Йеменд барьцаалагдаад байсан Америкийн фото сэтгүүлч Люк Сомерсийг суллах тусгай ажиллагааны үеэр шархадан, шархаа даалгүй амь үрэгдсэн тухай “ВВС” мэдээлж байна. Үүнээс гадна Сомерсийн хамт барьцаалагдаад байсан Өмнөд Африкийн багш Пьер Корки бас амь үрэгдсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн хэлснээс үзвэл алан хядагчид Сомерсийг алахэд бэлдэж байгаа тухай мэдээ авсан тул тусгай ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон аж. Тухайн үед барьцааны хүмүүсийг суллах тусгай ажиллагааг ням гарагт буюу өнөөдөр явуулж магадгүй тухай мэдээ цацагдаад байсан юм.
Ерөнхийлөгч Обама сэтгүүлчийг амийг хөнөөсөн балмад үйлдлийг буруушаагаад мэдэгдэлд хийж “"АНУ иргэдээ хаана байгаагаас үл хамаараад буцаан авчрахын тулд цэрэг, тагнуул, дипломат бүх боломжийг ашиглана гэдгийг барьцааны хүмүүсийг суллах энэ болон бусад ажиллагаа харуулж байна. Улмаар манай иргэдэд хор хүргэхийг санаархсан алан хядагчид Америкийн шүүхийн урт гарын өөрөө дээрээ мэдэрнэ” гэжээ.
Люк Самерсийг өнгөрсөн оны есдүгээр сард Йемений нийслэл Санагаас хулгайлсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Аль-Кайда”-ийн алан хядагчид болон барьцааны хүмүүс байж болзошгүй гэсэн газар америкчууд тусгай ажиллагаа явуулсан. Тэр ажиллагааны үеэр барьцааны найман хүнийг суллаж чадсан ч тэдний дотор Сомерс байгаагүй. Тусгай ажиллагаа эхлэхийн өмнөхөн Сомерс болон өөр хэдэн хүнийг өөр газар руу шилжүүлсэн гэж таамаглаж байгаа юм байна.
33 настай Люк Сомерс нь чөлөөт сэтгүүлч, фото сурвалжлагчаар Йеменд ажиллаж байсан бөгөөд орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдтэй хамтардаг байжээ.