Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэр, тэргүүн хатагтай Грэйс Мугабе эрх баригч “Zanu-PF” намын удирдах албан тушаалд томилогджээ. 90 настай Роберт Мугабе намын даргаар улиран сонгогдохтой зэрэгцэн түүний эхнэр тус намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр ажиллахаар болсон байна. Энэ бол Грэйс Мугабе цаашид нөхрийнхөө суудлыг “залгамжлан” үлдэх гэсэн санаархлын эхний алхам хэмээн ажиглагчид харж байна. Тэрээр сүүлийн жилүүдэд улс төрийн аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орон даяараа нисдэг тэрэг хөлөглөн аялж, олны өмнө үг хэлдэг болсон юм.
1980 оноос хойш Зимбабвегийн Ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа Роберт Мугабе 2018 оны сонгуульд ч өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэвч нас дээр гарсан түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж чадахгүйд хүрсэн үед эхнэр нь орыг нь залгахаар одооноос бэлтгэж байгаа нь энэ хэмээн зимбабвечууд үзэж байгаа юм.