнгөрсөн баасан гарагт АН-ын дарга Ө.Пүрэвбаатарт өгсөн байна.

СХД-ийн АН-ын үл ойлголцол, дотоод зөрчлөөсөө болоод хоёр тусдаа хуралдах болсон асуудлыг ХЕХ 2013 оны хоёрдугаар сарын 27-нд шийдсэн учир дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. 2013 оны нэгдүгээр сарын 21, нэгдүгээр сарын 31-нд тус тусдаа хуралдаж, дарга нараа сонгосон байна. Харин үүнийг нь тухайн үед ХЕХ авч хэлэлцээд 21-ний өдрийн хуралдааныг ирц бүрдсэн дүрмийн дагуу болсон гэж үзэж, хүчинтэйд тооцсон аж. Мөн өдрөө СХД-ийн АН-ын зарим гишүүн ээлжит бус хуралдаан зарлахыг шаардан тухайн үед намын хорооны дарга асан Л.Эрхэмбаярт бичиг хүргүүлсэн даруйдаа хуралдаж, шийдвэр гаргажээ. Нийслэлийн АН-ын Хяналтын салбар хороо нь үүнийг дүрэм зөрчсөн гэж үзээд СХД-ийн АН-ын хороог 10 хоногийн дотор хурлаа зарлан хуралдуулахыг үүрэг болгосон байна. Гэвч уг шийдвэрийг 2013 оны дөрөвдүгээр сард гаргасан бол ХЕХ хоёрдугаар сарын 27-нд хуралдаанаараа нэгдүгээр сарын 21-ний өдөр хуралдсан хурлыг хүчин төгөлдөр гэж мэдэгдэж. Салбар хорооны шийдвэр ХЕХ-ны тогтоолыг давж үйлчлэх ёсгүй хэмээн тус дүүргийн АН-ын зарим гишүүний өргөдөлд хариу өгсөн нь энэ юм.
Ингээд хоёр намын хороо, хоёр дарга, удирдлагатай болсон СХД-ийн маргаан дээр нэмээд АН-ын ХЕХ болон Нийслэлийн Хяналтын салбар хорооны хооронд асуудал гарч ирээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан