Монгол орон, монголчууд 25 жилийн өмнө ямар байсныг Японы гэрэл зурагчин Хироюки Үсами маш их өөрчлөгджээ гэдгийг ингэж тайлбарласан юм. “25 жилийн өмнө Японоос Монголд ирэхийн тулд Бээжингээр дамжиж тэндээ виз хүлээж гурав хонож байлаа. Харин өнөөдөр таван цаг нисээд Монголд ирдэг болж. Тухайн үеийн залуучууд, одоогийн төр барьж байгаа хүмүүсийн Монголыг өөрчлөх гэсэн хүсэл зориг нь миний зурганд илэрхий харагдах биз ээ. 25 жилийн өмнөх тэр залуучууд бүгд туранхай байсан бол одоо бүгд төрийн эрхэнд гараад сайхан бие бялдартай болжээ” гэж байлаа. 25 жилийн өмнө өвлийн -28 хэмийн хүйтэнд Монголд анх хөл тавихдаа Хироюки Үсами гэрэл зураг авч чадах болов уу гэж санаа түгшин ирж байснаа дурсав. Өвлийн хүйтнийг ажрахгүй гэрэл зургийн хальсанд Монгол орныг, Монголын ардчилагчдыг, монголчуудын тэмцлийг буулгаж чадсаныхаа ачаар тэр Төрийн ордны Төрийн түүхийн музейд 25 жилийн өмнөх түүхийг хүүрнэж байна. “25 жилийн өмнөх Монголыг өөрийнхөө зургаар танилцуулах болсонд баяртай байна” хэмээн тэрээр бидний түүхийг өнгө будагтай нь харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээсэн юм.
Ардчиллын түүхийг бид хар цагаан гэрэл зургаас олонтаа үзэж байснаас өнгөт хальснаа буусан байхыг тэр бүр хараагүйг ч үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүс өөр хоорондоо ярилцана.
Монголын Ардчиллыг Японы хэвлэлд хэрхэн бичиж, олонд түгээж, түүгээрээ дамжуулан дэлхий нийтэд мэдээлэл хүргэж байсныг нь гэрчлэн хуучны сонин хэвлэлийг мөн Төрийн ордны Төрийн түүхийн музейд дэлгэлээ. Мэдээж, үзэсгэлэнгийн гол үзмэрүүд нь Японы гэрэл зурагчин, Монголын төрийн дээд шагнал Алтангадас одонт Хироюки Үсамигийн бүтээлүүд. Япон гэрэл зурагчны дуранд 1989, 1990 оны Монгол Улс, монголчуудыг ямар өнцгөөс харагдаж, кадрт хэрхэн бууж үлдсэнийг сонирхуулах бас нэгэн түүх. “Монголын Ардчилал Японы хэвлэлд” үзэсгэлэнг нээхэд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ардчилсан хувьсгалын анхдагч, ОБЕГ-ын дэд дарга Дарь.Сүхбаатар, Ардчилсан хувьсгалын анхдагч, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Хишигбат нар сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Цагаан морин жил өрнөсөн ардчилсан хувьсгал Монголын түүхэнд онцгой үйл явдал болж үлдсэн. Энэ түүхэн үйл явдлыг бидэнд 25 жилийн дараа тольдуулах ажлыг “Нэг ардчилал” клубээс зохион байгуулж байна. Тухайн үед энэ зургуудыг авсан зурагчин Хироюки Үсами хүрэлцэн ирсэн. Ардчилсан хувьсгалыг дэлхий даяар анхааралтай харж, биднийг тууштай дэмжиж байсан нь манай хувьсгалын үйл явцыг гадаадад сурталчилж байсан цөөхөн сурвалжлагч, сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачдын гавьяа гэж боддог. Социалист шахалтыг даван туулж хувьсгалын фронтоос сурвалжлага хийж, Японы төдийгүй дэлхий нийтийн хүртээл болгож байсан гавьяатай хүн. Энэ үзэсгэлэнгээс Ардчилсан хувьсгалын олон зүтгэлтний 25 жилийн өмнөх дүр зургийг өнгөтөөр харна. Манай зурагнууд ихэвчлэн хар цагаан байдаг юм” хэмээв.
Үзэсгэлэнг зохион байгуулагч “Нэг Ардчилал” клубийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Залуучууд бид 25 жилийн өмнөх Монгол орноо хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан нийгэм болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан тэмцлийг үеийн үед дурсан, санаж явах учиртай. Ардчиллыг зөвхөн Монголчууд харж байгаагүй, дэлхий нийт ажиглаж байсан. Японы хэвлэлүүдэд гарсан мэдээг харахад монголчууд үнэхээр ардчилсан орон болж чадах уу, үгүй юу гэдэг асар том асуулт байжээ гэдгийг энэ үзэсгэлэнгээс харах болно. Тэр үеийн ардчиллын тухай Японы хэвлэлээр дамжиж дэлхийн мэдээ болж тархаж байсан. Ардчилал бол тасралтгүй үргэлжлэх процесс гэдгийг ойлгож, 25 жилийн өмнө ах, эгч нар, аав ээж, партизануудын зүтгэлийг өдөр болгон санан дурсаж тэр итгэл үнэмшлийг Монголын залуучууд сэтгэлдээ тээж, тэмцэх ёстойг сануулах зорилгоор үзэсгэлэн гаргаж байгаа юм” гэлээ.
Харин Ардчилсан хувьсгалын анхдагчдаа төлөөлж Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Хишигбат “Монголын нэн шинэ үеийн түүхэнд эрх чөлөө, ардчиллын төлөө цагаан морин жилийн хувьсгал өрнөөд 25 жилийн түүх үлдээжээ. Алдаж оносон он жилүүдийн уртад Монголын нийгмийн хөгжилд дэвшлийн гараагаа эхэлсэн бидний ололт амжилт, ард түмний, Ардчилсан холбоо, Ардчилсан намын анхдагч гишүүдийн зүтгэл билээ. Энэ түүхэн үйл явцыг гэрэл зургийн хальснаа үлдээсэн уран бүтээлчиддээ баярлалаа. МоАХ, АН, хамтран зүтгэгчдийн үйлсэд сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн юм.
Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, ОБЕГ-ын дэд дарга Дарь.Сүхбаатар “Ардчилсан хувьсгалын түүх бол Ардчилсан холбооны түүх биш. Зөвхөн Ардчилсан намын түүх биш. Аугаа их Монгол үндэстний түүх. Цаашилбал хүн төрөлхтний түүх. Өвөг дээдэс, үе үеийн эх орончид Хүн гүрнээс хойш Монгол төр улсыг цогцлоохдоо биднийг ийм хэмжээний Ардчилсан хувьсгал хийгээрэй гэж захьсан. Үр хойч маань хожим бидний үргэлжлүүлсэн, чадан ядан бүтээж байгаа Ардчиллын түүхийг улам төгөлдөржүүлэх үүрэгтэй байх болно. Энд ирсэн болон ирж амжаагүй, цаг бусаар тэнгэрт одсон олон эрхэм нөхдийнхөө, нэр нь хэзээ ч түүхэнд үлдэхгүй мөртлөө хэдэн зуун мянгаараа дэмжиж байсан ард түмний төлөөлөлд талархал илэрхийлье. Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгал цаашид улам төгөлдөржиж үргэлж гүнзгийрэх учиртай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Тэднийг үг хэлсний дараа үзэсгэлэнг албан ёсоор нээж, гэрэл зургийн хальснаа өнгөтөөр үлдсэн Ардчилсан хувьсгал, Монгол Улс, Улаанбаатарын дүр төрхийг тольдох боломжтой боллоо.
Төрийн ордны Төрийн түүхийн музейд өчигдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн энэ баасан гараг хүртэл үргэлжлэх юм. Гэрэл зурагчин Хироюки Үсамигийн дуранд өртөж түүхэн зурагт эрхэм таны дүр төрх үлдсэн ч байгаа юм бил үү, очиж сонирхоорой.