Хойд Солонгосын нөлөө бүхий удирдагчдын нэг байсан Ким Кюн Хуй буюу Ким Чен Уны авга эгч тархинд нь цус харваж нас барсан хэмээн тус улсаас оргож гарсан нэгэн эх сурвалж мэдээлжээ.
Ах Ким Чен Ирийгээ амьд сэрүүн байхад ойрын шадар туслахаар нь хэдэн арван жил ажилласан, армийн дөрвөн одтой генерал Ким Кюн Хуй нөхөр нь цаазаар авахуулснаас хойш олны өмнө харагдахаа больсон юм. Түүний нөхөр Чан Сон Тэк өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төрийн эргэлт хийхээр санаархсан гэдэг үндэслэлээр буруутаж, цаазаар авах ял сонссон билээ. Ким Чен Ун авга эгчийнхээ нөхрийг шалгахдаа түүний хамаатан садан, шадар туслах гээд нэг ч хүн үлдээлгүй бүгдийг барьж хорьж, шийтгэсэн гэдэг. Ким Кюн Хуй нөхрийнхөө эл хэрэгт сэтгэл дундуур байсан бололтой. Ким Чен Унтай утсаар ярьж, маргалдаж байгаад цус харвасан гэнэ. Энэ мэдээллийг Хойд Солонгосын удирдагчдын нэг, экс Ерөнхий сайд Кан Сүн Саны хүргэн Ким гэгч умардаас оргож гарч ирснийхээ дараа задруулсан байна. 68 настай Ким Кюн Хуй яаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч удалгүй нас баржээ. Ким Чен Ун авга эгчийнхээ үхлийг нөхрийнх нь шийтгэлтэй холбогдуулан ойлгогдохоос сэрэмжилж, нас барсан тухай нь зарлаагүй өнгөрсөн аж.
Түүнийг нөхрийгөө цаазаар авахуулсны дараа амиа хорлож нас барсан гэдэг мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр нэг хэсэг гарсан ч умардаас ирсэн эх сурвалжийн хэлснээр бол гурав дахь удаагаа цус харвасан нь үхэлд хүргэсэн бололтой.
Ким Кюн Хуй нөхрөө шалгагдаж эхэлснээс нэг сарын дараа буюу энэ оны эхээр олны өмнө харагдаад, түүнээс хойш үзэгдэхээ больсон юм. Тэрээр их сургуульд сурч байхдаа 1972 онд Чан Сон Тэктэй гэрлэжээ. Тэд хэдэн хүүхэдтэй болсон нь тодорхойгүй ч 2006 онд Парист сурч байсан 29 настай охин нь амиа хорлосноор үр хүүхэдгүй болсон гэлцдэг. Хойд Солонгосын цорын ганц эмэгтэй генерал нь байсан тэрээр Пеньян дахь ганц түргэн хоолны зоогийн газрыг эзэмшдэг байжээ.