АНУ-ын Пенсильвани мужийн Пеннсбург хэмээх нам тайван хотод нэг гэр бүлийн зургаан хүнийг хөнөөсөн хэрэг гарч, олныг цочирдууллаа. Хэргийг Брэдли Уиллям Стоун хэмээх 35 настай эрэгтэй үйлджээ. Тэрээр салсан эхнэр болон хадмын талын таван хүнийг буудан хороосон байна. Өмнө нь, тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан хэрэгтэн эхлээд хуучин хадам эгчийнхээ гэрт очиж, түүнийг нөхөр, хүүхэдтэй нь хамт хөнөөгөөд дараа нь хадам ээжийнх рүүгээ хөдөлжээ. Ингээд хадам ээжийгээ, өндөр настай ээжийнх нь хамт хөнөөгөөд сүүлд нь эхнэр рүүгээ явсан байна. Тэрээр эхнэрээ ч бас буудан хороогоод түүнтэй хамт байсан хоёр хүүхдээ хөршийндөө оруулчихаад сураггүй алга болжээ. Цагдаагийнхан түүнийг хайж байгаа ч гэмт хэрэгтэн хууль хүчнийхний гарт ороогүй байна. Цагдаагийнхан Пеннсбург орчмын жижиг хотуудаар ч хэрэгтнийг хайж буй бөгөөд сургууль цэцэрлэгийн хүүхдэд хорио тогтоож, ард иргэдийг гэрээсээ гарахгүй болгоомжтой байхыг анхааруулжээ.
Хэрэгтэн 2009 онд эхнэрээсээ салсан ч хэргийн учир шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.