Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шоушэнкээс оргосон нь” киноныхон 20 жилийн ойгоороо уулзжээ

“Шоушэнкээс оргосон нь” 1994 оны есдүгээр сард анх дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдийг тэгтлээ их татаагүй юм. Харин өдгөө 20 жилийн дараа кино ертөнцийн хамгийн шидээвэр бүтээлийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг “сонгодог”-ийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.
Олон сая хүний хувьд хамгийн дуртай кино нь болон сэтгэлд хоногшсон “Шоушэнкээс оргосон нь” киноны жүжигчид, уран бүтээлчид 20 жилийн ойгоороо эргэн уулзацгаажээ. Энэ киногоор нэр алдрын оргилд хүрсэн гол дүрийн жүжигчин Морган Фриман, Тим Роббинс нар киноны зохиолч, найруулагч Фрэнк Дарабонттой хамт ойгоо тэмдэглэжээ. Энэхүү  киноны зохиолыг найруулагч Фрэнк Дарабонт Стивен Кингийн богино хэмжээний зохиол дээр үндэслэн бичсэн юм.

40-өөд оны шоронгийн амьдрал, хоёр хоригдлын амьд үлдэх гэсэн тэмцлийг харуулсан кино урлагийн сонгодог бүтээл эхэндээ зардлаа дөнгөн данган нөхөх хэмжээнд л тасалбараа борлуулж байсан гэдэг. 25 сая ам.долларын зардлаар бүтсэн кино тасалбар борлуулалтаасаа энэ мөнгөө арайхийн олж, Оскарын шагналын есөн номинацад нэр дэвшсэн боловч нэгэнд нь ч ялалт байгуулж чадаагүй, гар хоосон үлдэж байсан түүхтэй.
Гэвч хэзээ хойно нь энэ кино үнэхээр амжилтад хүрчээ гэдгийг мэдрүүлэх урмын үгсийг уран бүтээлчид нь харамгүй сонссон гэдгээ ойн үеэр дурсан ярьжээ. Энэ киног үзээд амиа хорлох бодлоо орхисон, эсвэл хэн нэгний амийг аварсан, амьдралыг илүү өөдрөгөөр хардаг болсон гээд үзэгчид өөрсдийнх нь амьдралд гарсан өөрчлөлтийн талаар киноны уран бүтээлчдэд олон арван захидал илгээж байжээ. Жүжигчин Морган Фримантай уулзсан бараг бүх хүн, бүр Нельсон Мандела хүртэл “Миний хамгийн дуртай кино”, “Амьдралыг минь өөрчилсөн кино”  хэмээн хэлдэг ажээ.

Тэрээр киноны санал анх хүлээн авсан үеэ дурсан ярихдаа кино зохиолыг уншиж үзээд л ямар дүр өөрт нь оногдох нь хамаагүй, шууд л тоглоно хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Тэгвэл жүжигчин Тим Роббинс ярихдаа “Фрэнк үнэхээр гайхамшигтай зохиол бичсэн. Кино зохиол бичих гэж буй бүх хүнд би энэ зохиолыг уншихыг санал болгодог. Үнэхээр зөв зохион байгуулалттай” хэмээн онцолжээ.
Найруулагч Фрэнк Дарабонт анх кино зохиолоо бичихдээ яг эх зохиол дээр гардагтай ижил Ред автобусанд суугаад хаашаа ч юм тодорхойгүй ирээдүй рүү явж байгаагаар төгсгөсөн байснаа сүүлд нь өөрчилжээ. Учир нь, “Castle Rock” кино компанийнхан “Үзэгчдийг хоёр цагийн турш тамаар аялуулсны эцэст гол дүрийн баатруудаа эргэн уулзаж байгаа сайхан төгсгөлөөр баярлуулах хэрэгтэй” хэмээн саналаа хэлжээ.  Энэ нь ч нүдээ олсон санаа байж үзэгчид энэ кинонд дурладгийн гол шалтгаан нь болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан