Төлөвлөгөө ёсоор Монгол Улс 2014 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүстэй болох учиртай. Харин 2012 оны хавар тус бүсийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ хэмээж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл чөлөөт бүсэд нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой хийсэн ажил алга. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс гэсэн пайз зүүсэн хашаа л харагдсаар. Хашаан дотор нь ажил өрнөж байгаа юм болов уу гэвэл үгүй ээ. Энд тэнд хамаагүй ухсан хэдэн нүх л үзэгдэнэ. Уг нь, манай улсын анхны эдийн засгийн чөлөөт бүс болох учир олигтойхон хийвэл эдийн засагт ач тусаа өгөх учиртайсан. Тэгвэл чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил хэр явж байгаа талаар тус бүсийн ажлын албаны холбогдох хүнээс тодруулахад “Чөлөөт бүсэд манай суурин төлөөлөгч ажиллаж мэдээ илгээж байгаа. Одоо шугам, сүлжээ дэд бүтцийн ажил эхэлсэн гэсэн. Нарийн мэдээлэл алга. Тавдугаар сарын сүүлээр л тодорхой мэдээлэл ирэх байх” хэмээн хариулсан юм. Ажлын албаны хүмүүс чөлөөт бүсэд нь ямар бүтээн байгуулалтын ажил өрнөж, цаашид ямар ажил хийх талаар мэдээлэлгүй байгаа нь чөдөртэй чөлөөт бүсийн ажил урагшлахгүй гэдэг нь үнэн бололтой. Өмнө нь санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар ажил явахгүй байна гэдэг байсан. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрээр тус улсын хөнгөлөлттэй зээлийн 58.8 сая ам.долларыг нь гаргаж өгөөд байхад яагаад олигтой ажил хийгдэхгүй байна вэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр чөлөөт бүсийн ажил урагшлахгүй байгаад холбогдох албаныхан олон шалтгаан хэлж орхих нь тэр. Тухайлбал, маш том төсөл учир цаг хугацаа их шаардана. Эхлээд ТЭЗҮ-ээ боловсруулах, хөрөнгө мөнгөө зөв хуваарилах гээд олон асуудал ар араасаа хөвөрсөөр байгаа гэсэн.
Угтаа, манай улс чөлөөт бүсийн тухай хууль батлагдаад арав дахь жилтэйгээ золгож байна. Томоохон ажил өрнүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ чөлөөт бүсийн ажилд дэндүү их цаг хугацаа шаардагдаж байх шиг. Нийт 900 га газрыг хамрах энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар манай улс БНХАУ болон Зүүн Азийн бусад орны зах зээлд нэвтрэх гарцтай болно. Түүгээр ч барахгүй шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, ажилгүйдлийн төвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, шинэ төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог дотоодын бизнес эрхлэгчдэд олгох давуу талтай хэмээн уг чөлөөт бүсийн нээлтийн үеэр хэлж байсан нь саяхан. Энэ их давуу талтайгаас хэзээ байгуулагдах бол гэсэн хүлээлт асар их бий. Ямар сайндаа л чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил өрнөж эхлээгүй байхад гадаад, дотоодын 700 гаруй аж ахуйн нэгж, иргэн газар авахаа мэдэгдээд байх вэ дээ.
Сураг нь сонсогдох ч бараа нь харагддаггүй үл үзэгдэгч чөлөөт бүс
Чөлөөт бүсийн ач холбогдол асар их гэдгийг мэдрүүлэх гэсэн мэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлынх нь явцтай танилцахдаа “Дараагийн ээлжийн инженерийн байгууламж, шугам хоолойн ажилд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлд хамруулах нь зүйтэй” гэж хэлсэн. Энэ нь чөлөөт бүсийн том гацаа болох хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн сайхан мэдээ болсон санагдана. Энэ үеэр “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны захирагч Д.Батсайхан “Бүтээн байгуулалтын ажил 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, 2014 оны долдугаар сард бүрэн ашиглалтад өгөхөөр ажиллаж байна” хэмээн ярьж байсан. Хөрөнгө мөнгийг нь шийдэж өглөө гээд эл чөлөөт бүсийн бараа нь тодрохгүй нь. Манайхыг чөлөөт бүстэй болох гэж мунгинаж байх хойгуур хойд хилийн дагуу гэхэд ОХУ-ын Буриад, Эрхүү гээд хил тойрсон чөлөөт бүсийн үйл ажиллагаа нь тэлж, хүрээгээ тэлсээр.
Эдийн засагчдын хэлснээр чөлөөт бүс байгуулна гэж төлөвлөчихөөд ингэж удаж буй нь хөгжиж буй манай орны хувьд өдөр болгон мөнгө алдаж байна гэсэн үг хэмээн яаравчлан байгуулахыг зөвлөж байсан удаатай. Мэдээж, хоёр том хөрштэйгээ харьцуулах хэрэггүй л дээ. Гэхдээ л эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ хэмээн зарлаж буй энэ үед чөлөөт бүс шиг хэрэгтэй зүйл баймааргүй мэт. Байгуулж байж л түүнийхээ үр өгөөжийг ашиглана. Төлөвлөгөөгөөр “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд чөлөөт худалдааг дэмжих бүс амралт зугаалга, үйлдвэр агуулахын гээд тохилог таатай орчинг бүрдүүлэх учиртай. Чөлөөт бүс үүдээ нээвэл бизнес эрхлэгчдэд олон давуу талтайг хуульдаа ч тусгасан байдаг. Тухайлбал, чөлөөт бүсэд арав болон түүнээс дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь орлогын албан татвараас эхний жилд чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө гэж заасан байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас таван жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө гэх заалт ч байдаг. Гэвч бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж буй чөлөөт бүс өнөөдрийг хүртэл төмөр сараалжин хашаатай болох шив дээ.