Нобелийн шагналын түүхэнд хамгийн залуу энхтайвны шагналтан болсон Пакистаны тэмцэгч Малала Юсафзай шагналаа албан ёсоор гардан авлаа. Тэрээр Энэтхэгийн идэвхтэн Кайлаш Сатяртхитэй хамт Нобелийн шагнал авсан ч бүхний анхаарлын төвд зөвхөн 17 настай Малала охин л тусч байлаа. Үнэхээр ч түүн шиг залуу охин ийм нэр хүндтэй шагнал авна гэдэг дэлхийн түүхэнд ховор үзэгдэл учраас энэ бүхний гэрч нь болон харж суусан үзэгчдийн хамаг анхаарал Малала руу л чиглэж байв. Энхтайвны үзэл санааг очсон газар бүртээ ярьж явдаг ч дүрсгүй хоёр эрэгтэй дүүтэйгээ бол найрамдахад амаргүй байдгаа Нобелийн шагнал гардуулах ёслолын индэр дээрээс нуулгүй ярих Малала хэдий бага залуу хүүхэд ч гэлээ хүсэл эрмэлзэл нь балчир биш гэдгийг нэр хүндтэй зочдын өмнө хэлсэн үгээрээ тэр харуулсан юм. Малалагийн хүн болсон ертөнцөд охид нь хөвгүүдтэй адил сурч боловсордог болох нь түүний чин хүсэл бөгөөд төрөлх Пакистанаа өндөр хөгжилтэй улс гүрэн болоод, бүгд ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээхийн тулд улс төрийн аргаар л тэмцэх ёстой юм бол улсынхаа Ерөнхий сайд болно хэмээн шагналаа гардахын өмнөхөн ярилцлага өгөхдөө тэр хэлсэн юм .
Хэдийгээр Малалаг чиглэсэн олны анхаарлын сүрд дарагдаж орхисон ч Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Кайлаш Сатяртхи бол хийсэн үйл хэргээрээ анхаарлын гадна хэрхэвч үлдэж болохгүй нэгэн юм. Тэрээр хатуу ширүүн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгаран байж 80000 хүүхдийг боолын хөдөлмөр эрхлэхээс аварч хамгаалсан нэгэн бөгөөд ийн явахдаа хоёр ч хамтран зүтгэгчээ алдаж байжээ. “Хүүхдүүдийг хамгаалахын төлөө явж байхдаа хоёр ч хамтрагчийнхаа амийг алдаж, шарилыг нь үүрээд явж байсан тэр үеийг би хэзээ ч мартахгүй. Хэдий бидний хөдөлмөр Нобелийн энхтайвны шагналаар үнэлэгдсэн ч мартах тэднийг учиргүй юм” хэмээн Кайлаш Сатяртхи шагналаа гардсаны дараа хэлсэн үгэндээ онцолжээ.
Ийнхүү хүүхэд, боловсрол, тэгш эрх, хөгжил дэвшил гээд хүн төрөлхтөний хамгийн чухал сэдвийг амьдралынхаа утга учир болгон, бусдын төлөө тэмцэж яваа нийгмийн хоёр зүтгэлтэн нэг дор шагнагдлаа. Гэхдээ энэ хүртэл тэдний нэг нь амь насаа алдах шахсан бол нөгөө нь хамгийн ойр дотныхоо хүмүүсийг хорвоогоос үдсэн юм. Ингэж л тэдний зүтгэл үнэлэгджээ.