Сион Шуйхуа гэгч Хятадын саятан өөрийн өсч төрсөн хуучин тосгоноо орчин үеийн хаус хороолол болгон өөрчлөөд, оршин суугчдад нь үнэгүй өгчээ.
Тэрээр хуучирч муудсан модон байшингуудыг нурааж, газрын хөрстэй тэгшлээд, газар дээр нь гурван давхар хаус барьсан байна. Ингээд тосгонд амьдардаг 72 айлыг шинэ байранд оруулсан бөгөөд саятан эр өөрийн хүндэтгэн хайрлаж явдаг 18 айлд бүр тансаг зэрэглэлийн харш барьж өгсөн гэнэ.
Олон хүний сонор мялаасан энэ сайхан үйл явдал Хятадын өмнө мужийн Синю хотын Сионкен тосгонд болсон аж. 54 настай бизнесмэн эр Сион Шуйхуа бага насандаа тийм ч сайхан амьдрал үзээгүй боловч тосгоныхоо хүн ардын тус дэмээр амьдардаг байснаа өдий хүртэл мартаагүй явжээ. Барилга, төмрийн бизнес эрхэлж баяжсан тэрээр тосгоныхоо оршин суугчдад байшин бэлэглээд зогсохгүй өндөр настнууддаа өдрийн гурван хоол өгч байхаар амлажээ. Энэ бүх ажилд нийтдээ найман сая орчим ам.доллар зарцуулсан гэдэг мэдээ байна.
Саятан эр ярихдаа “Өнөөдөр би хэдий их хэмжээний мөнгө олдог болсон ч хаанаас яаж өдий зэрэгт хүрснээ мартаж болохгүй гэж боддог. Бага байхад минь манай гэр бүлийнхэнд үргэлж тусалдаг байсан тосгоныхондоо хэзээ нэгэн цагт хариу тус хүргэнэ дээ гэж бодож явдаг байсан” хэмээн ярьжээ.
Харин тосгоны ахмадууд “Энэ хүүгийн ээж аав ч хүнлэг сэтгэлтэй, тусч сайхан хүмүүс байсан. Ээж аавынхаа сайн чанарыг дуурайжээ” хэмээн магтах үгээ олж чадахгүй суугаа гэнэ.