Исламын улс шиг алан хядагч бүлэглэлийнхний орлогын гол эх сурвалж нь барьцааны мөнгө байдаг. Өнгөрсөн жил гэхэд Исламын улс бүлэглэлийнхэн Сири, Иракт олон арван хүн барьцаалж, 35-45 сая ам.доллар олсон гэдэг тооцоог НҮБ гаргажээ. Харин нийт террорист бүлэглэлүүдийн хувьд 2004-2012 онд 120 сая ам.долларыг барьцааны төлбөрөөс олжээ. Сүүлийн жилүүдэд хүн барьцаалж, мөнгө нэхэх явдал өссөөр байгаа бөгөөд Аль-Кайдагийн орлого олох гол арга хэрэгсэл нь энэ болсон гэж НҮБ-ын шинжээчид анхааруулж байна.
Тус бүлгийн толгойлогч Аяман Аль Завахири хоёр жилийн өмнө гишүүддээ хандан барууны орны иргэдийг барьцаалахыг даалгасан бичлэг ч олдож байжээ. Тус бүлэглэлийн зэвсэгт дайчид 2011-2013 онд зөвхөн Йеменээс 20 сая ам.доллар олсон бол Хойд Африкт үйл ажиллагаа явуулдаг салбар нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 75 сая ам.доллар барьцааны мөнгөнөөс олжээ.
Ийнхүү олон мянган хүний амь насанд хүрдэг террорист бүлэглэлүүд хүн барьцаалах замаар өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа учир тэдэнд барьцааны мөнгө өгөхгүй байхыг олон улсын байгууллагууд уриалдаг болсон. АНУ ч террорист байгууллагад барьцааны мөнгө төлөхгүй гэдэг бодлогоо ойрын үед өөрчлөхгүй гэж зарлаад байгаа билээ.