Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уны итгэл хүлээсэн ганц хүн


Хойд Солонгосын цорын ганц эмэгтэй генерал Ким Кён Хуй улс төрийн тавцангаас арчигдсанаар одоо тус улсын удирдагч Ким Чен Унд гэр бүлийнхнээс нь итгэж найдах цор ганц хүн үлдсэн нь охин дүү Ким Ёо Чен нь гэнэ. Эцэг нь нас барснаар 27-28 насандаа улсынхаа жолоог атгахад хүрсэн туршлага багатай Ким Чен Ун уг нь гэр бүлийнхэндээ хамгаас их итгэдэг, мах цусан төрлийн холбоотой биш хүмүүст бол төдийлөн найддаггүй гэж ажиглагчид үздэг. Тиймдээ ч эцэг Ким Чен Ирийгээ өнгөрсний дараа авга эгч Ким Кён Хуйгийн нөхөр Ча Сон Тэкт хамаг хэргээ даатгах болно, улмаар умардын хамгийн нөлөө бүхий хүн нь Ча Сон Тэк болно хэмээн хэвлэлүүд бичиж байсан билээ. Гэтэл бодит байдал төсөөлснөөс 360 градус эргэж Ча Сон Тэк төр эргүүлэхээр санаархсан гэдэг асар хүнд ял зэмд унаж, амиа алдаад зогсоогүй энэ хэргийн улмаас эхнэр Ким Кён Хуй нь удирдагч дүүтэйгээ маргалдаж байгаад цус харваж нас барсан гэдэг мэдээлэл бий. Мөн түүнийг гадаадад чимээгүйхэн эмчлүүлж байж магадгүй эсвэл удирдагчийн зуслан дээр амарч байгаа бүр амиа хорлосон гээд янз бүрийн мэдээлэл гарсаар байгаа. Гэсэн ч өнгөрсөн жилээс хойш олны өмнө харагдаагүй тэрээр одоо улс төрд эргэн ирнэ гэж лав үгүй биз. Ингэж Ча Сон Тэк, Ким Кён Хуй гэдэг хоёр хүн нэг жилийн дотор ар араасаа улс төрийн тоглоомноос гарснаар одоо удирдагч Ким Чен Уны гэр бүлийн хүрээлэл дунд төрийн хэргийн тал дээр түүнд тус дэм болох хүн бараг үлдсэнгүй. 27 орчим настай гэгддэг дүү Ёо Ченыг эс тооцвол.  Уг нь, Ким Чен Ун хоёр ахтай ч тэд бүр олон жилийн өмнөөс л коммунист улсын засаг төрийг залгамжилж авахаас илүү өөр өөрсдийн замаар амьдрахыг илүүд үзсэн. Тэр ч бүү хэл тэд агуу удирдагч эцгийгээ сүүлчийн замд үдэх ёслолд ч үзэгдэж харагдаагүй. Ийнхүү охин дүүгээсээ өөр ойр дотны гэх хүнгүй энэ том улсын жолоон дээр суусан Ким Чен Ун саяхнаас дүү Ким Ёо Ченийгээ нам, төрийн томоохон албан тушаалд томилж, цаашид түүнд ихээхэн итгэл үзүүлэх болно гэдгээ батлан харуулаад байна.

Саяхнаас барууны хэвлэлүүд Ким Ёо Ченийг намын Төв хорооны дэд дар­гаар томилогдсон  тухай ихээхэн шуугив. Ха­рин Өмнөд Солонгосын хэвлэ­лүүдийн бичиж буйгаар бол Ким Ёо Чен Хөдөлмөрчдийн намын Үзэл суртал, ухуулгын хэлтсийн дэд даргаар томилогдсон бололтой. Умардын дэд дарга гэдэг бол дэд сайдтай эн дүйцэх албан тушаал гэнэ. Коммунист Солонгосын хувьд хамгийн чухал асуудал болсон үзэл суртал, ухуулгын хэлтсийг намын түвшинд удирдах хүнээр томилсон нь түүнийг хэр том албанд тавьсныг илтгэнэ. Гэхдээ одоогоор Ким Ёо Ченийг төрийн төв хэвлэлээр танилцуулахдаа “төв хорооны ахлах түшмэл” хэмээн танилцуулж байгаа юм. Ямартай ч түүн шиг 27 насандаа ийм өндөр албанд томилогдсон хүн Хойд Солонгост байхгүй. Түүний эцэг Ким Чен Ир гэхэд 32 насандаа өдий хэмжээний албан тушаалд томилогдож байсан юм.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн тооцож үзсэнээр Ким Ёо Чен энэ жил ахтайгаа хамт 12 удаа томоохон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, хурал цуглаан, айлчлалд оролцсон байна. Гурван жилийн өмнө эцэг нь нас барах үед анх удаа олны өмнө цухас гарч ирсэн Ким Ёо Чен сүүлийн нэг жилийн дотор ийм олон том арга хэмжээнд оролцож, улс төрийн идэвх, үүрэг оролцоо илт нэмэгдсэн нь ах Ким Чен Ун нь түүнд төдий хэмжээний итгэл үзүүлж байгаагийн илрэл гэж ажиглагчид харж байна. Ким Чен Ун одоохондоо хүүгүй, гэр бүлийнх нь хүрээнд итгэл даах хүнгүй учраас түүний гэр бүлдээ итгэх итгэл найдвар тэр чигтээ Ким Ёо Ченд төвлөрч байна хэмээн Солонгосын үндэсний нэгдлийн институтийн судлаач Чун Ян Тэ мэдэгджээ.

Өнгөрсөн намар “Чөлөөт Ази” радио Ким Ёо Ченийг намын нэгэн албаны хүнтэй гэрлэсэн гэдэг мэдээлэл цацсан. Тус радиод энэ мэдээллийг өгсөн эх сурвалжийн хэлснээр Ким Ёо Чений нөхөр буюу Ким Чен Уны хүргэн болсон хүн нь Хөдөлмөрчдийн намын 39 дүгээр өрөөнд суудаг, удирдагчийн хувийн данс хөрөнгийг хариуцдаг албан тушаалтан гэнэ. Хойд Солонгосын дарга нар үндэсний тэмдэглэлт баяраар хурим хийдэг уламжлал ёсоор Ким Ёо Чен өнгөрсөн есдүгээр сарын 9-нд БНАСАУ-г үндэслэн байгуулсан өдөр юм уу аравдугаар сарын 10-нд Хөдөлмөрчдийн намын ойн баяраар хуримаа хийсэн байж магадгүй гэдэг таамаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан