ОХУ-ын төв банк хүүгийн түвшингээ 10,5 хувь байсныг 17 болгон огцом нэмлээ. Энэ нь рублийн ханшийн уналтын эсрэг авч буй арга хэмжээ гэж төв банк мэдэгджээ. Барууны орнуудын Орост тавьсан хориг болоод газрын тосны үнэ унасан зэрэг шалтгаанаар рублийн америк доллартай харьцах ханш энэ он гарсаар 50 хувь уначихаад байгаа юм. Төв банк дээрх арга хэмжээг авахаас өмнө нэг доллар 67 рубльтэй тэнцэж байсан бол хүүгийн түвшинг нэмсний дараа 58 болж өсчээ. Гэсэн ч төд удалгүй эргээд унаж, одоо 62-т хэлбэлзэж байгаа гэсэн мэдээ байна.
Оросын төв банк ханшийг тогтворжуулахын тулд зах зээлээс рубль худалдан авах зэргээр 70 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ч уналтыг зогсоож чадахгүй байгаа юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд рублийн ханш ингэж унасан удаагүй билээ.
Энэ байдлаар цаашид газрын тосны үнэ өсөхгүй бол ОХУ-ын эдийн засаг 2015 онд өсөх нь бүү хэл 0,7 хувиар агшина гэж Дэлхийн банк анхааруулаад байгаа юм. Баррель нь 55 ам.доллараар арилжаалагдаж буй газрын тосны үнэ ойрын ирээдүйд ч, ирэх жил ч өсөх төлөв ажиглагдахгүй байна хэмээн шинжээчид мэдэгдэж буй.