Applе компани рублийн ханшны уналтаас шалтгаалан ОХУ-ын хэрэглэгчдэд онлайнаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоожээ. Ханшийн уналт нь Оросын зах зээлд тохирсон үнэ тогтооход хэтэрхий түвэгтэй байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж компани мэдэгдлээ. Рублийн үнэ цэнэ буурч байгаагаас “Apple”-ийн бараа бүтээгдэхүүн Орост Европын бусад орноос даруй 20 хувиар хямд худалдаалагдаж байгаа аж.
Рублийн америк доллартай харьцах ханш энэ долоо хоногт гэхэд 20 хувь уначихаад байна. Энэ бүхнийг зогсоохоор Оросын төв банк бодлогын хүүгээ 17 хувь хүртэл өсгөж, хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн ч нөхцөл байдлыг дорвитой эргүүлэх шинж одоохондоо ажиглагдахгүй байна. Лхагва гарагийн ханшаар нэг ам.доллар 79 рубльтэй тэнцэж байв.