Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шар талын буудай өгөөж арвин байна

Тариатай бол талхтай гэдэг үг бий. Үнэндээ бидний өдөр тутмын гол хүнс мах, гурилаас эхтэй. Монголчууд бид малаа өсгөж, үр тариагаа хурааж мах, гурилаар өөрсдийгөө өлхөн хангачихдаг байсан үе бий. Гэсэн хэдий ч зах зээлийн шуурганаар мах, гурилын хомсдолд орж, үр тариа төдийгүй төмс хүнсний ногооны хувьд урд хөршийн хараат байдалд ч орж байлаа. Үнэндээ нэгэн цагт үнэтэй, чанаргүй хятад гурилаар зогоож байсан ч удаатай. Импортын өндөр үнэтэй гурил хүнсэндээ хэрэглэхээ больж гурилын төдийгүй төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг хангах зорилгоор “Атрын гуравдугаар аян”-ыг өрнүүлсэн нь үр дүнгээ өгч, хаа сайгүй үр тариа, төмс хүнсний ногоогоо тариалах болсноор өнөөдөр бид эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан эрүүл бөгөөд цэвэр хүнсээр хэрэгцээгээ хангах болов.

Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Борхын голын бэлчир. Өгөөмөр багийн Шар талд үр тариа, тэр тусмаа улаан буудай тариална гэдэг эхэндээ үлгэр мэт сонсогдож байлаа. Газар тариалан гэхээр Төв, Сэлэнгэ нутаг л санаанд буухаас биш Завханы талд тариа ургана гэхээр хэн хүний санаанд бууж өгөхгүй эргэлзээ төрүүлж байв. Харин хийе, бүтээе гээд зоривол болохгүй бүтэхгүй зүйл үгүйг одоо хэн хүнгүй нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Үр шимтэй энэ талд тариан түрүү халиурч түмний магнайг тэнийлгэж байна. Завханчуудыг анх сайн чанартай, үнэ өртөг хямд гурилаар хэрхэн хангах вэ гэдэг асуудал олон хүний толгойг гашилгаж байв. Гурилын үйлдвэр байгуулъя гэхэд буудайгаа хаанаас авах вэ, хаа нэгтээгээс авлаа ч үнэ өртөг их, үүнээс болоод гурилын үнэ хэвээр байх гээд олон асуудал хөвөрсөөр өдийг хүрчээ. Харин Завхан нутагтаа буудай тариалах тал бүрийн судалгааг хийж, усжуулалтын системийг бүрэн шийдвэрлэж, сайн чанарын үрээр тариалбал үржил шимтэй тал нутгаасаа арвин ургац хурааж болох ирээдүй харагджээ. Энэ бүхнийг соргогоор олж харсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу анх 2008 онд төрөлх нутагтаа сонгуульд нэр дэвшихдээ “Аймагтаа гурил тэжээлийн үйлдвэр, усжуулалтын систем бүхий тариалангийн талбай байгуулна” хэмээн амлалт өг­чээ. Ийнхүү завханчуудын хү­сэл мөрөөдөл бас амлалт хоёр өдгөө биеллээ олж, Зав­ханы зон олон нутгийн хөр­сөнд ургуулсан буудайгаар үйлд­вэрлэсэн чанартай гури­лаар хэрэгцээгээ бүрэн хан­­гадаг болжээ. Өгөөмөр багийн нутагт тариалсан учир “Өгөөмөр” хэмээх өхөөрдөм нэр хайрласан энэхүү гурил нь  цавуулаг сайтай, гадны хольцгүй, будагч бодисгүй бусад гурилаас чанарын хувьд хавьгүй илүү экологийн цэвэр эрүүл хүнс юм. Буудайг ОХУ-аас экспортлосон “Элит” сортын үрээр тарьж ургуулсан нь ийнхүү өгөөжөө өгч эхлэв. Улиастай хотод байгуулагдсан “Нарантуул шим” ХХК-ийн “Өгөөмөр” гурилын үйлд­вэ­рийн гурил нутгийн бүтээг­дэхүүн учир үнэ хямд ажээ. Өмнө нь алс холоос элдэв төр­лийн өндөр үнэтэй гурил тээвэр­лэдэг байсан нь зав­ханчуудын ахуй амьдралд чамгүй дарамт болж байжээ. Харин одоо бол хоногтоо 40 тонн гурил үйлдвэрлэдэг энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг бага тул үнэ нь ч бас хямд байх боломжтой юм. Зав­ханчууд гурилын үнэ өс­нө гэх айдсыг өнөөдөр хэ­дийнэ мартжээ. Саяхан л 25 килограммын ууттай гури­лыг 30 гаруй мянган төг­­рөгөөр авч байсан бол, “Өгөөмөр” гурилын үйлдвэр байгуулагдсанаас хойш ердөө 17500 төгрөгөөр гурил авах боломж нээгдсэн нь нутгийн зон олны талархлыг хүлээж байна. Үүнээс үүдэн өргөн хэрэг­лээний бусад бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх явдал саарч, Завхан ну­тагт инфляцийн түвшин харь­цангуй бага байгаа бөгөөд ойрын ирээдүйд Баруун та­ван аймгийг “Өгөөмөр” гури­лаар хангах сайхан мэдээ ч бас чих дэлсэнэ. “Өгөөмөр”-ийнхөн сум бүрт гурил түгээх борлуулалтын сүлжээтэй учир аль ч сумын малчдад адил үнээр очдог гээд олон давуу талтай. Борлуулалтын 40 гаруй цэгээр сумдын өрх бүрт шууд хүрч байгаа учир гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн ойлголт үгүй.  Мөн сум бүрт ажиллаж амьдарч буй борлуулагч нар байнгын ажлын байр, тогтмол орлоготой болж байгаадаа ам сайтай байна.     
Гурилын үйлдвэр дээр тү­шиглэн талх, нарийн боовны үйлдвэрлэл ч эхнээсээ хөгжиж эхэл­жээ. Түүний үр шимийг өвгөд хөгшдөөс эхлэн хүүхэд багачууд ч мөн хүртэж, сургууль, цэцэрлэгүүд үдийн цай хөтөлбөртөө “Өгөөмөр”-ийн шимтэй гурилаар хийсэн амтат боов, жигнэмэг бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байна. Өнгөрсөн жилүүдэд нэг га газраас 30 орчим цн ургац авч байсан агаад Завхан аймгийн жилийн хэрэгцээ 10 гаруй цн байдаг аж. Энэхүү бүтээн байгуулалтын их ажлыг орон нутагтаа өрнүүлж чадсан нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн урьд өмнө эрхэлж байсан ажлын дадлага туршлага, бизнес ухаантай салшгүй холбоотой юм. Арвин их ургац авахын тулд иж бүрэн усжуулалтын систем байгуулж, гэрэл цахилгааны шугам татахаас эхлүүлээд Борхын голын бэлчир дэх Өгөөмөрийн Шар талд томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдөр ийнхүү үр шимээ өгч эхэлжээ.

Энэ бүхнийг ажил болгох үүднээс Алдархаан сумаас Шар тал хүртэлх 42 километр газар цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, цахилгааны эх үүсвэрээ хангаснаар үйл ажиллагаагаа тогтвортой явуу­лах боломж нээгдсэн гэдэг. Түүнч­лэн Борхын голоос ус татах хоолой, үерийн да­лан, усан сан 500 метрийн ра­диусаар эргэдэг усжуулалтын сис­темийг ч байгуулжээ. Баруун таван аймагтаа анхдагч болсон энэхүү усжуулалтын систем нь 1.7 тэрбум төгрөгийн өртгөөр босчээ. Үүнээс өмнө манай оронд гагцхүү Сэлэнгэ аймагт л иймэрхүү дайны ус­жуулалтын систем ажиллаж бай­сан юм. Өнгөрсөн хоёр жилд “Өгөөмөр” гурилын үйлд­вэр 200 орчим тонн тэжээл бэлтгэжээ. Аймагтаа малын тэжээл үйлдвэрлэж эхэлмэгц сайн муу нь мэдэгдэхгүй тэ­жээл хотоос зөөх хэрэггүй бо­лов. Чингээд зогсохгүй зуд тур­хан боллоо гэхэд Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж цаг алдах шаардлагагүй болжээ. Ганцхан жишээ тата­хад, 2009 оны өвлийн зуднаар Шилүүстэй суманд нутаглаж байсан дархан цаазат аргаль, янгир зэрэг ан амьтад өвс тэ­жээлгүйн улмаас хүндхэн байдалд орсон байдаг. Тэрхүү өвлийг өвс тэжээлийн буянд өнтэй давж улмаар янгир нь 23 - 67 болтол өсч, аргалийн тоо 100-1000 орчим толгой болтлоо нэмэгдсэн нь өнөөх л “Өгөөмөр”-ийн тэжээлээр тэт­гэс­­ний үр дүн юм. Ямар сайн­даа л нутгийн ардууд “Сай­хансамбуугийн аргаль явж бай­на” гэж ярихад хүрчээ. Ийн­хүү Өгөөмөр багийн Шар талын өгөөж зовхи нь өөдөө Завхан нутгийнхандаа бай­галийн хишгээ харамгүй хайрлаж буй нь аргагүй л амны хишигтэй зон олонд оногдсон их хувь заяа гэлтэй.

Ч.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан