Лондон хотноо "Victoria"s Secret"-ийн алдартай фешн шоу болж өнгөрлөө. "Victoria"s Secret"-ийг чанарын хувьд нэг тиймэрхүү бүтээгдэхүүн гаргадаг гэж зарим нь муулдаг ч гэлээ яах аргагүй дэлхийд алдартай, охид бүсгүйчүүдийн хамгийн дуртай брэндийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Яагаад гэвэл энэ компани нь өөрийн бүтээгдэхүүнээс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр сурталчлуулдаг, тэднээ "сахиусан тэнгэр" гэж нэрлэдэг.
Ийм байдал компанид ч тэр, "сахиусан тэнгэр"-үүдэд ч тэр адил ашигтай байдаг. Компани нь уул шугамандаа дэндүү хямд бүтээгдэхүүнээ тэнгэрт хадсан үнээр зараад ашигтай, загвар өмсөгчид нь сая сая доллар халааслаад баяртай.
Загвар өмсөгчдийн хувьд "Victoria"s Secret"-ийн загварын үзүүлнэ гэдэг нь программист хүн "Google"-д ажилд орсонтой адил. "Victoria"s Secret"-ийн дотуур хувцсыг сурталчлах гэрээ байгуулж чадсан л бол шууд дагалдаад нэр алдартай, сая саяар тоологдох мөнгөтэй болно. Гэхдээ компани нь хувцсыг нь өмсөх моделиудыг тун хатуу шалгуураар шалгаж авдаг аж. Гадаад төрх, нэр хүнд, хувийн амьдралаа мартан бүгдийг ажилдаа зориулах гээд олон зүйл шаарддаг юм байх. Гадаад төрхийн тухайд заавал урт хөлтэй, булцгар уруултай, өндөр шанаатай байх ёстойгоос гадна заавал урт намирсан үстэй байх ёстой. Дээр нь спортоор тогтмол хичээллэдэг, янз бүрийн хоолны дэглэм тогтмол барьдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл амьдралын хэв маягийн амьд сурталчилгаа байх ёстой гэнэ.
"Victoria"s Secret" нь өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлахдаа олны анхаарлыг татсан жинхэнэ шоу явуулж чаддагаараа зартай. Энэ компанийн жил болгоны фешн шоуг Америкийн сувгууд прайм тайм буюу үзэгчид хамгийн олон байдаг цагаараа шууд нэвтрүүлдэг.
Шоуны хөгжмийн хэсгийг хамгийн алдартай поп дуучдад даатгана. ЖИшээлэхэд, энэ жил хүрэлцэн ирсэн хүмүүсийг Тэйлор Свифт зугаацуулж байсан бол өнгөрсөн жил Рианна, уржинан жил Жастин Бибер дуулж байв. Шоунд оролцсоны төлөө эдгээр дуучид хэдийг авдагийг барагцаалж ядах зүйлгүй. Ямар ч байсан ардаа зургаан тэгтэй байгаа. Гэхдээ "Victoria"s Secret" иймэрхүү зүйлд хотоодоггүй.
Ингээд үзэсгэлэнтэй загвар өмсөгчид, од болсон дуучидаас гадна өмсөж үзүүлэх ёстой хувцас нь өөрөө ямагт олны анхаарлыг татаж байдаг. Загвар өмсөгчид шинээр гарсан цувралын дотуур хувцас өмсөхөөс гадна шоунд зориулан тусгайлан бүтээсэн, далавчтай, нимгэн нөмрөг, элдэв чимэгтэй хувцас өмсөж харуулна. Үзэгчид жил болгоны "Fantasy Bra"-г тэсэн ядан хүлээдэг гэдэг. Энэ нэрээр шоунд зориулж алт мөнгө, үнэт чулуугаар чимсэн бюстгальтерийг нэрлэдэг.
Энэ жил нийт дөрвөн сая ам.долларын үнэтэй хоёр "Fantasy Bra"-г харуулж олныг алмайруулжээ. Үнэт чулуу, алт мөнгө эдлэл хийдэг "Mouawad Jewellery" компани энэ хоёр загварыг захиалгын дагуу хийхэд 1380 цагийн ажил зарцуулсан гэнэ.
Гэхдээ "Victoria"s Secret"-ийн загвар өмсөгч болгон "Fantasy Bra"-г өмсөөд байдаггүй. Компани нь өөрийн загвар өмсөгч дундаас хамгийн алдартай, хамгийн цуутайд нь ийм эрх өгдөг.Энэ жил хамгийн хамгийн гэсэн тодотголд тохиросон хоёр загвар өмсөгч байсан тул хоёр "Fantasy Bra"-г бэлдсэн аж. Тэр хоёр нь Адриана Лима, Алессандра Амбросио.
Энэ хоёр загвар өмсөгч 2014 онд "Victoria"s Secret"-ийн загварыг өмссөний төлөө тус бүр найман сая доллар халааслажээ.Ингэснээр 2014 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн жагсаалтад дээрээсээ хоёрдугаар байранд хоёулаа орсон байна. "Victoria"s Secret"-ийн загварыг өмсдөг өөр хоёр загвар өмсөгч болох Карли Клосс ба Жордан Данн нар тус энэ жил тус бүр дөрвөн сая долларын цалин авснаар жагсаалтын дөрөвдүгээр байранд орсон байна.
Ингээд л охид бүсгүйчүүд "Victoria"s Secret" гэсэн брэндийн харах бүрт долларыг жил болгон хэдэн саяар нь авдаг, урт үстэй, гоо царайтай, спорт маягийн бүсгүйчүүд нүдэнд нь харагдаад өөрөө ч мэдэлгүй мөнгө гарган дотуур хувцсыг нь аваад байдаг юм байна. Товчхондоо бол "секс юуг ч зарж чаддаг" гэсэн он цагийн шалгуурыг давсан аргыг чадварлагаар ашигладаг.