Оросууд асар их найдлага тавьж, Харин Европын холбоо, Украин идэвхтэй эсэргүүцэн үгүйсгэж байсан олон арван тэрбумын үнэтэй “Өмнөд урсгал” нэртэй шатдаг хий дамжуулах төслийг зогсоож байгааг Путин албан ёсоор мэдэгдлээ. “Өмнөд урсгал” нэртэй энэ хоолойн ач холбогдол, хэн хохирч, хэн алдаж байгаа тухай ярихаас өмнө бага зэрэг түүх ярих хэрэгтэй байх.
Украинд анхны өнгөт хувьсгал гарч Ющенко гарч ирсний дараанаас өмнө нь Оросоос авсан шатдаг хийн мөнгөө төлөхгүй, цаашид өөрийн нутаг дээрх хоолойгор шатдаг хий дамжуулсны төлбөрийг нэмнэ гээд яг одоо Украинд болж байгаатай адил үйл явц болсон. Орос Украин хоёрыг хэрэлдэж байх зуур Европ шатдаг хийгүй үлдэж “осгож үхэх” шахсан. Энэ ээдрээний улмаас европынхон оросын шатдаг хийнээс хэт хамааралтай байна, өөр нийлүүлэгчтэй болох нь зүйтэй гэсэн анхны дүгнэлт хийж байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Товчхондоо Украиныг Европ ба Оросыг холбосон хамгийн эмзэг цэг гэж сонгоод түүнд дээр нь дарсны үр дагавар гэж болно. Харин хэн тэр эмзэг цэг дээр дарсан тухай яриа нь өөр яриа.
Үүний дараанаас Оросууд улс төрийн хувьд тогтворгүй, хэзээ мөдгүй хөршийнхөө нутгаар шатдаг хийгээ Европ руу зөөсөн хэвээр байвал тун удахгүй бас нэгэн ээдрээнд орох эрсдэлтэйг ойлгосон. Ингээд Украинаар дайруулалгүй шууд Балтын тэнгисийн ёроолоор Герман хүртэл шатдаг хий хоолой барих “Умард урсгал” төслийг улам эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хоолойг 2010 онд дөрөвдүгээр сард барьж эхлээд 2011 оны есдүгээр сард ашиглалтад өгсөн. Төд удалгүй энэ яг энэ чиглэлээр “Умард урсгал -2” гэсэн бас нэгэн хоолойг тавьсан юм. Ингэснээр Оросууд шатдаг хийгээ Европ руу хүргэхдээ Украинаас хамаагүй бага хамааралтай болсон нь ойлгомжтой. Тухайн үедээ энэ нүсэр төслийг Украин, Польш хоёр хамгийн их эсэргүүцэж байлаа. Оросын шатдаг хийг агуулсан хоолой энэ хоёрын нутгаар дамждаг, тэд өөрсдөө шатдаг хий авч Оросуудад мөнгө төлдөг ч хоолойгоороо шатдаг хий дамжуулсан гээд төлбөр авдаг тул эсэргүүцэхээс өөр аргагүй. Гэхдээ л Орос, Герман хоёр мундагдсаар барьж дөнгөсөн. Замд нь транзит улс байхгүй, тэр улсад нь өнгөт хувьсгал гарахгүй тул энэ хоолой өнөөдөр хэвийн ажиллаж байна.
Үүний дараанаас Орос шатдаг хийн экспортоо Украинаас бүрэн хамааралгүй болгохын тулд Хар тэнгисийн ёроолоор Болгар хүртэл хоолой тавьж тэндээсээ Европын орнууд руу түгээлт хийх “Өмнөд урсгал” нэртэй өөр нэг төслийг хэрэгжүүлэхээр бэлдсэн. Энэ төслийг эсэргүүцэгчид бүр ч олон болсон. Уламжлал Украин, Польшоос гадна Америк шахалт үзүүлж Европын комисс ч өөрөө эсэргүүцэх болсон. Юуны өмнө Европын холбооны Эрчим хүчний аюулгүй байдлын гурав дахь багц гэдгийг баталсан. Энэ багц нь Оросын шатдаг хийнээс хамааралтай байдлыг багасгах зорилгой бөгөөд шинэ хуулийн дагуу шатдаг хий олборлогч, борлуулагч, хоолой эзэмшигч гурав нь гурван тусдаа компани байх ёстой болж таарсан.
Өөрөөр хэлбэл энэ хуулийн дагуу Оросын Газпром олборлож байгаа хийгээ борлуулахын тулд хоолой тавиад дуусмагцаа зөвхөн олборлогчоор үлдэх болж таарав. Асар их зардал гаргаж тавьсан хоолойгоор өөр нэг компанид бараг үнэгүй шахуу шилжүүлэн өгөх ёстой, дээр нь Европ дахь борлуулалтыг нь бас нэг тусдаа компани удирдан хянаж Газпром хийг хэнд ямар үнээр зарахыг мэдэх ёстой болж таарсан. Ийм нөхцлийг оросууд зөвшөөрөөгүй ч “Өмнөд урсгал” төслөөсөө татгалзаагүй, Хар тэнгисийн ёроолоор явах хоолойг хүлээн авагч гол улс болох Болгарын Засгийн газрын зарчмын шийдвэр, зөвшөөрлийг л хүлээж байв. Болгарын Засгийн газар, Ерөнхий сайд Бойко Борисов нэг бол зөвшөөрөх гээд, үгүй бол болих гээд төслийг тодорхойгүй, жингүүдлийн байдалд оруулж орхисон. Иймэрхүү байдалтай Орос өмнө нь тулгарч байсан тул дипломат болон эдийн засгийн олон хөшүүрэг ашиглаж байгаад эцсийн дүнд нь зөвшөөрүүлж дөнгөх байсан биз. Гэвч...
Гэвч Украины хямрал эхлэх нь тэр. АНУ, Европын холбоо Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ авлаа. Обама Европт айлчлах үеэрээ Оросоос шатдаг хий авахаа бүрэн зогсоохыг санал болгосон. Оронд нь далай цаанаас өөрсдөө шатдаг хийгээр Европыг бүрэн хангахад бэлэн байна гэж мэдэгдэж байв. Хориг арга хэмжээний хүрээнд “Өмнөд урсгал”-ын ирээдүй бүрхэг болсон нь ойлгомжтой. Тэр тусам Украины байдал хэвийн болох хүртэл Оросын эсрэг хориг хэмжээг үргэлжлүүлэн авсаар байх болно гэсэн. Дээр нь Украины ээдрээ доод тал нь 2-3 жил үргэлжилнэ гэсэн төлөв гарч ирсэн. Газрын тосны үнэ огцом унасан, эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж асар их алдагдал хүлээж байгаа Оросын хувьд Европын холбоо, Болгар хоёр “Өмнөд урсгал” -ыг хэзээ зөвшөөрөх вэ гээд хүлээгээд сууна гэдэг өөрийг нь боомилж байгааг хүлцэнгүйгээр харж суугаад үхлээ хүлээж байгаа хэрэг болох байлаа.
Иймээс Орос “Өмнөд урсгал” төслөө зогсоон хаагаад, огт өөр чиглэлээр хоолой тавьж, шатдаг хийгээ борлуулах өөр зах зээл хайх нь хамгийн зөв гэж шийджээ. Ингэснээр “Өмнөд урсгал”-ын оронд Турк руу шинэ хоолой тавихаар болсон байна. Путин Туркт албан ёсны айлчлал хийх үеэрээ энэ талаар Эрдогантай тохиролцоонд хүрч гэрээ байгуулжээ. Турк нь Хар тэнгисийн ёроолоор тавьсан “Хөх урсгал” нэртэй хоолойгоор дамжуулан Оросоос шатдаг хий авдаг. Шинэ гэрээний дагуу энэ хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашид ашигтай гэж үзвэл “Хөх урсгал-2” хоолойг тавих, мөн Европын холбооныхон хүсвэл шатдаг хийгээ Туркийн нутгаар дамжуулан өгөх боломжтой байхаар болжээ.
В.Путин “Европын комиссын байр суурьийг тооцож үзээд, Болгараас зөвшөөрөл авч чадаагүй гэдгийг тооцож үзээд Орос цаашид энэ төслийн хөгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Бид энэ төсөлд оролцох байдлаа өөрчлөхөөс өөр аргагүй болно. Болгараас зөвшөөрөл аваагүй байж хоолойг тавьж эхэлнэ гэдэг утгагүй зүйл ” гэсэн байна. Газпромын захирал Миллер ч “Дуусаа, төсөл хаагдсан” мэдэгджэээ.
Уг нь төлөвлөгөөний дагуу Оросын тал энэ сараас эхлэн өөрийн эргээс Хар тэнгисийн ёроолоор хоолойг тавьж эхлэх ёстой байсан юм. Гэвч ийнхүү болив. Одоо Оросын шатдаг хий нь Украинаар дамжин Болгар, Серби, Грек гэх мэт орнууд руу очдог. Гэвч Украин Оростой төлбөр тооцооноос болж муудалцах бүрт өөрсдийн хэрэгцээг хангахын тулд замаас нь хий “тоншоод” цаана нь байгаа орнууд дутагдалд ордог сурцтай. Гэхдээ цаашид зан ааш нь олдохгүй транзит орноос хамааралгүй болохыг хүсвэл Орос нь Өмнөд Европ дахь хэрэглэгчиддээ зориулан Туркийн нутагт, Грекийн хилийн ойролцоо дамжуулах төв байгуулж болно гэдгийг Путин хэлсэн.
Турк руу шинэ хоолой тавих нь Орост “Өмнөд урсгал”-аас хамаагүй хямд тусах аж. Юуны өмнө “Өмнөд урсгал”-д зорулан Хар тэнгисийн эрэг хүртэл өөрийн хоолойгоо дэмий сунгаагүй болж таарна. Турк рүү тавих хоолойг энэ сунгалтаас үргэлжлүүлнэ. Дээр нь Болгар хүртэл тэнгисийн ёроолоор хоолой тавихад 925 км газрын туулж 10 тэрбум гаруй евро зарцуулахаар байсан. Харин одоо Турк хүртэл 400 км байгаа тул даруй 3 тэрбум евро хэмнэнэ. Шинэ хоолойгоор 63 тэрбум шоо метр шатдаг хийг шахахаас Турк 14 тэрбумыг авч үлдэснийг нь Грекийн хилийн орчим хүргэж тэндээсээ Грекээр дамжин Өмнөд Европын орнуудад хүрнэ. Өөрөөр хэлбэл хучин зах зээлээ алдахгүй. Цорын ганц сөрөг тал нь Украины оронд Турк гэсэн өөр нэг транзит улс гарч ирж байгаа хэрэг. Гэвч улс төрийн тогтвортой байдлын хувьд Туркийг Украинтай зүйрлэх ч хэрэггүй. Туркт төр эргэлээ ч Украин шиг Оросыг үзэн ядаад, хамаг гэрээ хэлэлцээрээ үгүйсгээд эхэлнэ гэсэн магадлал тун бага. Хоёр дахь хоолойг бүрэн ашиглалтад оруулсны дараа Орос Украинаар дамжуулан Европ руу шатдаг хий дамжуулах шаардлагагүй болно. Өмнөд Европын орнууд Грек, Туркийн хил дээрх хувиарлагчаас шатдаг хийгээ авдаг болно. Харин үүнтэй холбоотойгор нэмэлт хоолой татах зардлыг Газпром даах уу, европчууд даахуу , эсвэл хорших үгүй нь тодорхойгүй байгаа.
Туркийн хувьд энэ төсөл мөн л бүх талаар ашигтай. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ гүйцэд хангадаг болно, дээр нь Болгарын авахаас татгалзсан транзит төлбөрийг авдаг болно. Эрчим хүчний том зангилаа гэсэн хөшүүргээр олон улсын зарим асуудал дээр Оросын чихийг зөөллөх боломжтой болно. Бүс нутааг дахь нөлөө, байр суур нь улам бэхжинэ.
Ингэснээр Турк руу хоолой тавьснаар хэн хожиж байгаа нь тодорхой боллоо. Харин хэн алдав? Шатдаг хийн хамгийн чухал транзит орон гэдгээрээ сүрдүүлээд байсан Украин алдана. Өөрийн нутгаар хоолой тавиад хямд шатдаг хий авч, транзитийн төлбөр авч болох байсан Болгар алдана. Хоёр улсын эрх баригчид өөрийн байр суурь, хилийн чанад дахь том ивээн тэтгэгчдийнхээ хэлсэн зааснаар явснаас болж жирийн иргэд нь хохирч үлдэнэ гэсэн үг.
Хааны алба халаатай гэдгээр Украины Порошенко, Яценюк гэх мэтийн хүмүүс нэг л өдөр сонгуулиар ялагдаад буухаараа яваад өгнө. Харин эдийн засгаа сэргээх, хөрш улстайгаа ойлголцох, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалах, иргэдийн цалин хөлс, амжиргааны асуудал тэр үед бүрэн шийдэгдэхгүй үлдэхтэй зэрэгцээд Европ, Америкийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой транзит улс байхаа болж, сонирхол татах улс биш болсон байна.
Болгарын хувьд асар их хөрөнгө оруулалт оруулж ирж, олон ажлын байртай болох, эдийн засаг, санхүүгээ бодитоор өөд нь татаж чадах байсан төслөөс татгалзлаа гэж халаглаж байна. Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовыг үндэсний эрх ашгаа хамгаалахын оронд Оросыг үзэн ядагчид олонх болсон Евро комисс, Америкийн үгийг дагалаа гэж буруутгав. Европын холбоо Болгарын мөнхөд тэтгэлэг өгч тэжээгээд байж чадахгүй тул “Өмнөд урсгал” мэтийн том төслийг хэрэгжүүлэх замаар өөрсдөө өөрсдийгөө өөд нь татах боломжоо адлаа гэж шүүмжилж байна.
Мөн Ерөнхий сайд Бойко Борисовыг тавхан жилийн дотор Оросын оролцоотой гурван дэд бүтцийн гурван тос төслөөс татгалзан, асар их хөрөнгө оруулалт авч эдийн засгаа өөд нь татах боломжоо алдлаа гэж шүүмжилж байна. Эдгээр нь Бургас-Александрупулис газрын том дамжуулах хоолой, “Белене” цөмийн цахилгаан станц, “Өмнөд урсгал” шатдаг хий дамжуулах хоолой. Газрын тос дамжуулах хоолойг Хар тэнгисийн эрэг дээрх Болгарын Бургас хотоос Эгэйн тэнгист байдаг Грекийн Александрупулис хот хүртэл, Туркийн мэдлийн Босфор, Дарданалын хоолойг тойруулан тавих ёстой байв. Энд хоёр Болгар, Грек хоёр транзит улс болох ёстой байсн.
Дараа нь бүр социализмын үед дутуу баригдаж үлдсэн Белений цөмийн цахилгаан станцыг Оростой хамтран гүйцээн барих замаар цахилгаан эрчим хүчний дутагдлаас гарах төсөл байсан. Европын холбоо, Америкийн хүчтэй шахалтад орсноор төслийг зогсоож, цөмийн станц барих ажилд Оросыг оролцуулахгүй болгож түр зогсоосон.
Улс төрчид, эрх баригчид нь зөв байр суурь эзлээгүй, үндэсний эрх ашгаа бодолцоогүй тохиолдолд их гүрнүүд хоорондын ашиг сонирхлын зөрчилдөөн дунд жижиг улс хохирч үлддэгийн том жишээ нь энэ гэж болно. Дэлхийн хоёрдугаар дайны дараагнаас Орос, Америк, Герман, Франц нь байнга л зөрчилдөөнтэй явсаар ирсэн түүхтэй. Гэвч хэдий муудалцавч эргээд хэл амаа ололцож, ойлголцож чаддаг. Учир нь, тэд их гүрнүүд. Харин энэ дөрөв тус бүртээ Болгар эсвэл Украинаас юу хүсэх вэ? Эвий миний болгарчууд, хөөрхий украинчууд гээд мөнхөд буцалтгүй тусламж үзүүлээд мөнгөөр тэтгээд явна гэж байхгүй.