АНУ-д хууль бусаар цагаачилсан гадаадын иргэдийг тун ч их баярлуулсан Б.Обамагийн шийдвэр америкчуудад харин таалагдаагүй бололтой. Олон нийтийн санаа бодлыг тандсан санал асуулгаар америкчууд Б.Обамагийн шийдвэрийн талаар үндсэндээ хоёр хэсэгт хуваагдсан нь харагджээ.
АНУ-ын төрийн тэргүүн улс оронд нь хууль бусаар цагаачилсан, зохих ёсны бичиг баримтгүй гадаадын таван сая иргэнийг эх орон руу нь албадан буцаах гэж байсныг болиулж, тэдэнд түр хугацааны хууль зүйн статус олгохоор болсон юм. Харин Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг олон нийтийн 45 хувь нь дэмжиж, 48 хувь нь эсэргүүцэж байгаа гэсэн санал асуулгын дүн гарч. Энэ удаагийн санал асуулгаас хууль бус цагаачдыг хөөн гаргах хэрэгтэй гэсэн бодолтой америкчуудын тоо өмнөх жилийнхээс есөн хувиар нэмэгдсэн нь анзаарагдсан бол, тэдэнд цагаачлалын хамгийн доод статусаар АНУ-д үлдэх боломж олгох хэрэгтэй гэж үздэг иргэдийн тоо мөн л есөн хувиар буурчээ. Үүнээс америкчууд дунд хууль бус цагаачдыг нутаг буцаах ёстой гэсэн таагүй хандлага жил ирэх тусам нэмэгдэж байна хэмээн дүгнэж болохоор байгаа юм.