Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гандан бууршгүй


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган саяхан Америкийг Христофор Колумбаас бүр өмнө лалын шашинтнууд нээгээд, нутгийн иргэдийн лалын шашинд оруулчихсан байсан гэж мэдэгдэснээс болоод  дэлхийн нийтийн доог тохуу болж байна. Тэрээр Стамбул хотноо болсон Латин Америкийн орнуудын лалын шашны удирдагч нарын хуралдаан дээр үг хэлэхдээ лалын шашинтнууд 1178 онд буюу Колумбаас 300 жилийн өмнө Америк тивдийг нээсэн байсан, Колумб хүртэл өөрийнхөө өдрийн тэмдэглэл дээр Куба арал дээр лалын шашины сүм байхыг харсан гэж тэмдэглэсэн байдаг гээд хэрэв Кубын эрх баригчид зөвшөөрвөл тэр газар нь одоо ахин сүм барихад бэлэн гэсэн юм.

Эрдоганы хэлээд байгаа лалын шашны сүмийг дурдсан тэмдэглэл Христофор Колумбын тэмдэглэлд үнэхээр байдаг ч тэрээр Куба арлын зүүн хойд хэсэг дэх лалын шашны сүмтэй төстэй хэлбэртэй өндөр хад асгыг хэлсэн гэдэгт дийлэнх судлаачид санал нийлдэг, тэгээд ч сүм байсан гээд байгаа газар нь маш нарийн малталт судалгаа хийхэд ямар ч сүмийн туурь илрээгүй юм.  

Гэвч Эрдоган гандан буурсангүй, бууж өгсөнгүй "Америкийг алт, Африкийг алмас эрдэнээс болж колончилсон хүмүүс өнөөдөр Ойрхи Дорнодод газрын тосноос нь болж бохир луйвар явуулж байна" гээд "Намайг шинжлэх ухааны судалгааны дүгнэлтийг дурдахад л Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бидний дундаас харьд элэгтэй хүмүүс намайг шоолж эхэлсэн. Тэд бүгд агуу ихийн гаж донтой. Соёл иргэншил, улс төр ба цэргийн түүхийнх нь талаар сануулж байгаа явдалд тэд ихэд эмзэглэсэн.Тэдэнд таалагдахгүй байгаа асуудлыг сөхөж тавихыг тэд хүсэхгүй байна" гэжээ.

Ингээд зогссонгүй Боловсролын яамандаа хандан Туркийн сурах бичгүүдэд лалын шашинтнууд Америк тивийг хамгийн анх нээсэн гэдгийг заавал дурдаж байх даалгавар өгсөн байна. Тэрээр "Манай Боловсролын яам, Дээд боловсролын дээд зөвлөлийн мөрөн дээр маш хүнд ачаа ирж байгааг би сайн ойлгуулсан. Түүхийг объектив байдлаар бичсэнээр Дорно дахин, Ойрхи Дорнод ба лалын шашины зүгээс шинжлэх ухаан ба урлагт оруулсан хувь нэмэр тод харагдана. Улсын Ерөнхийлөгчийн хувьд манай соёл иргэншил бусад иргэншлээс дутуу мэт байгааг би хүлээж авч чадахгүй"

Османы эзэнт гүрэн үгүй болсны дараа шинээр үүссэн шинэ Туркийн хувьд иймэрхүү байдлаар түүхийг гуйвуулах гэх нь шинэ зүйл биш гэдгийг судлаачид хэлж байна. Орчин үеийн Турк улсыг үүсгэн байгуулагч Ататюрк буюу Туркийн эцэг гэгддэг Мустафа Кемаль 20 дугаар зууны эхээр яг ийм үйлдэл хийж байсан байх юм. Тэрээр Туркийн хэт үндсэрхэг үзэлт түүхчдийн гарган ирж сурталчилж байсан "бүгдийн эхлэлийг түрэгүүд тавьсан" гэсэн онолыг хэл судлал, хүн судлал, түүх судлалын үүднээс баримтжуулан нотлохыг уриалж, шаардаж байж. Энэ онолын дагуу түрэгүүд нь дэлхийн хамгийн эртний үндэстэн, түрэг хэл нь дэлхийн хамгийн эртний хэл, түрэг соёл дэлхийн хамгийн эртний соёл иргэншил бөгөөд бүгдийн эхэнд байсан. Улмаар одоо бүгд мэддэг монгол, хятад, шүмэр, хетт,грек, ром, этрусск, скиф гээд бүх соёл нь түрэг соёлоос үүдэлтэй, тэр соёл болгоны хэл, өөрөөр хэлбэл дэлхийн бүх хэл түрэг хэлнээс үүдэлтэй юм байх. Ийм байдалд Хойд ба Өмнөд Америкийн соёл таарч өгөхгүй байсан нь ойлгомжтой. Иймд энэ "алдааг" засахын тулд лалын шашинтнууд Америк тивийг 11-12 дугаар зуунд анх нээсэн тухай онолыг сурталчлан түгээснээр тэндэхийн бүх хэл, соёл, бичиг үсэг нь түрэг хэлнээс,түрэг соёлоос, цаашилбал лалны шашнаас үүдэлтэй болж байгаа хэрэг. Харин тэр бүх соёл, хэлний гол залгамжлагч, үндсэн тээгч нь өдгөө Турк улс болж таараад, тэг мундаг унаган түрэг улсын тэргүүн нь Эрдоган болж таарсан аж. Бүр нарийн ярьвал лалын шашныг хамгийн их түгээж сурталчлан, хамгаалж байсан үндэстэн, улс нь арабууд биш харин түрэгүүд гэж ярьж байгаа гэнэ.

Энэ дашрамд сонирхуулахад, Америк тивийг 1492 оны аравдугаар сарын 12-нд Испанийн аялагч Христофор Колумбын удирдсан экспедиц нээсэн гэж үздэг. Тэд Испани гэх мэт улсын хөрөнгө оруулалт, шууд даалгаврын дагуу Энэтхэг хүрэх хамгийн дөт зам хайж яваад огт санамсаргүй байдлаар өдгөө Америк гэж нэрлэгдэх болсон тивийг нээсэн байдаг. Энэтхэг буюу "India" -г хайж байсан тул шинээр нээсэн нутгийнхээ уугуул иргэдийг энэтхэгчүүд буюу "индианчууд" гэж нэрлэсэн байдаг.

Гэхдээ сүүлд явуулсан судалгаагаар Колумбаас 500 жилийн өмнө викингүүд одоогийн Канадын Ньюфаундлент, Лабрадор мужуудын газар нутаг орчмыг нээж Винланд гэж нэрлэн нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсныг олон тооны олдвор, эд баримтаар нотолсон. Гэхдээ үүнээс бүр өмнө буюу 15  мянган жилийн тэртээ Ази тивд амьдарч байсан хүмүүс тухайн үед далайн гүн рүү суугаагүй байсан Берингийн хоолойгоор дамжин Хойд Америк, Өмнөд Америкийн нээж тэндээ суурьшин одоогийн индианчуудын дээд өвөг эцэг болсон гэж орчин үеийн шинжлэх ухаан үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан