Хагупит нэртэй хар салхины улмаас Филиппинд далайн эрэг дагуу амьдардаг хагас сая гаруй хүн орон гэрээсээ дайжихад хүрчээ. 175 км/цагийн хурдтай хар салхины учруулсан гарз хохирлын хэмжээ хараахан тодорхой болоогүй байгаа ч моддыг үндсээр нь булгалж, цахилгааны шонгууд унаж, байшин барилга нурсан мэдээ эхнээсээ ирж байгаа аж. Гэхдээ Хагупит өнгөрсөн жилийн Хайян хар салхийг бодвол хүч багатай байгаа учир учруулах гарз хохирол ч харьцангуй гайгүй өнгөрөх байх хэмээн Филиппиний эрх баригчид найдаж байна.
Тус улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хайян хар салхид дайруулсны улмаас ихээхэн хохирол амсч, 7000 гаруй хүн амь насаа алдсан юм. Урьдын гамшигаас сургамж авсан эрх баригчид Хагупит салхийг ирэхээс урьтаж эрсдэлтэй бүсэд амьдарч буй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж амжжээ.