Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүнгийн гэр бүлийн Америк дахь завгүй гурван өдөр


Их Британийн угсаа залгамжлах гүн Уильям гэргий Кэтериний хамт АНУ-д айлчиллаа. Тэдний гурван өдрийн айлчлалын дийлэнх хугацаа, гол хөтөлбөрүүд нь Нью-Йоркт өнгөрсөн юм. Үнсгэлжингийн үлгэрийн бодит биелэл хэмээн америкчуудын нэрлэх дуртай Кейт Миддлтон бие давхар байх хугацаандаа айлчилж буйд америкчууд түүнийг баяр хөөртэйгээр хүлээн авлаа. Америкийн хэвлэлүүд гүнгийн авхай Кэтериний хувцаслалт, жирийн ард иргэдтэй хэрхэн мэндчилж, харилцаж буйг анхааралтай ажиглан харж байлаа.

Гэхдээ гүн Уильямын хувьд түүнээс хавьгүй чухал ажил хэрэг амжуулахаар АНУ-д ирсэн гэж хэлж болно. Тэрээр айлчлалынхаа хоёр дахь өдрийн эхний хагасыг Вашингтон руу нисч, Ерөнхийлөгч Б.Обама, дэд Ерөнхийлөгч Жое Байдентай уулзан, Дэлхийн банкинд зочилж, зэрлэг онгон байгалийн хамгаалах сангийн хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэх зэргээр тун завгүй хөтөлбөртэй өнгөрүүлсэн. Тэрээр хагас өдрийн дотор энэ бүх ажлаа амжуулаад буцаад Нью-Йорк руу нисч, гүнгийн авхайн хамт экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, түүний охин Челси нартай хамт хүлээн авалтад оролцжээ. Энэ өдрийн үйл ажиллагаа үүгээр дууссангүй хос хоёр Барклэйс центерт NBA-гийн “Brooklyn Nets”, “Сleveland Cavaliers” багийн тоглолт үзсэн юм. Энэ үеэр тэдэнтэй рэппер Жэй Зи, дуучин Бионсе нарын гэр бүл ирж мэндчилсэн нь зааланд суугаа үзэгчдийн бүгдийнх нь анхаарлыг татаж байжээ.  Жирэмсний хордлогын улмаас хэдэн сар бие нь чилээрхсэн гүнгийн авхай Кэтерин өмнөх албан ёсны айлчлалаа цуцалсан болохоор энэ удаагийн айлчлалаар идэвхтэй байх гэж хичээсэн бололтой Нью-Йорк дахь хүүхдийн төвд ганцаараа зочилсон юм. Дэндүү эелдэг зөөлөн ааштай Кэтерин авхайг “Frozen” хүүхэлдэйн киноноос гараад ирсэн үлгэрийн баатар юм байх гэж бодсоноо тус төвийн хүүхдүүд дараа нь телевизэд ярьжээ. Гүнгийн гэр бүлийг очсон газар бүрт хүүхдийн тухай яриа өрнөж байсныг хэвлэлийнхэн онцолж байна. Уильям гүн Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж ярилцах үеэрээ аав болсон анхны мөчийн тухай хөгжилтэй дурсамжаа хуваалцаж, хүүхэд нь төрлөө гэсэн мэдээг сонсчихоод хэтэрхий баярлаж сандарсандаа хүү юу, охин уу гэж асуухаа ч мартсан байснаа ярьжээ.  Нэг ойтой хүүтэй, одоо таван сартай жирэмсэн гүнгийн авхай Кэтеринийг хүүхэддээ дуу дуулж өгч байх хэрэгтэй хэмээн эмээ болоод удаагүй хатагтай Хиллари Клинтон зөвлөжээ. Тэрээр охиноо бага байхад нь залхтал нь дуу дуулж өгдөг байснаа хэлж. Энэ нь хүүхдийн зан төлөвшилд их хэрэгтэй гэдгийг янз бүрийн судалгаа харуулж байгаа хэмээн ярьжээ.   Гүнгийн гэр бүл Америк дахь айлчлалынхаа сүүлчийн өдөр есдүгээр сарын 11-ний халдлагад амь насаа алдагсдын дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан