Дөнгөж арваннэгдүгээр сарын сүүлч болж байхад АНУ-ын зүүн хойд хэсэгт 1,5 метр, зарим газар бүр 1,9 метр хунгар тогтоосон их цас орж, байгаль эхийн гэнэтийн шалгуурт америкчууд барьц алдав. Хэтэрхий их орсон цас долоон хүний аминд хүрч, хэдэн мянган хүн гэртээ, хэдэн зуун хүн гадаа зам дээр машиндаа боогджээ. Хаа сайгүй зам боогдсоноос түргэн тусламж авч чадахгүй нас барах тохиолдол цаашид ч гарч магадгүй хэмээн албаныхан анхааруулж байна. Одоо АНУ-ын 50 муж, тэр дундаа Флорида, Хавайд хүртэл хасах хэмд ортлоо цочир хүйтрээд байна. Их цас, түүнийг дагасан цасан шуурга замыг мөстүүлж орхисон учир Нью-Йорк мужийн зам дээр 100 гаруй машин гацаанд орчихоод тусламж ирэхийг хэдэн цагаар хүлээжээ.
Гэнэтийн их цас оршин суугчдыг гэрийнхээ хаалгыг ч онгойлгох аргагүй болгоод байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байгаа энэ үед цас цэвэрлэгч машин техникийн туслалцаа хамгийн хэрэгтэй болжээ. Нью-Йорк мужийн захирагч үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг цас цэвэрлэж, оршин суугчдыг “хорионоос” гарахад туслуулж байна.
Рекорд тогтоож буй энэ их цасаар “дэлхийн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг байгаль эх бидэнд санууллаа” хэмээн Нью-Йорк мужийн захирагч мэдэгджээ.