Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Торонд орсон хамгийн том ”бар”


Хятадын дотоодын аюулгүй байдлын салбарыг олон жил удирдаж явсан, эрх баригч Коммунист намын хамгийн том кадруудын нэг Жоу Юнканыг баривчлан шалгаж эхэлсэн тухайгаа БНХАУ-ын Ардын Прокурорын газраас албан ёсоор мэдэгдлээ.  

Түүнийг их хэмжээний авлига авсан, нам, төрийн нууц задруулсан, намын дүрэм ноцтойгоор зөрцсөн, бас гэр бүлээсээ гадуур олон эмэгтэйтэй нэр холбогдсон гэдэг хэд хэдэн үндэслэлээр жил тойрон шалгаж байгаа юм. Ийнхүү жил гаруй шалгасны эцэст түүнийг албан ёсоор баривчилж, энэ тухайгаа олон нийтэд мэдээлэх болсон нь Хятадын эрх баригчдад Жоу Юнканыг буруутгах хангалттай баримт олсоных хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Өнөөдрийг хүртэл Хятадын эрх баригч намаас түүн шиг шүүхийн хаалга татаж, намаасаа хөөгдсөн өндөр албан тушаалтан үгүй. Дотоодын аюулгүй байдлын сайд, Намын төв хорооны гишүүнээр ажиллаж байсан Жоу хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарах хүртлээ улсынхаа хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг байсан билээ. Гэвч Ерөнхийлөгч Си Зиньпин гарч ирснээр Хятадад авлигад автсан өндөр албан тушаалын түшмэдийг төрөөс цэвэрлэх томоохон аян эхэлж, дарга сайд явсан цөөнгүй хүн шоронгийн хаалга татаад буй. Тухайлбал, Жоу Юнкантай ойр дотно холбоотой явсан Чонцин мужийн намын дарга Бо Силай авлига, албан тушаалын хэргээр бүх насаараа хоригдох ял сонсчихоод байгаа юм. Нэгэн цагт Мастер Кан гэж нэрлэгдэж явсан Коммунист намын кадр ийнхүү Хятадын удирдагч Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын торонд орсон хамгийн том “бар” боллоо. Түүн шиг эрх мэдэл, албан тушаалд дархлагдсан намын кадруудаас эхлээд хэнийг ч ялгахгүй авлигын эсрэг хэргээр шалгаж буй нь  БНХАУ-ын дарга Си Зиньпин өөрийн нөлөөгөө бусдад мэдрүүлэн, байр сууриа батжуулахад ихээхэн нөлөөтэй гэж ажиглагчид үзэж буй.

Жоу Юнкан сайд байхдаа өөрийн дагалдагсад, туслах, төрөл садангаасаа олон арван хүнийг өндөр албан тушаалд томилуулаад байсны ихэнх нь түүний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Хэрэв түүний буруутай нь нотлогдвол ямар ял шийтгэл оноох нь тодорхойгүй ч энэ хэргийг шийдэхэд нэлээд цаг хугацаа шаардах нь тодорхой. Гэсэн хэдий ч авлигын энэ мэт том хэрэгтнүүдийг барьж хорьж, нийгэмд цочроо өгч байгаа нь сайн хэрэг хэмээн Хятадын олон нийт ам сайтай байгаа гэнэ. Тус улсын олон нийтийн сүлжээ сайтуудаар “Бид одоо авлигыг тэвчиж чадахгүй”, “Хорт хавдар болсон авлигыг цэвэрлэхээр албан тушаал харгалзахгүй шалгаж байгаа нь талархууштай” гэх мэт сэтгэгдэл зонхилж байгаа аж. Нөгөө талаар Жоу Юнканы хэргийн талаар тодорхой мэдээлэлд цензур тавьж байгаа бололтой. Түүний нэрээр интернэтэд мэдээлэл хайхад заримыг нь хаасан байгааг “BBC” онцолжээ.

Жоу Юнканыг мандаж явахад бүх л хүн айж эмээж явдаг байсан бол одоо шүүхийн хаалга татсан энэ үед нь холбоо харилцаатай байснаа аль болох нууж хаах гэж оролдож байгаа нь ч ажиглагджээ. Тухайлбал, Жоу Юнканы төгссөн Түлш, эрчим хүчний их сургууль нэгэн үе түүнийг өөрийн хүндэт төгсөгч хэмээн бахархан зарладаг байсан бол хэрэгт холбогдсоноос нь хойш түүнтэй холбоотой мэдээллүүдийг нуун дарагдаж, сургуулийнхаа 60 жилийн ойд оролцсон баярын зургуудыг нь хүртэл сургуулийнхаа цахим хуудаснаас устгажээ. Энэ явдалд олон нийт шүүмжлэлтэй хандаж, их сургууль, эрдмийн байгууллага хүртэл алдар нэртэй нэгэнд тал засч, уруудаж доройтож явахад нь нүүр буруулдаг зангаа засах хэрэгтэй хэмээн шүүмжилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан