Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдээ мэдээлэл орон зай, цаг хугацааг үл хамааран таны гарт

Дэлхийн улс орнуудад аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжсэн эринд шилжих үйл явц улам эрчимжин, мэдлэгт тулгуурласан нийгмийг цогцлоон байгуулж, нийгмийн баялаг, үнэт зүйлсийг бүтээх эх сурвалж нь мэдлэг, мэдээлэл гэдгийг  дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд  мэдээлэл, харилцаа холбооны  технологийг  өргөнөөр  нэвтрүүлэн ашиглаж байна.Тухайлбал, интернэт хэрэглээ нь зөвхөн мэдээллийн хэрэгцээг хангахаас гадна хувь хүний нийгэмших үйл явцыг бүрдүүлж буй чухал хэрэглүүр бөгөөд мэдээ, мэдээллээр арвин их сонголтот, өрсөлдөөнт нийгмийн суурь ч гэж ойлгож болно.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүн амын хэлтэс, Олон улсын харилцаа холбооны нэгдлээс гаргасан судалгаагаар дэлхийн 1993-2014 оны хооронд интернэт хэрэглээний судалгааг гаргасан байна.

Уг судалгаагаар одоогийн байдлаар дэлхийн улс орны 40 орчим хувь нь интернэтийн сүлжээг ашигладаг бөгөөд 1999 оноос хойш 2013 оныг хүртэл хэрэглэгчдийн тоо 10 дахин өссөн байна. Тухайлбал 2005 онд л гэхэд 1 тэрбум, 2010 онд 2 дахь тэрбум хэрэглэгч, 3 тэрбум дахь хэрэглэгч нь 2014 онд байсан юм. Манай улсын хувьд дэлхийд интернэт хэрэглэгч 198 улс орноос 514 254  хүн ашигладаг гэсэн үзүүлэлтээр  127 дугаар байранд жагсч байна. Уг тоог тойм төдийгөөр авч үзэх юм бол  1500 000 гаруй хотын оршин суугчидтай УБ хотын гуравны нэг нь буюу нийт улсын хэмжээнд 17,85 хувийн хэмжээнд ашигладаг гэжээ.Манай улс интернэт хэрэглээний түвшинг 50 хувьд хүргэх шаардлагатай. Энэ нь далайд гарцгүй, эдийн засаг, дэд бүтэц хөгжиж буй манай орны хувьд ДНБ-г нэмэгдүүлж, эдийн засгийн хөшүүргийг бий болгох, цаашлаад Цахим Засаглал үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд асар их дэмжлэг үзүүлэх юм.Тиймээс интернэт хэрэглээний түвшинг цаашид нэмэгдүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дэлхийд мэдээллийн технологиор давамгайлагч улс орнуудтай харьцуулахад иргэдийн маань интернэтийн талаархи боловсрол нэг шат дутуу байгааг харуулж байна. Энэ нь дэлхий дахины нийтлэг хэл болох англи хэлний мэдлэг, интернэт монгол контентгүй байгаатай холбоотой.

Нэгэн жишээ дурдахад дэлхий даяар  улс орнууд интернэтийн хэрэглээг нэмэгдүүлж, мэдээл­лийн эрин зуунд цаг хугацаа алдалгүй хөгжсөнөөр 2012 оны байдлаар Ази Номхон Далайн бүс нутгийн ДНБ нь 0,3-0,7 хувиар, Америк тивийн хувьд 0,06-0,29 хувиар, Арабын бүс нутагт 0,18-0,21 хувиар тус тус нэмэгдсэн байна. Мөн ажил эрхлэлтийн түвшинг 2012 он гэхэд өмнөх жилүүдийнхээс 10 хувиар өсгөсөн дүн гарчээ. 


Инернэтийг хөгжүүлсэнээр бид юунд хүрэх вэ?

 Хэрвээ интернэтийн хэрэглээг  Монгол улсад өндөр түвшинд хөгжүүлж, төрөлжсэн хэлбэрт шилжүүлвэл  бидэнд маш олон боломж бий.  Дэлхий нийт интернэтийн хөгжилд үндэслэн BYOD /Bring your own device/ хэмээх андройд гар утас, IOS, таблет, гэрээсээ, ажлаасаа  ер нь хаа байгаа газраасаа интернэтээр дамжуулж мэдээллийг ашиглах ухаалаг шийдлийг нэвтрүүлсэн билээ. Монголчууд бидэнд үүнийг ашиглаж ажил, амин хувийн ажлаа төвөггүй амжуулах боломж ирээд байна.

Энэ нь “BIG DATA” гэсэн ойлголттой холбоотой бөгөөд энд тэнд байршиж байсан их хэмжээний мэдээллийн баазыг нэг газар төвлөрүүлэн, түүний давхардлыг арилгаж, эмх цэгцтэй мэдээллийг төвөггүй хүргэх, авах, цаг хугацаа, үргүй зардлыг хэмнэх боломжтой технологийн шийдэл юм.

Одоогийн байдлаар мэдээлэл дамжих нэгж нь GB, TB-аар хэмжигдэж байгаа бол 2020 онд ZB /zettabyte/ PB /petabyte/ нэгжээр хэмжигдэх нь ээ. Энэ нь, мэдээ мэдээлэл их хэмжээний файл, өгөгдлийн багтаамж ихэсч түүний хэрээр мэдээллийн хүртээмж, агуулга, эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ гэсэн үг.
Монголчууд бидэнд ч гэсэн “BIG DATA”-г ашиглаж ажил, амин хувийн ажлаа төвөггүй амжуулах боломж ирээд байгаа бөгөөд жилийн өмнө хүмүүс УБЕГ-аас иргэний  бүртгэлийн лавлагаа авахын тулд 2-3 цаг жагсч авдаг  байсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, орон сууцны төлбөр зэргийг тус тусад нь өөр өөр газар төлдөг байсан билээ. Иргэний мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, эмх цэгцтэй мэдээлэл олгож байгаагийн нэг илрэл нь Цахим Засаглал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ТҮЦ машин үүний нэгэн жишээ гэж хэлж болно.

 Цаашид манай “Үндэсний Дата Төв” УТҮГ  “BIG DATA” чиглэлээр ажиллах зорилт тавьж байгаа бөгөөд мэдээллийн цэгцэрсэн, нэг цэгийн үйлчилгээг иргэн танд хүргэхийн төлөө ажиллах болно. Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнууд  Цахим Засаглалыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр хүргэхийн сацуу  Мобайл Засаглалыг хөгжүүлэх чиг хандлагатай байна. Энэ нь мэдээллийн технологи нь хуучин “КОМПЬЮТЕР ТӨВТЭЙ”, дараагаар нь “СҮЛЖЭЭ ТӨВТЭЙ”, орчин үед “ХҮН ТӨВТЭЙ”  гэсэн чиглэлийг баримталж байгаа бөгөөд хүн гэдэг бодьгал оршин байгаа цагт, компьютер, сүлжээ гэж хөл алдахгүйгээр, зүгээр л хаа байгаа газартаа мэдээ мэдээллээс хоцрохгүй, харилцаа холбоотой, хийсвэр байдлаар төрөл бүрийн үйлчилгээ хүртэж, мэдээллийг авах нь тун удахгүй биз ээ.

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН ЗАХИРАЛ З.ЭНХБОЛД

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан