АНУ-д агаарын зорчигч тээврийн ачаалал хамгийн өндөр үе нь зул сар, Талархлын баяр байдаг. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд, ид ачааллын үеэр 3000 гаруй нислэг хойшлон, 200 гаруй нь цуцлагдсанаас хэдэн арван мянган хүн нисэх буудалд уртаас урт дараалалд зогсоход хүргэжээ.
Энэ Талархлын баярын үеэр АНУ даяар 46 сая хүн хот хооронд зорчих тооцоо гарсан бөгөөд тэдний 90 орчим хувь нь авто замаар зорьсон газраа хүрчээ. Үлдсэн хувь нь агаарын тээвэрт найдсан боловч оргил ачааллын үе зорчигчдыг хэдэн цагаар бухимдаж хүлээхэд хүргэсэн нь энэ. Чикагогийн “Midway” олон улсын нисэх буудалд олон зуун нислэг хойшилсноос дараалалд зогссон хүмүүсийн цуваа хоёр километр гаруй үргэлжилсэн байна.
Баяраа тэмдэглэж дуусаад ажлын шинэ долоо хоног эхлэхээс өмнө гэртээ харихаар яарсан зорчигчид ням гарагийг нисэх буудалд нислэгээ хүлээсээр өнгөрүүлжээ.