Украины шинээ сонгогдсон Дээд Рада буюу парламент нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. Шинэ Засгийн газар нь Европын холбоо, Өрнө дахинтай цаашид улам нягт хамтын ажиллагаатай болох, Оросын гэх бүх зүйлээс хамааралгүй болох, эдийн засгаас эхлээс улс төр хүртэл бүх зүйлээр бусдаас жинхэнэ тусгаар, жинхэн соёлжсон, Европжсон улсыг байгуулах зорилготой. Гэтэл Украины шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд гадаадын гурван иргэн оржээ.
Тодруулбал, АНУ-ын иргэн Наталья Яресько Сангийн яамны сайд, Гүржийн иргэн Александр Квитиашвили Эрүүл мэндийн яамны сайд, Литвын иргэн Айварас Абромавичус Эдийн засгийн хөгжлийн яамны сайд болсон байна. Өмнөх Януковичийн Засгийн газрын бүх сайдуудыг Оросын тагнуул, Оросын иргэн гэж хардаад одоо жинхэнэ Украины төлөө украинуудын Засгийн байгуулна гэж байсан хүмүүс ийм шийдвэр гаргасанд гайхах хүн гарсан нь ойлгомжтой. “Майдан”-ы үзэл санааг дэмждэг парламенттай болсны дараа байгуулсан Засгийн газарт нь гадаадын гурван иргэн сайд болж орж ирснийг шинжээчид янз бүрээр тайлбарлан магтах нь магтаж, шүүмжлэх нь шүүмжилж байна.
Магтаж байгаа хүмүүс Украины бодит байдлыг онцолж байна. Юуны өмнө одоогийн Украин нь өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын “хичээл зүтгэлээр” олигархижсан улс болгосон. Иймд Украин нь бүхэлдээ цөөн хэдэн олигархын ил эсвэл далд удирдлага, нөлөөн дор явдаг эрх ашгийн бүс болж хуваагдсан. Албан тушаалтнууд нь аль нэг олигархад ашигтай шийдвэр гаргахын тулд авилга гэдгийг яаж авдгийг яруу тодоор нь харуулах нь хэвийн шахуу үзэгдэл болсон гэнэ. Улмаар үүнийгээ дагаад бүх л чадвартай, мэргэжилтэй гэсэн хүмүүс ч үндсэндээ аль нэг олигархын талын хүн болж хуваагдсан юм байх. Иймд зарим салбарыг олигархуудын нөлөөнөөс бага ч болов гаргах, нөлөөг нь сулруулахын тулд олигархуудтай ямар нэг холбоогүй хүн, тэр тусам гадаадын хүн байх нь чухал гэж үзсэн аж. Гэхдээ зүгээр нэг орны иргэн биш харин ардчилсан орны, ардчилсан хувьсгал хийж Оросын нөлөөнөөс гарч байсан улсын хүнийг тавих нь наандаж Оросыг эсэргүүцэх, цаанадаж улс төрийн өндөрлөгт ардчилалыг хөгжүүлэхэд чухал гэж. Эцэст нь тэднийг өндөр албан тушаалаа ашиглан халаасаа түнтийлгэнэ гэх магадлал, эрсдэл хамгийн бага.
Шүүжмлэгчид нь гадаадын иргэдийг сайд болгож Засгийн газартаа оруулж байгаа нь юуны өмнө украинчуудыг доромжилсон хэрэг гэж үзжээ. Украинд амьдарч байгаа 40 хүний дундаас сайд хийчих чадвартай 10 хүн олддоггүй юм гэхэд ядаж украин үндэстэн хүн олоод сайд тавьчихаж болоогүй юм байх даа гэж байна. Цаашлаад, Засгийн газрын бүрэлдэхүүнд орох гадаадын иргэдийг сонгох ажлыг хийсэн компанийг Жорж Соросын сан санхүүжүүлсэн гэнэ. Иймд гадаадын харьяат сайдууд хэн тэднийг өндөр албанд томилсоныг ор тас мартана гэж байхгүй гэцгээж байна. Бүр тодруулбал Америкийн ачаар гарсан болохоор үнэн хэрэг дээрээ Украины төлөө биш харин Америкийн эрх ашигт үйлчилнэ, Америкиас Украиныг удирдахаар томилогдсон амбан сайдууд шиг авир гаргана гэж хардаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл баавгайн амнаас мултарлаа гэсэн чинь цагаан толгойтой бүргэдийн саварт орлоо гэж.
Украины Сангийн сайд Наталья Яресько нь АНУ-д төрсөн, тус улсын иргэн ч гэлээ сүүлийн 20 жилийн турш Украинд ажиллаж амьдарч байгаа. 1990-ээд оны эхнээс Украин дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан. Украины зарим хэвлэлүүд түүүнийг АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан гэж тодотгох болж. Өөрөөр хэлбэл Америкийн Гадаад явдлын яаманд ажиллаж, Америкийн гадаад бодлогыг хэрэгжүүлж байсан хүн гэнэ. Одоогоор Яресько нь хөрөнгө оруулалтын “Horison Capital” компанийн үүсгэн байгуулагчийнй нэг. Тус компани нь Украин, Беларусь, Молдавт хөлөө олох, ашигтай ажиллах өндөр боломж бүхий дунд зэргийн хөрөнгжилттэй компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Ямар ч байсан санхүү гэж юу байдгийг маш сайн мэддэг гэсэн үг.
Украины Эдийн засгийн хөгжлийн сайд Айварас Абромавичус нь хөрөнгө оруулалтын “East Сapital”компанийн Зүүн Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг хариуцсан ахлах зохион байгуулагч. Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хариуцдаг. Шведийн “Hansabanka”-д хуучин ЗХУ, Турк, Дорнод Европын орнуудад хийх хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж гараагаа эхэлсэн. Дараа нь “Brunswick Emerging Markets”-т яг адил ажилд орсон. Одоо түүний удирдаж байгаа хөрөнгө оруулалтын компани нь эрсдэл өндөртэй зах зээлд үйл ажиллагаа явуулах дээр тусгайлан ажилладаг. Айварас Абромавичус нь их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулж байгаа. Тухайлбал, Оросн нутаг дээр 539 сая ам.доллар, Зүүн Европт 321 сая ам.доллар. Түүний компани нь 2002 оноос Украинд ажиллаж байгаа. Абромавичус нь Соросын сангийн шууд бус хяналтад байсан Эстоноийн Олон улсын бизнесийн сургууль, Висконсин мужийн Их сургуульд сурч байсан.
Украины Эрүүл мэндийн сайд Александр Квиташвили нь Гүрж төрсөн. Гэхдээ ажлын гараагаа АНУ-д эхэлсэн. 1993 онд Атлант мужийн Эмнэлгийн төвийн захиргаа ба санхүүгийн департаментад ажилд орсон. Тэр жилдээ Гүржид эргэн ирсний дараа НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар захиргаа ба санхүү хариуцсан удирдах ажилтан байсан. 1997 онд “Олон улсын “Курацио”” сан ТТБ-ын ерөнхийлөгч байсан. 2002 онд Эрүүл мэдийн яамны боловсрол, нийгмийн хөтөлбөр, эдийн засгийн өсөлт ба ядуурлыг давах дэд хорооны үндэсний зохицуулагч эксперт. 1995-2002 онуудад Азербайжан, Литв, Украин, Армени, Серб зэрэг улсуудад янз бүрийн олон улсын байгууллагын зөвлөх байсан. 2002-2003 онуудад Нью-Йоркт ажиллаасан. 2004 онд Өрнө ба Дорнын институтын удирдлагын захирлаар томилогдсон. 2005 онд энэ институтын удирдлагын ерөнхий захирал болсон, удирдах зөвлөлийн гишүүн.
Украины хуулиар зөвхөн тус улсын иргэн Засгийн газрын гишүүн болох ёстой тул Ерөнхийлөгч Порошенко тусгай тушаал гарган Украины иргэншил өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.
Эдгээр томилгоо ийнхүү хэл амны бай болж байгаа ч хараахан томилогдоогүй байгаа Украины Үндэсний авилгын эсрэг товчооны даргаар ямар хүн томилогдох вэ гэдэг асуудал хамгийн их анхаарал татаж байна. Учир нь, нэн чухал, зангилгааны гэж болохоор энэ албан тушаалд ахиад л гадаадын иргэн томилох тухай яригдаж байгаа аж. Украины хамгийн том сул тал нь авилга гэж өрнөдийн мэргэжилтнүүд ч тэр өөрсдөө ч тэр дуу нэгтэй мэдэгдэж байгаа. Иймд авилгыг багасгах нь тус улсын дотоод бодлогын хувьд нэн тэргүүний асуудал. Хар үгээр бол хэний хүн тус товчооны дарга болохоос хамаараад хэний эсрэг авилгын хэрэг үүсгэн мөрдөн байцаах, шийтгэх, бизнесийг нь хураах, улс төрийн ирээдүйгүй болгох вэ гэдэг нь шалтгаалах болоод байгаа аж.
Аль улсад байгаагаас үл хамаараад аливаа нэг олигархын эд баялаг нь тухайн хүний эрх ашиг Засаг төрд хэр хамгаалттай вэ гэдгээс ямагт шалтгаалж байдаг. Харин Украин хэдийн олигархжсан улс болсон тул Авлигатай тэмцэх товчооны даргын томилгоо нь тэдний хувьд үхэх сэхэхийн асуудал. Бүгд өөрийн хүнээ суулгах, бусдынхыг эсэргүүцэх гэх нь ойлгомжтой. Хурц зөрчил үүсгэхгүйн тулд хөндлөнгийн хүн тавьж таараа. Ийм хөндлөнгийн хүн нь гадаадын иргэн байх тусам “аятайхан”. Хэрэв энэ суудалд Америкийн талыг баримтлагч хүн суувал олигархууд нь Днепр мөрний мөсийг долоох шахам байж олсон баялагаа алдахгүйн тулд их бага тодорхой хэмжээгээр Америкийн талыг баримтлагч, Оросыг эсэргүүцэгч болж хувирахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ.
Шилжилтийн ээдрээтэй үед гадаадын иргэдийг Засгийн газарт гишүүнээр эсвэл яам, тамгын газар зөвлөхөөр ажиллуулах нь байдаг зүйл. Манай хойд хөршид 1990 оны үед бараг л бүх яамдуудад нь Америкийн зөвлөхүүд ажиллаж, зах зээл гэж юу байдаг, ямар зарчмаар ажилладгийг зааж байсан байдаг.