Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мадлен гэдэг нэртэй охидын бүхэл бүтэн нэг үе Косовод байдаг


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэмээх өндөр албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй Мадлен Олбрайтыг дэлхий нийтээрээ андахгүй. Гоёмсог энгэрийн зүүлтээрээ алдартай энэ эмэгтэйн TED-ийн уулзалтад уригдан, сонсогчидтой хийсэн ярилцлагыг хүргэе.

-Та өнөөдөр зүүсэн энгэрийн зүүлтийнхээ утга учрыг тайлбарлаж өгөөч?
-Энэ бол шилэн таазыг эвдэж буйг илэрхийлсэн тэмдэг байгаа юм.

-Маш сайхан сонголт байна. Тэгэхээр энэ яриа эмэгтэйчүүдэд хандсан, тэдэнд урам зориг өгсөн ярилцлага болох нь ээ.
-Хэрэв Саддам Хуссейн гэж хүн байгаагүй бол би ийм энгэрийн зүүлтийн цуглуулгатай болохооргүй байсан юм. Саддам Хуссейны асуудал ид мандаж байх үед би НҮБ-д улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байв. Тэр үед Саддам Хуссейны дэглэмийн талаар ширүүхэн үг хэлэх болчихоод байж байтал Багдадын сонинд намайг их олон зүйлтэй зүйрлэсэн шүлэг харагдав аа.
Тэр дунд зүйрлэшгүй хорт могой гэсэн үг хүртэл харагдсан. Гэтэл тохиолдлоор надад могойн хэлбэртэй энгэрийн зүүлт байж таарсан. Тэгээд хэвлэлийнхэнтэй уулзахаар очихдоо би тэр энгэрийн зүүлтээ зүүгээд очсон доо. Тэд надаас “Яагаад могойн зүүлт зүүсэн юм бэ” гэж асуухад “Саддам Хуссейн  намайг хорт могойтой зүйрлэсэн болохоор ” гэж хэлж билээ. Тэгээд дараа нь бодож байхад их хөгжилтэй санагдсан учраас би энд тэнд явахдаа энгэрийн зүүлт олноор нь худалдаж авдаг болсон. Тэгээд тэр өдөр ямар бодол санаа төрж байгаагаа, тэр өдөр хэлэлцэх асуудалд ямар байр суурь илэрхийлэхээ энгэрийн тэмдгээрээ давхар илэрхийлдэг болсон юм.

-Таны цуглуулга хэр арвин  бэ?
-Хөөрхөн том шүү. Миний цуглуулгыг одоо ийш тийш нь авч явж үзэсгэлэн гаргадаг болсон. Цуглуулгынхаа тухай, түүгээр хэрхэн өөрийгөө илэрхийлдэг тухайгаа бичсэн ном ч бий.

-Таныг анх Төрийн на­рийн бичгийн дарга болох үед юу өмсч зүүж, ямар хараг­даж байгааг тань их ярьдаг, хүмүүс ч их сонирх­дог байсан. Томоохон албан ту­шаалд анх удаа очиж бай­гаа эмэгтэйчүүдэд ийм зүйл дандаа тохиолддог л доо.
-Тийм ээ, эхэндээ үүнд маш их бухимддаг байсан. Хэн ч эрэгтэй дарга нарыг өмссөн хувцсаар нь үнэлж дүгнэж ярьдаггүй шүү дээ. Тэгсэн атлаа эмэгтэйчүүдийн ямар хувцас өмссөнд их анхаарал тавьдаг. Би анх НҮБ-д төлөөлөгчөөр очих гэж байхдаа миний өмнө ажиллаж байсан Жин Киркпатриктай уулзсан юм. Тэгэхэд тэр надад “Чи одоо наад профессорын хувцаснаасаа сал. Гараад дэлгүүр хэс, дипломат хүн шиг харагдахаар хувцасла” гэж зөвлөсөн юм. Тэгэхэд л урьд өмнө үзэж байгаагүйгээрээ их дэлгүүр хэссэн дээ. Жин руу утасдаад “Чи малгай өмсч байсан уу”, “Банзал нь хэр урт байх ёстой вэ” гээд л байнга асууж, зөвлөгөө авдаг байлаа. Кондолиза Райс нэг арга хэмжээн дээр гутал өмсч ирээд их шүүмжлүүлж байсныг санаж байгаа байх. Гэтэл эрчүүдийг гутал өмслөө гэж хэн ч шүүмжилдэггүй. Гэхдээ энэ бол наад захын асуудал.

-Хэчнээн хүчирхэг эмэгтэй ч байсан гэртээ ирээд ээжийн, эмээгийн үүргээ л гүйцэтгэдэг шүү дээ. Дэлхийн хэмжээний асуудлыг шийдэхэд оролцдог, хүчирхэг дуу хоолойтой эмэгтэй ба гэрийн эзэгтэйн үүр­гийг хэрхэн хослуулдаг байсан бэ?
-Төрийн нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдоод удаагүй байхад намайг олны өмнө өөрийгөө танилцуул гэ­сэн юм. Тэгэхэд би “Би 60 жил эмэгтэй хүний амьдралаар амьдарлаа. Харин Төрийн нарийн бичгийн даргаар томи­логдоод хэдхэн минут л болж байна” гэж хэлж байснаа санаж байна. Би эмэгтэй хүн болж төрсөндөө баяртай байдаг.
Энд бас өөр нэг дурсамжаа хуваалцъя. Магадгүй миний яриаг сонсч суугаа эмэгтэй­чүү­дээс цөөнгүй нь надтай ижил нөхцөл байдалд орж үзсэн байх. Би НҮБ-д Элчингээр очоод, хамгийн анхны хуралдаандаа суухаар танхимд ороход өөдөөс минь НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлийн гишүүн, 14 эрэгтэй угтсан. Тэр үед би дотроо “Би энэ хүмүүст таалагдах болов уу”, “Ухаантай зүйл л ярихгүй бол болохгүй дээ”, “Эхний өдөр юм чинь үг хэлэхгүй, дуугүйхэн өнгөрөөе дөө” гэж л бодож байлаа. Тэгээд  миний ширээн дээр тавьсан “Америкийн Нэгдсэн Улс” гэсэн бичгийг хараад “Америкийн Нэгдсэн Улс гэсэн нэрийн ард суучихаад би өнөөдөр үг хэлэхгүй бол манай улсын байр суурийг хэн ч сонсч чадахгүйд хүрнэ” гэж гэнэт бодогдсон доо. Энэ бол би зүгээр нэг эмэгтэй хүний хувиар биш  харин эх орныхоо нэрийн өмнөөс ярих хавьгүй чухал үүрэг хариуцлага хүлээсэн гэдэг бодол төрүүлсэн анхны тохиолдол л доо. Өндөр албан тушаалд бусдаас түрүүлж хүрсэн, анхдагч эмэгтэйчүүдийн хувьд ийм зүйл цөөнгүй тохиолддог байх гэж би боддог.

-Та бол дэлхий даяар аялж, газар орон бүрт очиж байсан хүн. Өнөөгийн дэлхий ертөнц охид бүсгүйчүүдийн тэгш эрхийн тал дээр хэр ахиц гаргасан гэж боддог вэ?
-Бага багаар өөрчлөгдөж л байна. Гэхдээ улс орнуудыг бүхэлд нь аваад үзэх юм бол огт өөрчлөгдөөгүй ч юм шиг харагддаг.  Тиймээс шийдвэр гаргах түвшинд хүрсэн, өндөр нөөц бололцоотой эмэгтэйчүүд маань бусад бүсгүйчүүдээ дэмжиж, тэднийг дээш гарахад нь туслах хэрэгтэй. Тийм ч учраас Төрийн нарийн бичгийн дарга байхдаа би үндэсний аюулгүй байдлаас эхлээд АНУ-ын гадаад бодлогын тал дээр ч эмэгтэйчүүдийн асуудлыг голлох үүрэгтэйгээр авч үзэх хэрэгтэй гэж үздэг байсан. Феминист үзэлтэй болохоороо ч ингэж байгаа юм биш, эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн үед нийгэм илүү сайхан болно. Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг гээд бүх салбарт ахиц дэвшил гарна гэж үздэг учраас энэ байр сууриа байнга илэрхийлдэг байсан. Тийм ч учраас НҮБ-д, дараа нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг өргөж, оролцоог нь нэмэгдүүлэх асуудалд өөрийгөө зориулж ирсэн.

-Эмэгтэйчүүдийн асууд­лыг хөндөж байх үед ухарч ня­цах үе тохиолдож байсан уу?
-Зарим тохиолдолд. Хүмүүс эмэгтэйчүүдийн асуудлыг хурц асуудал биш гэж бодоод орхидог. Гэвч эмэгтэйчүүдийн асуудал хамгийн хүнд асуудлын нэг гэж би боддог. Жишээ нь дайн байлдаан болоход эмэгтэйчүүд л хамгийн их зовдог. Мөргөлдөөний бүс нутагт эмэгтэйчүүдийн хүчирхийлэл маш их байдаг. Бид ийм хэргийг цэргийн шүүхээр шийдүүлж байхаар шийдвэрлэж байлаа. Энд нэг зүйлийг дурсахад НҮБ-д очоод удаагүй байхдаа би бусад улсын байнгын төлөөлөгчдийг гэртээ урьж, цайллага хийсэн юм. Тэр үед НҮБ-ын гишүүн орны тоо 183 байсан. Одоо 192 болсон л доо. Тэгээд туслахдаа “Байнгын төлөөлөгч бусад эмэгтэйчүүдийг уриарай” гэж хэлчихээд их л олон эмэгтэй ирнэ байх гэж хүлээж байтал ердөө зургаахан эмэгтэй ирсэн шүү. 183-аас долоо. НҮБ-д эмэгтэй хүнийг байнгын төлөөлөгчөөрөө томил­сон  долоохон улс байсан нь Канад, Казахстан, Филиппин, Тринидад Тобаго, Ямайка, Лихтенштейн, тэгээд АНУ л байв. Тэгээд бидний хэдэн эмэгтэйчүүд нэгдээд өөрсдийгөө Их долоо гэдэг шиг “G7” гэж нэрлэдэг болсон доо. Бид нэгдээд эмэгтэйчүүдийн асуудлаар шийдвэр гаргах үед лобби хийдэг болсон. Тэгээд өөрсдийнхөө дундаас хоёр эмэгтэйгээ дайны үеийн эрүүгийн хэргийн шүүхэд шүүгчээр оруулж дөнгөсөн шүү. Түүний дараа л бэлгийн хүчирхийлэл нь дайны талбарт зэвсэг болтлоо түгж дэлгэрээд байна гэдгийг дэлхий нийтэд зарласан юм.

-Америкийн нийгэмд бүс­гүйчүүдийн статус өнгөр­сөн хагас зуунд хэрхэн өөрч­лөгдсөнийг хэлж чадах хүн нь таныг гэж бодож байна. Тухайлбал, таныг 1959 онд Уэллесли коллежийг төгсөх үед эмэгтэйчүүд өнөөгийнх шиг идэвхтэй карьер хөө­дөггүй, гэрийн эзэгтэй л болдог байсан шүү дээ.
-Би их сонин үед Уэллеслид сурч байсан юм. Тэр бол эмэгтэйчүүд гэртээ суухыг хүсдэггүй, гарч ажил хийхийг хүсдэг болоод байсан үе л дээ. Гэхдээ яг ч эмэгтэйчүүд тэр чигээрээ өөрчлөгдөж амжаагүй, шилжилтийн л үе байсан юм. Биднээс 10 жилийн өмнө Уэллеслид сурч байсан бүсгүйчүүд бол төгсөөд шууд л гэрийн эзэгтэй болдог байлаа. Харин биднээс 10 жилийн дараа буюу 1969 оны төгсөгчид, тухайлбал, Хиллари Клинтоныг төгсч байх үед охид бүсгүйчүүд сургууль төгсөөд гэртээ суухгүй, ажил хийнэ, карьер хөөнө гэдэгтээ итгэлтэй болчихоод байсан. Тэгэхээр бид яг завсрын, шилжилтийн үе нь байжээ. Бидний төгсөлт дээр Батлан хамгаалахын сайд Нил МакЭлрой үг хэлж байсан юм. Түүний охин манай коллежид сурдаг байсан учраас үг хэлсэн хэрэг л дээ. Тэр бидэнд хэлэхдээ “Та нарын гол ажил бол төгсөөд гэр бүл зохиож, үр хүүхдээ өсгөх явдал” гэж хэлж байж билээ.  Нөгөө талаар манай коллежийн уриа үг нь латинаар Non Ministrari sed Ministrare гэж байдаг байв. Бид түүнийг нь “Сайд болох хэрэггүй. Сайдын эхнэр бол” гэж орчуулдаг байсан сан.

-Тэгээд л та сургуулиа төгсмөгцөө гэрлэсэн хэрэг үү?  Гэрлээд, хоёр ч янзын ажил хийгээд, бүр хожуу 40 хүрч байх үедээ дипломат карьераа эхэлсэн байдаг.
-Хурим хийхийг маш удаан хүлээсэн болохоор би төгсөөд гурав хоногийн дараа л гэрлэсэн. Тэр үед сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Тэгээд ч сургуулийнхаа сонины эрхлэгчээр ажилладаг байлаа. Миний нөхөр ч сэтгүүлч байсан. Бид Чикаго руу нүүж очиход нөхөр маань “Chicago Sun-Times”-т ажилд орлоо. Тэгээд сонины эрхлэгчийг гэртээ хоолонд уриад ярилцаж байтал тэр надаас юу хийх бодолтой байгааг маань асуусан. Би ч “Сэтгүүлчээр л ажиллана даа” гэтэл “Тэгж болохгүй л байх даа. Учир нь, чи нөхөртэйгөө хамт нэг сонинд ажиллаж болохгүй. /Тухайн үеийн дүрэм нь тийм байсан/  Бас нөхрийнхөө өрсөлдөгч сонинд ажиллаж болохгүй” гэж хэлж билээ. Тэгээд л сэтгүүлчээр ажиллах аргагүй байсан учраас янз бүрийн ажил хийж үзсэн.  Нэг хэсэг Британника толь бичиг дээр ажиллаж, дараа нь хоёр ихрээ төрүүлээд, удалгүй дахиад сурсан. Бас сайн дурын чамгүй олон ажилд оролцдог байлаа. Тэгээд 1997 оноос сенатор Эд Маскигийн хуулийн туслахаар ажиллаж эхэлсэн юм. Жилийн дараа Цагаан ордонд Картерын засаг захиргаанд ажиллах болсон. Энэ бол миний хувьд албан ёсоор үндсэн ажилтан болсон анхны тохиолдол.

-Та “Хатагтай Нарийн бичгийн дарга” хэмээх анхны номондоо хурал уулзалтын үеэр өөртөө итгэлтэйгээр үг хэлдэг болох нь тийм ч амар байгаагүй гэж бичсэн байдаг. Эрчүүдийн клубт эмэгтэйчүүдийг барагтай л болж сонсдоггүй хэрэг үү.
-Ямар нэг хурал, уулзалтад очиход ширээнд сууж байгаа цорын ганц эмэгтэй нь би байдаг байлаа. Тэгээд дотроо бодно. “За ингээд хэлчихвэл эдэнд тэнэг сонсогдох болов уу яах бол” гээд өөртөө их эргэлздэг байв. Гэтэл яг миний бодож байсан санааг өөр нэг эрэгтэй гаргаад хэлэхээр хүмүүс түүнийг үнэхээр мундаг юм, ухаантай юм гээд л магтаад байдаг. Тийм үед өөртөө маш их уур хүрдэг байлаа.
Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед гадаад эрчүүдтэй харилцахад асуудалтай байна уу гэж хүмүүс надаас дандаа асуудаг байсан. Гэхдээ гадаад эрчүүдээс илүү дотоодынхоо Засгийн газрын гишүүдтэй ажиллахад илүү асуудалтай байдаг байлаа. Учир нь, тэд намайг бүр эртнээс мэддэг болохоор хуучныхаар харилцах гээд байдаг байсан. Тэдний хувьд би жирийн л нэг ээж, эхнэрийнх нь найз, эсвэл экс ажилтан нь. Тэд намайг кофе зөөж гүйхийг, бичиг баримт хуулбарлаж явахыг маш удаан харсан болохоор шийдвэр гаргадаг албан тушаалтнаар харж, харилцахад түвэгтэй байсан байх.

-Эдгээр өндөр албан тушаалд ажиллаж байх үедээ таны гаргасан хамгийн хэцүү шийдвэр юу байсан бэ?
-Хамгийн хүнд, бас хамгийн их бахархдаг нэг шийдвэр бол Косовод болсон явдал. Косовод хүн ард олноороо үхэж үрэгдэж байхад Америк яагаад юу ч хийхгүй байна аа гэж надаас асуудаг, ирж тусламж гуйдаг хүмүүс маш олон байлаа. Ерөнхийлөгч Клинтон бид хоёр Косовод цэргийн ажиллагаа явуулахыг дэмжиж байсан. Харин засаг захиргааныхныг бүгдийг нь ятгах үнэхээр амаргүй байв. Учир нь, Персийн булангийн дайны дараа америкчууд дайнаас үнэхээр залхчихаад байсан. Гэхдээ бид агаарын довтолгоон хийх ёстой гэж зүтгэсээр дайн эхэлсэн. Гэтэл дайн эхэлсэн эхний өдрөөс л асуудал гарсан. Нэг өглөө ажил дээр ирэхэд “Манайхан алдаа гаргаад Хятадын Элчин сайдын яамыг бөмбөгдчихжээ” гэдэг мэдээ угтсан. Тэгээд тэндээс хүмүүс Косовогийн дайныг Мадлены дайн гэж нэрлэдэг болсон. Хүмүүс бодохдоо энэ дайн жинхэнэ сүйрэл болох нь гэж бодож байсан. Гэхдээ байдал өөрөөр эргэж, бид ялсан. Энэ үнэхээр хэцүү үе байсан. Би хэзээ өөрөөрөө хамгийн их бахархсан бэ гэвэл дайны дараа Косовод очиход хэдэн мянган хүн “Баярлалаа Америк” гэж хэлж байх тэр үед. Тэр үед л би зөв зүйл хийснээ мэдсэн. Косовод одоо Мадлен гэж нэртэй охидын бүхэл бүтэн нэг үе байдаг шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан