“Том хар гуталтай хүн над руу чиглэн ирж явааг би харсан. Тэр газраар нэг хөглөрөх хүүхдүүдийн цогцос дунд амьд үлдсэн хүн байна уу гэж хайж явсан юм. Хоёр хөлөндөө шархадсан би өвдсөндөө орилж хашгирмаар байсан ч том хар гуталтай алуурчнаас айсандаа үхсэн болж жүжиглэх гээд дүрэмт хувцасныхаа зангиаг бушуухан ам руугаа чихчихсэн. Дахиад намайг буудчих вий дээ гэж айсандаа би өөрийн эрхгүй чичирч байсан ч тэр намайг анзаараагүй. Тэр үед яг л үхэл намайг чиглэн ирж байгаа мэт үнэхээр аймшигтай санагдсан. Террористыг холдож явсны дараа бушуухан босоод зугтмаар байсан ч хөл минь өвдөөд арай гэж хажуугийн ангид ортол тэнд манай сургуулийн туслах багшийн цогцос шатаж байлаа. Бас нэг багш маань гартаа буудуулаад, өвчиндөө болоод уйлаад сууж байсан. Гэтэл өөр нэг террорист ирээд түүнийг дахин дуу гарахгүй болтол нь олон удаа буудсан. Миний эргэн тойронд ангийн найзууд, сургуулийн маань танил хүүхдүүдийн цогцос хаа сайгүй хэвтэж байлаа”.
Энэ бол Пакистанд гарсан аймшигт террорист халдлагаас амьд гарсан 15 настай Шахрух Хан хүүгийн яриа. Тэр бол Пешавар хотын Армийн дунд сургуульд сурдаг 500 хүүхдийн нэг. Террорист халдлагаар амиа алдсан 132 хүүхдийн нэг нь болчихоогүйд хүүгийн эцэг эх Аллах тэнгэртээ залбиран суугаа ч бурхнаас “Яагаад заавал миний хүүг аваад явчихав” хэмээн цөхрөн асууж, нулимсандаа живж байгаа өөр хэдэн зуун эцэг эх Пешаварт уй гашууд автаж байна. “Дүрэмт хувцсаа өмсөөд, ээж аавыгаа үнсээд гарсан хүү минь ингээд авсанд орчих гэж” хэмээн уйлан хайлан ярих эцэг эхчүүдийн өр өвтгөм дүр зураг...Дөнгөж өглөөхөн сургуульд нь үдэж явуулсан хүүхдээ маргааш өглөөний нарнаас өмнө оршуулах хэрэг гарна гэдэг хорвоогийн хамгийн гашуун зовлон биз ээ. Жижиг авсыг үүрч явах хамгаас хүнд байдаг...
Нэг л өглөө пакистанчуудыг ийнхүү уй гашууд автуулж орхисон Пешаварын сургуулийн террорист халдлага мягмар гарагийн өглөө эхэлж, гурван цаг шахам үргэлжлэн 141 хүний амийг хөнөөсөн бөгөөд цагдаа цэргийнхэн есөн цаг гаруй террористуудтай тулалдсаны эцэст бүгдийг нь устгаснаар төгсгөл болсон юм.
Пакистаны баруун хойд хэсгийн Пешавар хотод байх Армийн дунд сургуульд урьдын адил жирийн нэгэн өглөө эхэлж байх үед армийн цэрэг шиг хувцасласан долоон алан хядагч орж ирээд, анги танхимуудаар хэрэн хэсч, тааралдсан хүн болгоноо буудаж эхэлжээ. Буун дуу сонссон багш сурагчид эхэндээ цэргийн сургуулилт гэж бодоод, бие биенээ тайвшруулж, анги танхимдаа сууж байсан ч буун дуу ойртсоор, хүүхдүүдийн орилж хашгиран уйлах дуу гарснаар энэ бүхэн бодит явдал гэдгийг мэджээ. Гэвч олон арван хүүхдийн хувьд зугтахад дэндүү оройтсон байж. Алан хядагчид анги танхимд орж ирээд үг сүггүй гал нээж, таарсан хүүхэд болгоныг хайрлаж энэрэх сэтгэлгүйгээр буудаж эхэлжээ. Террористууд сургуулийн зааланд 150 гаруй хүүхдэд анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай дасгал хичээл орох үеийг тааруулан сургуульд нэвтэрсэн бөгөөд бөөнөөрөө байсан тэдгээр хүүхдүүд рүү шууд гал нээснийг гэрчүүд ярьж байна. Алан хядагчид тус сургуулийн нэг эмэгтэй багшийг барьж аваад 60 гаруй хүүхдийн өмнө амьдаар нь шатааж, үүнийгээ сурагчдад хүчээр харуулсан харгис явдал ч энэ үеэр болж. Ганц тэр эмэгтэйг онцлон олны нүдний өмнө хороосны учир нь тэрээр армийн нэгэн офицерын эхнэр байжээ. Тус сургууль ч армийн гэсэн нэртэй, тэнд цэргийн алба хаагчдын хүүхдүүд олноороо сурдаг. Тэгэхээр халдлагыг зохион байгуулсан Талибан бүлэглэлийнхэн энэ аллагаараа цэрэг армийнхнаас өш хонзонгоо авсан хэрэг гэж ажиглагчид тайлбарлаж байна. Талибаныхан Пакистаны армиас өшөөгөө авахын тулд сургууль дотроос мэдээлэл авч энэ халдлагаа эртнээс төлөвлөсөн гэдэг нь цэргийнхний ар гэрийг золиос болгон сонгосноор харагдаж байна хэмээн цагдаагийнхан үзэж байна. Талибан бүлэглэлийнхэн ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тэд “Техрик Талибан Пакистан” хэмээх бүлэглэлийг цэргийн ажиллагаа явуулан устгасны өшөөг авснаа мэдэгдсэн байна. Харин барууны хэвлэлүүд энэ явдлыг саяхан Нобелийн энх тайвны шагналыг Пакистаны идэвхтэн Малала Юсуфзайд гардуулсны өш хонзонг авсан ч байж мэднэ хэмээн бичиж байна.
Чухам алинд нь ч өш хонзон санасан бай Талибан бүлэглэл Пакистаны түүхэнд хамгийн аймшигтай террорист халдлагыг үйлдлээ. Тэдний Пешаварын дунд сургууль руу илгээсэн долоон террорист гурван цаг гаруй гэмгүй багш сурагчдыг ангуучлахдаа 141 хүний аминд хүрээд, эцэст нь өөрсдийгөө хороох нь хороож, цагдаагийнханд буудуулах нь буудуулж хэргийн хариуцлагыг хүлээх хүнгүй бүгд нас барцгаасан байна. Гэхдээ энэ явдлын дараа Пакистаны тагнуулын байгууллага Талибан бүлэглэлийн байрлалд томоохон ажиллагаа явуулж, халдлагад холбоотой гэх 29 хүнийг баривчилжээ.
Террористуудын гарт амь үрэгдсэн хохирогчдын дийлэнх нь 6-18 насны хүүхдүүд байгаа юм. Тэдний ихэнх нь толгой, цээжин хэсэгтээ үхлийн шарх авсан байсан бөгөөд зарим хохирогчийн толгойг нь авч, зарим нь галд шатсаны улмаас цогцос нь таних аргагүй болсон байжээ. Гэрчүүдийн ярьснаар 60 хүүхэдтэй анги дотор нэг террорист амиа золиослон бөмбөг дэлбэлснээр тэнд байсан бүх хүүхэд амь үрэгдсэн байна.
Гэм зэмгүй хүүхдүүдийг олноор нь хөнөөсөн үүн шиг халдлага Пакистанд 2007 оноос хойш гараагүй юм. 2007 онд Карачи хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 150 хүн нас барсан билээ.
Дэндүү харгис энэ удаагийн халдлагыг Афганистан дахь Талибан бүлэглэлийн зүгээс ч буруушааж мэдэгдэл гаргасан байна. Хүүхдүүдийн цусыг үзчихээд “Аллах о Акбар” буюу “Аллах хамгийн агуу” хэмээн хашгирч байсан террористуудын үйлдсэн энэ хэрэг Талибан бүлэглэлийн зарчмаас гажуудсан явдал хэмээн Афганы талибанчууд мэдэгджээ.
Ирфан Шах:10:30-ын үед манай ангид нийгмийн хичээл орж байхад гадаа буун дуу сонсогдож эхэлсэн. Багш цэргийн сургууль байх гэж хэлсэн болохоор бид хичээлээ үргэлжлүүлсэн ч буу дуу бидэн рүү бүр ойртоод ирсэн.Тэгээд хүүхдүүд уйлах чимээ ч сонсогдож эхэлсэн. Манай ангийн нэг хүүхэд цонх нээж хараад хүүхдүүд буудуулаад үхсэн байхыг харж, бид бүгд балмагдаж орхисон. Ангийн маань хоёр хүүхэд айсандаа гараад гүйтэл өөдөөс нь террорист гарч ирээд бидний нүдэн дээр тэд буудуулсан. Багш биднийг сургуулийн арын хаалга руу зугтаарай гэж хэлэхэд би Даниял найзынхаа гараас чанга атгаад хоёул сургуулийн арын хаалга руу гүйчихсэн. Бид хоёрыг уйлаад гүйж байхад толгойны хажуугаар хоёр удаа сум өнгөрөх шиг болсон. Үнэхээр аймаар. Ангиас 200 метр зайтай сургуулийн хаалганд бид хоёр бараг минутын дараа гүйж хүрээд, гадагш гармагцаа чангаар уйлж эхэлсэн. Тэгтэл сургуулийн хажууд байдаг нагац эгч маань бидний уйлахыг сонсоод хүрч ирсэн юм. Тэндээсээ бид сургуулийн автобусанд суугаад бушуухан явсан.