Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн сайхан 10 түүх

Өндөрлөгт гарсны дараа сайн хийж байгаа ажлыг амжилт, гайхамшиг гэхгүй харин хамгийн гүн рүү, ёроолд унасны дараа оргил өөд  мацахыг амжилт гэж хэлдэг гэдэг. Өөрөөр хэлбэл эзэн хичээгээд байвал заяа хичээнэ, сайн явах уу эсвэл муу явах уу гэдэг зөвхөн санааных гэсэн үг. Энд танид сонирхуулах гэж байгаа арван түүх үүнийг гэрчилнэ. Тэд зарим нь өөрөөс нь шалтгаалах, зарим өөрөөс нь үл шалтгаалах, даатгалынхны хэлдгээр давж гарах боломжгүй хүчин зүйлийн нөлөөгөөр жинхэнэ доош орж байсан хүмүүс. Гэхдээ нэгэнт нийгмийн хамгийн ёроолд нь орсон бол хоёр л зам бий. Нэг нь, шанаган хорхой шиг тэр ёроолын шалбаагтаа тарвалзсан хэвээр байх, нөгөөх нь илүү доош унах боломжгүй тул өндөрт гарахаар дээш мацах юм.


Нью-Йоркийн гудамжнаас Харвард хүртэл

Лиз Мюррей нь 1980 онд Нью-Йорк хотноо  хар тамхинд донтсон гэр бүлийн охин нь болж төрөх тавилантай байж. Хар тамхинаас өөр зүйл бодох сөхөөгүй аав ээжтэй байна гэдэг сайхан зүйл биш. Ингэсээр 1995 онд ээж нь ДОХ-ын хүндрэлээс болж өөд болов. Удалгүй адилхан ДОХ-ын халдвартай байбсан аав нь орон гэргүй хүмүүсийн асрах газар руу нүүхээс өөр аргагүй болсон байна.  Лиз дүү охины хамтаар орох орон, оочих аягагүй болж метро эсвэл цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр хоног төөрүүлдэг болж хувирав. Гэвч Лиз бууж өгсөнгүй мацсаар Челис дэх Хүмүүнлэгийн бэлтгэл академид орж чаджээ. Өөрөөр хэлбэл орон гэргүй боллоо гээд сургуулиа хаясангүй яаж ийгээд дүүтэйгээ хоёул болгосоор яваад сурглагаа онц болж бэлтгэл академид орсон байна. Тус академид хоцрогдолтойгоор орсон хэдий ч хоёр жилийн дотор сургалтын бүх хөтөлбөрийг нөхөж амжилттай сурсан төдийгүй “Нью-Йорк Таймс”-ын стипендийг хожиж 1999 онд Харвардын сургуульд элсэн суралцжээ. Одоогоор Лиз Мюррей нь сэтгэл зүйн шинжлэх ухааны докторын зэрэг авахаар сургаглтаа үргэлжлүүлэх бодолтой явна. Амьдралын төлөө зүтгэсэн түүний амьдрал дээр үндэслэн “From Homeless to Harvard” кино хийж. Туулсан амьдралынхаа тухай бичсэн дурсамж 2010 онд хамгийн борлуулалттай номын тоонд орсон байдаг.


Ядуусын хоног төөрүүлдэг газраас кафений сүлжээ байгуулах хүртэл

Фран О"Ди нь багын нь дэггүй тархи байж. Ямар сайндаа л 13 нас хүрэхдээ хэдийн архинд донтоод 21 хүрэх үед эмчлэгдэшгүй архаг архичин болсон тул гэрээсээ хөөгждээ. Угийн толгой сэргэлэн хүн тул цалин сайтай ажилд хялбар олдог ч төд удалгүй архидсан хэргээр хөөгддөг хүн болж хувирав. Ингэж яван яван доошилсоор орон гэргүйчүүд хоног төөрүүлдэг газар, эсвэл цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр унтдаг, манайхаар бол “траншейний” хүн болж хувирав. Зарим дэлгүүрт юүхэн хээхэн өргөж тав гурван цаас олно эсвэл гудамжинд хүмүүсээс архины мөнгө шаналгадаг мэргэжилтэн болсон байна. Гэтэл нэг удаа радиогоор архинд донтсон хүсүүсийг дэмжих бүлгийг ажлын тухай ярьж байхыг огт санамсаргүй олж сонсож. Тэгээд 1971 оны Зул сарын өмнө тэр бүлэгт ханджээ. Тэр цагаас хойш амьдрал нь эрс өөрчлөгдлөө. Архи уухгүй, эрүүл явахад таагүй муухай юм байхгүй, харин дээр болохыг ойлгож мэдэрч гэнэ. Үүнээс гурван жилийн дараа Фрэнк 29 насандаа барилгын материал зардаг компанид муугүй албан тушала эрхэлдэг ажилтай, орон байртай төдийгүй улс төрийн сурталчилгааны кампанит ажилд сайн дураар оролцсон нийгмийн идэвхтэй хүн болж хувирсан байв. Нэгэн кампанит ажлын үеэр Том Каллигантай танилцан найзлаж, 1975 онд шинэ найзтайгаа нийлэн “Second Cup” нэртэй анхны кафегээ нээсэн байна. Удалгүй нэг кафе нь хоёр гурав болж, бүхэл бүтэн сүлжээ болсон байна. Хожим Фрэнк энэ бизнесээ орхисон ч дор унасан хүмүүст туслах олон аянд оролцсон жинхэнэ өглөгийн эзэн болсон байна.


Машиндаа хонодог бүсгүй жингаа хасах системийн мэргэжилтэн, саятан хүртэл

Дани охины эцэг, эх хоёр нь хар тамхинд донтсон хүмүүс байжээ. Өдөр болгон харж байдаг зүйл тул Дани ч удалгүй өөрөө хар тамхинд донтожээ. Сурлага  нь жинхэнэ “мурлага” байсан тул бие даах хэмжээнд хүрсний дараа зөөгчийн ажил хийж амь зуудаг болов. Мэдээж зөөгчийн ажлаар олсон мөнгө хаана ч хүрдэггүй. Тэгсээр сүүлдээ тэсгэл алдан хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэхээр шийдсэн аж. Хүсэхэд хясна гэдгээр бүсгүй амьд мэнд үлдэх нь тэр. ҮҮний дараанаас амьдралаа эрс өөрчлөхөөр шийдэж. Ингээд эхний ээлжинд ядаж толгой хорогдох газартай болох талаар бодож яваад турах хөтөлбөр бичсэн ухуулах хуудастай даарч гэнэ. Тэр даруй энэ чиглэлээр хүчээ үзэхээр шийдэж, өөрийн гэсэн хөтөлбөр боловсруулаад таксофоноор боломжил үйлчлүүлэгчидтэйгээ холбогдон санал тарааж эхэлж. Ингэснээр эхний өдрөө л өөрийн хөтөлбөрөө 24 хүнд зарсан байна. Өөрийн гэсэн хаяг байхгүй, захидал, илгээмж солилцож болохгүй нь их том асуудал болж. Энд ч Дани барьц алдсангүй ойролцоох дарсны дэлгүүрийн эзний ятгасаар хаягийг нь ашиглахаар зөвшөөрүүлж чаджэээ. Ажлаа эхэлснээс жилийн дараа гэхэд Дани 250 мянган ам.долларын орлоготой ажиллаж, хоёр жилийн дараа гэхэд анхны сая долларынхаа эзэн болсон байна.


Гудамжнаас Америк хөлбөмбөгийн од хүртэл

Майкл нь 11 Техас мужийн Мемфис дэх 11 хүүхэдтэй айлд бүл нэмэн 12 дахь хүүхэд нь болсон байна. Уг нь бол дээд баян үр хүүхэд гэдэг ч Майклын эх нь архи, хар тамхинд донтсон, эцэг нь шоронд ял эдэлж байв. Ийм нөхцөлд хүүхэд аяндаа л сургуулиа орхин гудамжинд гарч болохгүй бүтэхгүй хүмүүстэй нийлдэг нь бичгдээгүй хууль. Майкл ч энэ хуулийн дагуу явж 11 жил сурахдаа 9 сургууль сольсон ч сурлага тааруу байсан тул ямагт улирч хоёрдугаар ангиас дээш гарч үзээгүй хүүхэд байв. Ингэж яваад нэг удаа америк хөлбөмбөг тоглох болсноор байдал эрс өөрчлөгдсөн байна. Энэ спортын төлөө төрсөн хүн гэдгийг бүгд ойлгов. Майклыг нутгийн христийн сүмийн сургуульд авч, удалгүй Туохийн гэр бүлийнхэн түүнийг үрчлэн авчээ. Дан “хүнд гаруудтай”  амьдарч ирсэн хүүхдийг үрчилж аваад хүн болгоно гэдэг амаргүй. Гэхвч Туохийн гэр бүлийнхэн шантарсангүй Майклыг аль болох ойлгохыг хичээн зүтгэж, гэрээр багш урьж орхигдуулсан боловсролыг нь нөхөх болж. Үүний ачаар Майкл сургалтынхаа дундаж оноог Их сургуулийн шалгалт өгөх хэмжээнд хүртэл дээшлүүлж чадав. Ингэснээр Миссисипи мужийн Их сургуульд орж америк хөлбөмбөгийн “NCAA”-ийн шилдэг тоглогчдын нэг болж таван жилийн хугацаатай 13,8 сая долларын гэрээ байгуулан багаа ялалтад хүргэсэн байна. 2014 онд Майкл нь “Tennessee Titans” багтай 20 сая долларын дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм. Түүний түүхээр сэдэвлэн Сандра Баллок тоглосон кино хийсэн байдгийг та үзэж байсан байх.


Ядуусын оромжоос асрах газраас Уолл Стрит хүртэл

Крис ухаалаг, зүтгэлтэй хүн байсан тул Тэнгисийн цэрэгт дөрвөн жил алба хаасны дараа тэнд байхдаа танилцсан эмчийн тусламжтайгаар лаборантын ажилтай болсон байна. Дээд боловсролгүй хэдий ч өөрийн гэсэн лабораторитай ч болж чадаж.  Хүүхэдтэй болсны дараагаар илүү өндөр цалин, орлоготой ажил шаардлагатай болсон тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн борлуулагчийн ажил хийдэг болов. Гэсэн хэдий ч бирж дээр ухаанаа сорихыг ямагт хүсдэг байсан тул брокерийн сургалтад сураад бирж дээр ажиллах болов. Гэвч ажил нь бүтэлгүйтэн өрөнд орж, эцэст нь шоронгийн хаалга татав. Шоронгоос гарч  гэртээ ирэхэд юу ч байгаагүй тул шоронгоос гарсан хувцастайгаа л бүгдийг шинээр эхлэх болжээ. Уйгагүй зүтгэсээр “Bear Stearns & Company”-д өөрийгөө чадвартай гэж харуулсан тул цаадуул нь мань эрийг ажилд авчээ. Даан ч цалин гэж өчүүхэн байсан тул ядууст зориулсан газар хоног төөрүүлэхэд л дөнгөн данган хүрэлцэж байжээ.  Гэтэл эхнэр нь мань эрээс салахдаа хүүхдээ орхиод явсан нь асуудлыг бүр ч ээдртэй болгож орхив. Хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг өгч дийлэхгүй болсон тул хүүгээ дагуулан явдаг, энд тэнд цайны газар алдаг оног хооллож, нисэх буудлаас эхлээд нийтийн бие засах газар хүртэл хаа таарсан газраа хоног төрүүлэхээс өөр аргагүй байдалд орсон. Гэвч бууж өгсөнгүй, шүд зуун зүтгэсээр байр авах мөнгөтэй болж 1987 он гэхэд брокерийн контортой болсон нь өдгөө 60 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ хүний туулсан амаргүй амьдралын талаар бас л кино авсан байдгийг та лав үзсэн байна.


Машинаас өөр байргүй хүнээс алдартнуудын санхүүгийн зөвлөх хүртэл

Жиний амьдрал уг нь анхандаа өөгүй байв. Харвардад элсэн суралцахдаа “The Harvard Crimson”-ы Ерөнхий редактор болж, төгсөхдөө “Tallahassee Democrat” сонины эзэн Тед Бандийн компанид редакторын ажилд оров. Гэвч эндээс бүтэлгүйтлийн давалгаа эхэлж удалгүй орон байргүй, мөнгөгүй болов. Ингээд орох оронгүй, ажилгүй болсон тул долоон сарын турш машиндаа амьдарсан байна. 1979 онд “American Lawyer” сэтгүүлд ажилд орсон ч машиндаа хоносон хэвээр байж. Ингэж явахдаа хөрөнгийн бирж дээр хүчээ үзэхийг юу юунаас илүү хүсэх болж элдэв судалгаа хийдэг болсон байна. Хийсэн судалгаан дээрээ үндэлсэн гарагсан зөвлөгөөгөө утасныхаа автомат хариулагч дээрээ бичиж үлдээдэг болтол нарийн судалсан аж. Түүний ийм нэг зөвлөгөөг нь Харвардын их сургуулийн профессор, “New Republic” сэтгүүлийн эзэн Мартин Перец сонссоны дараа бүх зүйл өөрчлөгдөв. Мартин Перец нь Жин Крамерт шууд 500 мянган долларын хөрөнгө оруулалт  хийх санал гаргажээ. Жин хууль зүйн сургуульд сурч дүүргээд “Goldman Sachs” компанид ажилласны дараагаар өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын компани байгуулан ажиллав. Дараа нь Мартин Перецтэй хамтран санхүүгийн зөвлөгөө өгөх “TheStreet.com” албыг байгуулсан бол 2005 онд “CNBC” суваг дээр “Mad Money” нэвтрүүлэг хөтөлдөг болсон. Одоогоор Жин Крамерийн хөрөнгө 100 сая долларт хүрээд байгаа.


Гэрээ машин болгосон хүн “Entertainment Tycoon” эзэн болсон түүх

Тайлер нь тун ч таагүй гэр бүлд төржээ. Эцэг нь маш хэрцгий хүн байсны дээр хүүхэд байхдаа дөрвөн ч эрэгтэй хүнд хүчирхийлүүлж байсан аж. Энэ бүхний дараа Тайлер өөрөө орчин тойрондоо яршиг түвэг удсан танхайдуу жаал болсон нь ойлгомжтой. Нэгэн удаа түүнийг дэлбэрэлт хийсэн хэргээр сургуулиас нь хөөж байж. Гэвч яаж ийж байгаад төгсөлтийн шалгалтаа өгч чадсан. Тайлер хэдий хүнд амьдрал туулсан ч сурлагадаа муугүй байсан тул хүнд хэцүү жилүүдэд зохиол, жүжиг бичихэд бүгдээ зориулдаг болж. Удалгүй Атланта руу нүүж очоод “I Know I’ve Been Changed” нэртэй жүжгээ тайзнаа гаргасан ч амжилтад хүрсэнгүй. Гэхдээ л Тайлер бууж өгсөнгүй жүжгээ ахин зургаан удаа тайзнаа амилуулжээ. Харамсалтай нь тэр болгонд үзэгчдийн таашаалд нийцэхгүй, орлого нь зардлаа нөхөж дийлэхгүй байсан тул машиндаа амьдардаг болов. Явсаар 1998 онд жүжиг нь ашгүй нэг үзэгчдийн таашаалд нийцэснээр дээшлэх боломж бүрдсэн. Өдгөө Тайлер Перри нь шоу бизнесийн хамгийн өндөр цалинтай найруулагч, продюсерүүдийн нэг.


Ачааны машиндаа хонодог хүн олны танил болсон түүх

1950-аад оны сүүлээр Уильям нь жүжигчин болохоор төрөлх Канадаа орхин АНУ-ыг зорьжээ. Эхлэл нь амжилттай болж Бродвейд хэдэн дүрд амжилттай тоглосны дараагаар Холливудыг зорив. Тэгээд ирсэн даруйдаа шахуу буюу 1965 онд драм төрлийн цуврал кинонд гол дүр бүтээсэн ч цувралыг нь нэг улирал явуулсны дараа рейтинг багатай байна гээд хаах нь тэр. Дараа нь “NBC” сувгийн шинжлэх ухааны уран зөгнөлт бас нэгэн  цувралын дүрд тоглож эхэлсэн ч түүнийг нь гурван улирлын дараа хаасан байна. Энэ мэтээр удаа дараалан бүтэлгүйтсээр Уильям ажилгүй болж, дээр нь гэр бүл нь салан эхнэр хүүхэддээ өгөх тэтгэмжээ төлж чадахгүй болов. Арга бараад ахин театрт аар саархан дүрд тоглож эхэлсэн байна. Энэ бүх хугацаанд мань хүн ачааны машиндаа брезент нөмрөн хонодог байв. Гэтэл түүний тоглож байсан шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал нь “Star Trek” байж таарчээ. Энэ цувралыг дахин авч эхэлсэн нь туйлын амжилттай болж 1973 онд цувралыг үндэслэн хүүхэлдэйн цуврал кино, 1979 онд бүрэн хэмжээний кино авсан юм. Одоогоор “Star Trek” нь мултимедиа салбарын хамгийн амжилттай франшизын нэг гэж зүй ёсоор тооцогддог, харин Уильям Шатннер дэлхийн хамгийн танил царайны нэг болж хувирсан юм. Шантраад  мэргэжлээ хаялгүй, тууштай зүтгэсний гавьяа нь энэ.


Орон гэргүй хүнээс тэрбумтан хүртэл

Жоны амьдралын эхлэл тун таагүй байв. Гэр бүл нь хоногийн хоолоо л арай чүү залгуулдаг ядуу. Иймд Жон хар багаасаа л зул сарын баяраар гоё зурагтай ил захидал зарах г.м юухэн хээхэн хийж гэр орондоо тус нэмэр болдог. Өсвөр насандаа гудамжныдээрмийн бүлэглэлүүдтэй орооцолдон сургуулиа хаях дөхсөн ч сэхээ ав дуустал суржээ. 22 настайдаа Жон орон гэргүй хүн болсон байв. Амь зуухын эрхээнд хоосон шил, лааз түүж тушаадаг болсон байлаа. Гэвч бууж өгсөнгүй өөд мацсаар үс арчилгааны бүтээгдэхүүн зардаг компанид ажилд оржээ. 1988 онд Пол гэдэг стилисттэй хамтран үс арчилгааны өөрийн гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байгуулсан нь амжилттай болж. Нэгэн бизнесмен тэдэнд хандан компанийг нь 500 мянган доллараар худалдан авах санал тавьсан байна. Гэвч Пол, Жон хоёр эцсийн бүлэгт луйвардуулж нэг ч цент авч чадаагүй байдаг. Үр дүнд нь ахиад орон гэргүй, ажилгүй болж, машиндаа хонодог болов. Гэхдээ л бууж өгсөнгүй Полтой хамт зүтгэсээр 700 долларын зээл аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэн өөрсдөө айл айлын хаалга тогшин зарах болов. Өдгөө тэдний “Paul Mitchell Systems” компани нь жилдээ 100 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй асар том компани болон хувирч. Жоны хөрөнгө одоогийн байдлаар 4 тэрбум долларт хүрсэн.


Мөрөөдлөө хөөсаар хошин шогийн шоуны од болсон хүний түүх

Стив 30 хүрсэн хойноо багын  мөрөөдлөө хэрэгжүүлэн хошин шогийн жүжигчин болохоор шийдэж.  Эхнэрээсээ салж, цалингийнхаа 75 хувийг тэтгэгмж гэж эхнэртээ өгдөг байсан нь гол асуудал байв. Үлдсэн 25 хувиар нь олигтой амьдрах боломжгүй байсан нь мэдээж. Иймд Стив 3 жилийн турш өөрийн “Ford Tempo” машиндаа амьдрахаас өөр аргагүй болов. Шатахуун түгээгүүрийн газруудын бие засах өрөөнд усанд ордог байсан байдаг гэнэ. Гэвч энэ бүх хугацаанд хошин шогийн жүжигчин болох мөрөөдлөөсөө ухарсангүй , энд тэнд клубуудэд өөрийн Стэнп ап шоутайгаа тоглодог болов. Явсаар “Showtime”-д өөрийн тоглолтоо үзүүлэн анх удаа зурагтаар гарсан нь ихээхэн амжилт авчирсан юм. Стив Харви одоо ч гэсэн тв-д ажилласан хэвээр. Америк даяар алдартай хошин шогийн жүжигчийн, “Family Feud” шоуны хөтлөгч. Түүний хөрөнгө одоо хэдийн 100 сая долларыг даваад байгаа.

0 Сэтгэгдэл
mash goe tuuh bn tuushtai hynyamar amjilt oldogiig haruulsan
300 сая хүнд бол америк мөрөөдөл биелэнэ. 3 сая хүнд энэ биелнэ. тэгэхийн тулд заавар хар тамхичин, архичины хүүхэд болж төрөх ёсгүй. зарим талаараа монголд таарахгүй. жишээ нь улс төр занаа өөрийгөө өргөж өсгөсөн аав нь ддү нарт их анхаарал тавьдаг тул 18 нас хүрсэн өдрөө төрсөн гэр лүүгээ явсан гэсэн америк маягын өрөвдүүлэх тактикаар монголын сонгууль ороод өсгөсөн ач мэдэхгүй энэ авгай улс төрд сайн зүйл хийхгүй гээд сонгогдох битгий хэл хамгийн доод санал авсан. уугуул үндэстэн, цагаач үндэстэн хоёр соёлын их ялгаа бий
Хамгийн их уншсан