Швейцарьчууд цаашид цагаачдад нээлттэй орон байх эсэхээ олон нийтийн санал асуулгаар шийдэхээр өчигдөр бүх нийтээр санал хураалгалаа. 8,2 сая хүн амтай тус улс цагаачдын тоог нийт иргэдийнхээ 0,2 хувьтай тэнцэх хэмжээнд барих уу үгүй юу гэдгээ шийдэхээр ийн санал асуулга зохион байгуулсан юм. Одоогоор тус улс дахь цагаач иргэдийн тоо 1,92 сая хүрээд байгаа аж. Ихэвчлэн Европын орнууд, тэр дундаа Италиас тус улсад цагаачлагчдын тоо өндөр байдаг бөгөөд эдийн засгийн өндөр хөгжил, хүрээлэн буй орчин болоод нийгмийн таатай нөхцөлөөрөө гадаадын иргэдийг их татдаг.
Гэвч Швейцарийн уугуул хүн ам нь гадаадын цагаачид нэмэгдэх тусам тэдэнд зориулж шинээр дэд бүтэц, барилга байшин барьж байгуулж, тээврийн хэрэгслийн тоо ч нэмэгдэж тэр хэрээр Швейцарийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнт байгальд сөргөөр нөлөөлнө гэж эмээж байгаа юм. Гэсэн хэдий ч байгалиа хамгаалах гээд гадаадын цагаачдын тоог хязгаарласнаар эдийн засагт нь ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Учир нь, тус улсын нийт ажиллах хүчний 25 хувийг цагаачид бүрдүүлдгээс гадна Европын бусад орноос чадвартай боловсон хүчин авах хэрэгцээ шаардлага гарсаар байгаа. Тийм учраас швейцарьчууд эцсийн дүндээ эдийн засгаа хамгаалах уу эсвэл байгалиа аврах уу гэдэг дээр сонголт хийсэн гэсэн үг. Санал асуулгын дүн өнөөдөр гарна.