Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амиа золиослогчдыг хэрхэн бэлддэг вэ? Өнгөрсөн үе ба одоо цаг

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ӨНГӨРСӨН ҮЕ

Иракт ба Сирид "Лалын улс" нэртэй шашны хэт явцуу үзэлт бүлэглэлийнхэн "гэв гэнэт" дэлхийн №1 баян, № хамгийн хүчирхэг алан хядах бүлэглэл болж хувирлаа. "Гэнэт" ийм зүйл болсон Өрнөдийн улсууд асар ихээр хилэгнэн уурлаж энэ бүлэглэлийн эсрэг тэмцэг цэрэг ба улс төрийн шинэ эвсэл байгууллаа. Өрнөдийн орнуудын хамгийн ихээр эмээн болгоомжилж байгаа зүйл нь энэ бүлэглэлийн зэвсэг, мөнгөний боломж биш харин амиа зосиологчид юм. "Лалын улс" нэртэй болохын өмнө "Ирак ба Левантын лалын улс" буюу "ИЛЛУ" нэртэй байсан энэ бүлэглэл Иракт, Сирид өдөртөө нэг, зарим тохиолдолд өдөрт хоёр гурван амиа золиослогч ашиглан алан хядах ажиллагаа үйлдэж олон зуун, хэдэн мянган хүний аминд хүрдэг байсан.

Тухай бүрт Ирак, Сирид хамаг эрх мэдлийг гартаа барьсан лалын шашны шиа урсгалынхан сунна урсгалыг дагагчдаа хэт дээрлэхсэн гэдэг шалтгааны улмаас энэ олон амиа золиослогчид алан хядах ажиллагаа үйлдэж байна гэж тайлбарладаг байв. Сирид амиа золиослогч алан хядах ажиллагаа үйлдэж олон хүн амь үрэгдэхэд нууцхан магтсан байдалтай сөрөг хүчин дарангуйлагч Асадын хүчний эсрэг тусгай ажиллагаа явуулав гэж мэдэгддэг, эсвэл бүр мэдэгддэггүй байсан.

Гэтэл "ИЛЛУ" бүлэглэл Ирак ба Сирид их хэмжээний газар нутгийг эзлэн аваад Лалын улс байгуулснаа зарласан, бүлэглэлийнхээ нэрийг "Лалын улс" буюу "ЛУ" болгож өөрчилсөн. Ингээд зогссонгүй цаашдаа энэ хоёр улсаар хязгаарлагдахгүй Ливан, Йемен, Ливи, Египет гээд явна гэдгээ мэдэгдсэний дараа байдал өөрчлөгдсөн нь ойлгомжтой.

Өрнөдийн орнууд "гэв гэнэт" энэ бүлэглэлийн эсрэг цэргийн эвсэл байгуулан тэмцэхээр болов. Олон тооны шинжээчид энэ байдлыг эрс шүүмжилсэн байна.Учир нь, өрнөдийн орнуудын иргэн лалын шашинт хэдэн мянган хүн энэ бүлэглэлийн эгнээнд элсэн орж тэмцсэн байдаг. Үүнийг өрнөдийн орнууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа.

Тухайн үедээ тэднийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг сөрөг хүчний эгнээнд элсэн орж зэвсэгт тэмцэл явуулахыг улс орных нь эрх баригчид шууд уриалаагүй юм гэхэд саад болоогүй. Гэтэл АНУ-аас эхлээд Их Британи, Герман, Франц, Нидерланд, Австри гээд өрнөдийн бараг улс болгоноос нийлээд хэдэн мянган хүн "ЛУ" бүлэглэлийн гишүүн болоод удаа дараалан амжилттай байлдаан явуулж, амиа золиослогчид ашиглан олон удаа алан хядах ажиллагаа явуулаад ирэхээр байдал өөрчлөгдсөн хэрэг.  

Өөрөөр хэлбэл энэ бүлэглэлийн эсрэг цэргийн эвсэл байгуулж хөдлөөд ялаад ирвэл эгнээнд нь байсан хэдэн мянган иргэд нь буцаад улс руугаа зүгэлнэ. Харин ялагдсандаа өсөө хонзон өвөртлөн ирсэн тэр олон мянган хүн хоёр жилийн өмнө байсантай адил туршлагагүй хүмүүс биш. Хотын нөхцөлд цагдаа, армийн эсрэг яаж байлдахаа мэддэг, шаардлагатай бол амиа золиослогч яаж элсүүлэн айлган сүрдүүлэх ажиллагаа явуулдгийг мэддэг хүмүүс болж хувирсан. Тэгээд ч тэд өөрсдийнх нь эсрэг байлдаж байгаа улс болгонд алан хядах ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн.

Гэхдээ амиа золиослогч ашиглан алан хядах ажиллагаа явуулах вий гэхээс хамгийн их эмээж байгаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Францад мөрөөрөө амьдарч байсан 14 настай охиныг уран үгээр тархийг нь угааж байгаад эгнээндээ элсүүлээд Сирид авчирч чадаж байгаа хүмүүст мөн насныг охины толгойг эргүүлсээр амиа золиослогч болгохгүй гэх баталгаа байхгүй.

Иймд одоо улс болгон л лалын хэт явцуу үзэл суртлын тараагч сайт, ном, сониныг хаах ба хянах. Амиа золиослогч бэлдэх аргыг судлан хариу арга хэмжээ авах талаар судалгаа явуулж эхэлжээ.

Түүхийн сурвалж бичгээс үзвэл хүн төрөлхтний түүхийн янз бүрийн үед болж байсан ил ба далд олон дайнд амиа золиослогч нарыг ашигладаг байжээ. Бүх нийтийн үйлс гэж ойлгосон ямар нэг зүйлийн төлөө амиа золиослох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ганц бие хүмүүсийг эс тооцвол амиа золиослогчдыг ямар нэгэн байгууллагаас тусгайлан бэлддэг байсан. Бүгд шашин ба улс төрийн хэт явцуу үзэлтнүүдийн удирддаг бүлэглэлүүд. Эднээс хамгийн алдартай гэж болохоор, өрнө ба дорно дахин сайн мэддэг "Уулын өтгөс" буюу "ассасин"-ууд. Бүр тодруулбал лалын шашны исмаилит урсгалын өөр нэг салаа болох низарутуудын байгуулсан Уулын өтгөсийн вант улс гэж болно. Шашны хэт явцуу үзэл дээр суурилсан энэ улс өөрийн тусгаар тогтнолыг хамгаалах, шашны үзэл бодлоор ялгаатай улсуудыг дайн хийлгэлгүй тогтоон барих бүхэл бүтэн систем боловсруулан амжилттай хэрэгжүүлж олон зууны туршид хэрэгжүүлж ирсэн түүхтэй.

Чингис хааны ач Хулагу 1256 онд Уулын өтгөсийн хоёр гол цайз болох Аламут, Меймундизийг нураасны дараагаар ассасинудын бүлэглэл албан ёсоор устсан гэж үздэг. Гэвч амиа золиослогч нарыг бэлдэх тэдний сургууль үгүй болсонгүй. Одоо хүртэл ашиглагдсаар гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Мянга гаруй жилийн тэртээ Уулын өтгөсийн ашиглаж байсан зарим техникийг сонирхоцгооё. Энэ тухай "Википедия"-аас эхлээд шашин судлаач, сэтгэл судлаачдын олон бүтээлд дурдсан нь бий.

Амиа золиослогч бэлдэх тэртээ дээр үеийн технологийг төгс тархи угаалт гэж тодорхойлж болно. Юуны өмнө  хүний амийг ямар ч шашинд дээд бурханаас заяасан хамгийн эрхэм нандин зүйл гэж номлодог сургадаг тул амиа золиослогчид тухайн бүлэглэлийн удирдлагаас тушаасан гэмт хэргийн үйлдээд үхэх нь дээд буян гэж итгүүлэх хэрэгтэй болно. Энд тодорхой хэмжээгээр онолын үндэслэл зайлшгүй шаардлагатай. Онолын үндэслэлээс гадна сургагч нар ба мэдээлэл цуглуулагч, тагнуулын өргөн сүлжээ бүхий тусгай байгууллага шаардлагатай. Амиа золиослогч нарыг өнчин эсвэл туйлын ядуу гэр бүлээс гаралтай бие бялдарын хөгжил сайтай ч, итгэмтгий,юманд шүүмжлэлтэй хандах эргэцүүлэн бодох чадвараар ядмаг залуусыг сонгон авдаг байж. Тэднийг биеийн ба сэтгэл санааны, шүтлэг бишрэлийн маш хатуу шалгуураар шалгаж авна.

Онолын үндсийг нь тухайн бүлэглэлийн шашны тэргүүн, удирдагч бий болгож өгнө. Тэрээр бүлэглэлийн үйл хэргийн төлөө амиа золиослон тэрс үзэлтнүүдийг хөнөөсөн хүн шууд диваажинд очно гэж номолно. Үүний тулд бүлэглэлийн толгойлогч бүлэглэл дотроо үнэмлэхүй эрх мэдэлтэй, хэлсэн үг нь бурхан айлдсантай адил хууль мэт мөрддөгддөг байх ёстой. Сонссон үгэндээ итгэхээс өмнө эргэцүүлэн боддог, өргөн мэдлэгтэй, ар гэр нь байнга араас нь халамжилж уулзаж ярилцан байдаг хүн ийм шалгуурт нийцэхгүй нь ойлгомжтой.

Ингээд шалгуур давсан хүмүүсийг цадтал хооллож, боломжийн хувцасладаг болно. Насанд хүртэлээ өдөр цадтал хооллож үзээгүй, ядуу зүдүү, хагас гуйланчлалын амьдралтай байсан хэдэн зууны тэртээх ядуусын хувьд амьдралдаа анх удаа өдөр болгон ажиллах шаардлагагүйгээр цадтал идэх, бүтэн хувцас нь ямаршуу нөлөө үзүүлдэг байсныг тааж ядах зүйлгүй. Дээр нь, тэдэнд мансууруулах бодис өгч манаруулаад тархийг нь угаах зүйл хийнэ. Хар тамхи татан нэг манараад сэрэхэд нь сайхан хүүхэн, тансаг хоол унд, чамин хувцастай газар оруулж орхино. Тэнд охид бүсгүйчүүд хөөрхий манарсан эрд диваажинд байна, дараагийн удаа амиа золиослоод ухаан ороход бүгд эндээ ахиад учирна гэж итгүүлнэ. Наргих зуур ахин нэмж хар тамхи өгч ухаан алдаад сэрэхэд л буцаад нөгөө бэлтгэл хийдэг орчинд нь авчирсан байна. Энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтасны дараагаар амиа золиослогч нь уулын өтгөсийн тушаасныг хийж хүн алан амиа алдасны дараа шууд диваажинд орж сайхан амьдарна гэдэгтээ 100 хувь итгэлтэй ямар ч эргэлзээгүй болдог байсан нь мэдээж. Өөрөөр хэлбэл үхлээс айх айдас үгүй болж харин ч бушуухан үхээд диваажинд орохыг хүсдэг болно. Бичиг үсэг мэддэг, учрыг ойлгодог хүний тоо цөөн, зурагт, тв, интернэт гэж байхгүй, итгэж шүтэж яваа бүхнийг үгүйсгэсэн мэдээллийг тав "алхаад" олох боломжгүй тэр олон зууны тэртээ энэ арга асар их үр дүнтэй байж. Ингээд үхлээс айхаа больж, үхлийг эрэлхийлдэг болсон хүндээ тушаал өгөөд, тийшээ очоод тийм нэртэй хүнийг алаад ир гэж тушаахад л хангалттай. Уулын өтгөсийн тушаалаар хүний амь хөнөөсөн хүмүүс зугатах гэж огт оролддоггүй байсан гэдэг. Амиа хамгаалах шаардлага байхгүй, диваажинд орно гэдэгтээ итгэсэн хүн зугатах гэж оролдохгүй нь ойлгомжтой. Яаж ч тамлаад, харгислаад хэн яах гэж явуулсан гэх мэт мэдээлэл авах боломжгүй байж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан