Австралийн Сидней хотын төв дүүрэгт орших “Lindt” хэмээх бяцхан кафег дэлхий дахины анхаарлын төвд оруулсан барьцааны хэрэг гэм зэмгүй хоёр хүн алтан амиа алдсанаар төгсгөл болов. 17 хүнийг 16 цаг гаруй барьцаалсан этгээд өөрөө ч бас амиа алджээ. Бүх хэрэг явдал дуусахаас хэдхэн цагийн өмнө цагдаагийнхан түүний хэн болохыг тогтоогоод, энэ тухай нийтэд зарлаад байсан юм. Тэр бол Мэн Харон Монис хэмээх 50 настай Ираны цагаач байжээ. Өмнө нь, Австралийн армийн цэргүүд рүү заналхийлсэн захидал бичсэнээрээ олон нийтэд тустай хөдөлмөр хийхээр шийтгүүлж явсан бараан намтартай эл хэрэгтний өдүүлсэн хэргийн улмаас “Lindt” кафены менежер Тори Жонсон хэмээх 34 настай залуу, Катрина Доусон хэмээх 38 настай хуульч эмэгтэй амиа алдаж, гурван ч хүн сумны шарх авсан юм.
Хэрэг явдлыг товч өгүүлвэл хэрэгтэн Харон Монис даваа гарагийн өглөө “Lindt” кафед 17 хүн барьцаалаад байснаас өдөр нь таван хүн зугтааж гарч чадсан билээ. Ингээд 12 хүнтэй кафед барьцаалагч шөнийн хоёр цаг хүртэл тэнд байсан бөгөөд түүнийг түр зүйрмэглэх зуур дахиад тав орчим хүн зугтаж гарч иржээ. Үүнийг мэдсэн гэмт хэрэгтэн барьцааны хүмүүс рүү гал нээсэн бөгөөд буун дуу сонссон цагдаагийнхан тэр даруй кафе руу дайран оржээ. Австралийн хэвлэлүүдийн бичиж буйгаар энэ үймээн бужигнааны үеэр кафены менежер Тори Жонсон гэмт хэрэгтний бууг унагаах гэж байгаад амиа алдсан байна.
Тусгайгийнхны ажиллагаа ердөө хоёр минут л үргэлжилж, 2:15 минутад барьцааны хэрэг дууссан бөгөөд гэмт хэрэгтэн энэ үеэр нас баржээ. Гэхдээ тэр өөрийгөө хороосон уу эсвэл цагдаагийнхан түүнийг буудсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ хэргээс таван хүн шархдаж, гэмтэж бэртсэн ч тэнд байсан бие давхар хоёр эмэгтэйд азаар аюул учраагүй байна. Мөн буудалцааны үеэр цагдаагийн нэгэн офицер нүүрэндээ шархадсан гэнэ.
Амар амгалан Сидней хотод аюулын харанга дэлдсэн энэ хэргийн дараа гэм зэмгүй хоёр хохирогчийн дурсгалыг хүндэтгэхээр хэдэн мянган хүн хэргийн газарт ирж, эмгэнэл илэрхийлэн, цэцэг өргөж байна. Австралийн Ерөнхий сайд Тони Эбботоос эхлээд хот, мужийн захирагч, цагдаагийн дарга, эгэл жирийн олон мянган иргэн хохирогчдын араас эмгэнэн гашуудаж байна. Хэт даврагчийн гарт амиа алдсан Катрина Доусон 10-аас доош насны гурван хүүхдийн ээж байжээ. Түүний амиа алдсаныг хүүхдүүдэд нь мягмар гараг хүртэл хэлээгүй байсан гэдэг харамсалтай мэдээ олон мянган хүний сэтгэл зүрхийг сэмрээж байна.
Олны хөл хөдөлгөөнд үргэлж дарагдаж байдаг, Сиднейн төв гудамжуудын нэгд орших “Lindt” кафе, түүгээр үйлчлүүлж байсан эгэл жирийн иргэд, өдөр тутмын ажил үүргээ урьдын л адил гүйцэтгэж явсан кафены ажилтнуудад тохиолдсон энэ эмгэнэлт явдал австраличуудын амьдралыг нэг өдрийн дотор өөрчиллөө хэмээн Австралийн дотоодын хэвлэлүүд ч, олон нийт ч дуу нэгтэй бичиж байна. Олон арван албан байгууллага ажил хэргээ явуулдаг Сиднейн төв дүүрэгт одоо хүмүүс урьдын адил амар тайван алхаж чадна гэдэгтээ эргэлзэж байна. “Амиа алдсан тэр хүмүүсийн оронд би ч байж болох байсан. Би тэр кафед өдөр бүр орж кофе авдаг, үнэхээр сайхан газар байсан. Гэвч одоо тэр амар амгалан сайхан мэдрэмж нэгэнт алга болчихлоо. Одоо би үүгээр өнгөрөх бүртээ өөр зүйл мэдрэх байх” хэмээн хохирогчдын дурсгалыг хүндэтгэхээр ирсэн нэгэн эмэгтэй телевизэд ярьжээ.
Энэ хэргийн улмаас цагдаа цэргийнхэн хараа хяналтаа чангаруулж, зул сар, шинэ жилийн баяр хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллах бололтой.
Өөрийгөө исламын шашны хувраг хэмээн нэрлэдэг Мэн Харон Монис 1996 онд Австралиас улс төрийн орогнол хүсэн Иранаас иржээ. Тэрээр 2007-2009 Австралийн армид алба хааж байгаад нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн рүү заналхийлсэн утгатай сөрөг захидлууд илгээснээрээ анх цагдаагийнхны хараанд оржээ. Тэрээр энэ хэргээр тоймтой ял шийтгэл хүлээгээгүй бөгөөд ердөө 300 цаг олон нийтэд тустай хөдөлмөр хийх шийтгэл авч байж. Эхнэр нь 2013 оны арваннэгдүгээр сард 18 удаа хутгалуулан амиа алдсан хэрэгт түүнийг оролцсон хэмээн сэжиглэн шалгаж байжээ. Тус хэрэгт Харон Монисын одоогийн хамтран амьдрагчийг сэжиглэн шалгасан ч шүүх яагаад ч юм түүнийг батлан даалтад гаргасан аж. Харон Монисын үйлдсэн хэрэг үүгээр дуусахгүй. 2002 онд 27 настай эмэгтэйг хүчирхийлсэн гэдэг хэргээр энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдахад хохирогч болох эмэгтэйчүүд хэд хэд гарч иржээ. Гэсэн ч энэ бүх хэргийнх нь төлөө түүнийг баривчилж хориогүй, зохих ял шийтгэл оноогоогүй байсан нь эцэстээ гэмгүй хүмүүс амиа алдахад хүргэлээ. Хэрэгтэн Харон Монисын барьцааны хэрэг үйлдэх болсон учир шалтгаан ч одоо хүртэл тодорхойгүй байна.
Тэрээр 2009 онд шүүхэд дуудагдаад очихдоо Ерөнхий сайд Кевин Раддад хандан “Кевин Австралийг аюулд оруулах хэрэггүй. Бид дайн хүсэхгүй байна” гэсэн бичиг барьснаа хэвлэлийнхэнд харуулж байжээ. Үүгээрээ тэр хэдэн жилийн дараах гэмт хэргийнхээ тухай сануулах гэсэн ч байж мэднэ. Энэ явдлаас болж өмгөөлөгч нь түүнээс татгалзсан бөгөөд ер нь Австрали дахь лалын шашны сүм хийдүүд ч түүнийг хүлээн авдаггүй, татгалздаг байсан гэнэ.