Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вакцинжуулалт хийж байсан эмч нарыг хөнөөжээ


Пакистаны баруун өмнөд нутагт, Белужистанд саа өвчний эсрэг вакцинжуулалт хийж байсан эмч нар лалын шашны хэт явцуу үзэлтнүүдийн дайралтад өртжээ. Энэ дайралтын улмаас гурван эмэгтэй эмч, жолоочийн хамт  алагдаж, ахин гурван эмч шархадсан байна.

Белужистан мужийн Кветта хотын орчим мотоцикл хөлөглөсөн этгээдүүд эмч нар руу дайрчээ. Энэ мужид хүүхдүүдэд саа өвчний эсрэг вакцин тарих аян энэ арваннэгдүгээр сард эхэлсэн юм. Харамсалтай нь нутгийн иргэд шашны хэт явцуу үзэл, мухар сүсэг, үндэслэлгүй айдасаас болж саа өвчний эсрэг вакцин хийхийг маш хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Үүний улмаас Пакистанд саа өвчний эсрэг вакцин тарих аян эхэлснээс хойш хоёрхон жилийн дотор 60 гаруй эмч, тэднийг хамгаалж байсан цагдаа нар шашны хэнээтнүүдийн дайралтад өртөн амиа алджээ.Эмч нарын хөнөөж, тэдний эсрэг дайрч байгаа хүмүүс нь тэднийг Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын тагнуул, хийж байгаа вакциныг нь хүүхдүүдийг ирээдүйд үргүйдэлд хүргэдэг тусгай бэлдмэл гэдэгт итгэдэг болохыг тодруулсан.

Иймэрхүү санаанд оромгүй бүдүүлэг байдал зөвхөн Пакистан гэлтгүйгээр лалын хэт явцуу үзэл, шашны хэнээтнүүдийн нөлөө өндөр байдаг Афганистан, Нигери зэрэг улсуудад ажиглагддаг. Тухайлбал, өнгөрсөн жил Нигерид саа өвчний эсрэг вакцины тарилгыг хүүхдүүд хийж байсан эмч нарыг устгахыг уриалсан нэвтрүүлэг явуулсан хэргээр FM радио станцын гурван хөтлөгчийг баривчилж байлаа. Радио станцын хөтлөгчид нэвтрүүлгийн үеэр саа өвчний эсрэг вакцинжуулалт явагдаж байгаа тухай ярихдаа бодит байдлыг санаатайгаар гажуудуулж, олны дунд айдас хардалтын байдал үүсгэсний улмаас есөн эмч алагдаж байсан аж.

Хөтлөгч нар шууд нэвтрүүлгийн үеэр хүүхдэдээ вакцин хийлгэхгүй гэтэл эмч нартай хамт явсан цагдаа зодсон тухай яриад зогссонгүй иймэрхүү байдлаар хүч хэрэглэж зодож байгаад хортой бодис хүүхдүүдэд нь хийж байсан гэсэн цуурхал тарах үндсийг тавьжээ. Нэвтрүүлгийн дараахнаас Нигеричүүдийн дунд саа өвчний вакцин нь бодит байдал дээр саа өвчнөөс сэргийлдэггүй харин Нигери дэх лалын шашинтнуудын тоог цөөлөхийн тулд охидын үргүй болгодог үйлчилгээтэй гэсэн цуу тархан эмч нарыг хөнөөх давалгаа эхэлсэн байна.

Үүнээс өмнө 2013 оны хоёрдугаар сард Нигерийн зүүн хойд нутагт гадаадын гурван эмчийг толгойг нь тасдах гэх мэтээр маш хэрцгий алсан хэрэг гарсан. Иймэрхүү явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Эбола тахлыг дарахад оролцож байгаа эмч нарт ч тохиолдож магадгүй болоод байна. Есдүгээр сард Гвинейд хөдөө орон нутагт Эбола тахлаас урьдчилан сэргийлэх ажил хийж явсан таван эмч, гурван сэтгүүлчийг тосгоны иргэд дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарч байсан нь байдал ямаршуу таагүй байгааг харуулсан нэг жишээ.

Бичиг үсэг мэдэхгүй, мэдлэг болосвролоор маруухан, мухар сүсэгт автсан жирийн иргэдийн зүгээс иймэрхүү үйлдэл гарч байгааг тодорхой хэмжээгээр ойлгож болох.Тэдэнд санаатайгаар худал мэдээлэл хүргэн өдөөн хатгаж турхираад байгаа хэрэг. Дээд сургуульд сурч эмчийн боловсрол эзэмшсэн шашны хэнээтнүүд энэ бүхнийг хийж байна. 2003 онд Нигерийн шариатын хуулийн дээд зөвлөлийн тэргүүлдэг эмч мэрэгжилтэй нэгэн "саа өвчний эсрэг вакциныг Америк болон тэдний холбоотон өрнөдийн хорон муу санаатнууд муутгасан" гэж мэдэгдэж байв. 2007 онд их Британы Лалын эмнэлгийн холбооны тэргүүн Адбул Мажид гэгч доктор цолтой хүн лалын шашинтнуудад хандан хүүхдэдээ улаан бурхан, гахайн хавдар, саа гэх мэт өвчний вакцин хийлгэхгүй байхыг уриалсан байх юм. Учир нь, хүүхдэд хийдэг зарим төрлийн вакциныг бэлдэхэд хүний болон амьтны эдэээс авсан бодис ашигладаг. Тухайлбал, зарим вакцин хийхэд гахайн желатин ашигладаг. Гэтэл лалын шашин гахайг бузар амьтан гэж үзээд гахайн махнаас эхлээд шир хүртэл бүх зүйлийг нь өмсөж зүүх, эдлэж хэрэглэхийг цээрлэдэг.

Шашны хэнээтнүүд болон бүдүүлэг олонхыг иймэрхүү хандлагаас болоод Пакистан, Афганистан, Нигери зэрэг оронд саа өвчний тархалт сүүлийн хэдэн жил эрс нэмэгдсэн төдийгүй хөрш зэргэлдээ орнууд руу халдварлаж эхэлсэн байна.

Саа буюу полиомелит өвчин нь вирусын гаралтай хурц халдварт өвчин. Гол төлөв тав хүртэлх насны хүүхдүүд өвддөг. Өвдсөн дөрвөн хүүхэд тутмын нэгнийх нь хөл нь сааждаг, арван хүүхэд тутмын нэг амьсгалын булчин нь саажсаны улмаас нас бардаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан