Өмнөд Солонгосын смартфон хэрэглэгчид өдөрт дунджаар 3,5 цагийг утастайгаа харилцаж өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ. 30-40 насныхны хувьд энэ хугацааныхаа дийлэнхийг тоглоом тоглож өнгөрүүлдэг бол залуучууд мессэж бичиж, чатлахад зориулдаг байна. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост 40,12 сая смартфон хэрэглэгч байна гэсэн тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, тус улсын хүн амын 79,6 хувь нь ухаалаг утас эзэмшдэг болжээ.
Ийнхүү смартфон хэрэглэгчдийнхээ тоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж буй солонгосчуудын дунд жил ирэх тусам утастайгаа харилцах хугацаа нэмэгдсээр байгаа юм. 2012 онд хийсэн судалгаагаар смартфон хэрэглэгчид өдөрт дунджаар 2,5 цагийг гар утастайгаа харилцаж өнгөрүүлдэг байжээ. Харин 2012 оны долдугаар сард Какао токийн тоглоомын үйлчилгээ нэвтэрснээр солонгосчуудын гар утсандаа зориулдаг цаг илт нэмэгдсэн байна.