Наймдугаар сараас олон улсын цэргийн эвсэл Сири ба Ирак дахь "Лалын улс" бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч эхэлснээс хойш нийт 4800 гаруй удаа нислэг үйлдэж. Эдгээрээс 362 нь агаараас цохилт өгсөн нислэг байсан нь хоногт 10 орчим удаа лалын явцуу үзэлтнүүдэд агаараас цохилт өгч байсан хэрэг. Агаарт түлшээр цэнэглэгч онгоцууд 1300 гаруй удаа хөөрч бусад нислэг нь тагнуулынх, байг хайх ба тодруулах, үр дүнг хянах гэх мэт нислэг байжээ.
Харьцуулахад Муаммар Каддафийг түлхэн унагахын тулд Ливийг бөмбөгдөж байхад эвслийн байлдааны онгоцууд 26 мянган нислэг үйлдэж байсан. Энэ нь хоногт 100 удаа нислэг хийж байсан гэсэн үг. 1991 онд Персийн булангийн дайны үеэр Иракийг бөмбөгдөж байхад хэдхэн долоо хоногийн дотор 116 мянга нислэг хийж байв. 1999 онд Югославын иргэний дайны үеэр сербүүдийг бөмбөгдөх үеэр АНУ, НАТО-ийн байлдааны онгоцууд 78 хоногийн дотор 38 мянган удаа нислэг үйлдэж байснаас 10 мянга 84 нислэгэд нь агаараас цохилт өгч байв.
Гэтэл Сири ба Иракт шашны хэт явцуу үзэлтнүүдэд өгч байгаа цохилт нь амьд хүч ба зэвсэг техникийн бөөгнөрөлд гэхээс илүүтэйгээр барилга ба тээврийн хэрэгсэлд өгч байгаа аж. Үр дүнд нь машин эсвэл барилгыг бөмбөгөдөхөд алан хядагчид устсан байх гэж таамаглахаас хэтрэхгүй байгаа аж.
Америкийн нисгэгчид ийм байдалд сэтгэл дундуур байгаа бөгөөд нисэх хүчин хангалтгүй ажиллаж чадахгүй байгаагийн хэд хэдэн шалтгааныг дурджээ.Эдгээрт нь:
· Газар дээр чиглүүлэгч, гал тохируулагч байхгүй;
· Иракийн арми ба курдуудтай уялдаа холбоогүй ажиллаж байгаа;
· Эвслийн гишүүдтэй нарийн уялдаатай ажиллаж чадахгүй байгаагаас бай сонголт нь будлиантай ойлгомжгүй болж байгаа;
· Агаарын янз бүрийн нэгжүүдийн хооронд уялдаа холбоо байхгүй. Жишээлэхэд, нисгэгчгүй нисэх төхөөрөмж байг илрүүлснээс хоёр цагийн дараа л онгоцууд бөмбөгдөхөөр хөөрч байна. Энэ хугацаанд бай нь хэдийн зугатаад алга болсон байдаг;
· Шашны хэт явцуу үзэлтнүүд ба энгийн номхон иргэдийн тод ялгаж салгах боломжгүй байгаа;
· Газар дээр эсрэг талын явуулж байгаа ажиллага, байршил зэргийн талаарх тагнуулын бодит мэдээ байхгүй байгаа зэрэг хүчин зүйлс багтжээ.
Иймд нисгэгчид болгоомжтой, цэгэн цохилт хоногт хэдхэн удаа өгөх бус харин хоногийн 24 цагийн турш долоо хоногоор нь болзошгүй бай болгоны эсрэг өргөн талбайг хамруулсан их хэмжээний бөмбөгдөлт явуулах хэрэгтэй гэж үзжэээ. Цэгэн хатгалт бус өргөн хэмжээний пуужин ба бөмбөгийн цохилт хэрэгтэй. Ингэж байж л "Лалын улсад" бодит хохирол учруулах боломжтой гэнэ.
Сүүлийн үед Америкчууд Афганистанд ч агаараас цохилт өгөх нь нэмэгдсэн. Нисэх хүчин Афганистанаас гарч байгаа цэргүүдээ агаараас хамгаалж байгаа болохоор цохилтын тоо нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн дулааны улирал дуусч байгаатай холбоотойгоор "Талибан", "Аль кайда" бүлэглэлийн идэвх нэмэгддэг. Учир нь, өвөл болж уулархаг газрын нууц жим, замууд цасанд дарагдан хаагдахад алан хядагчид байлдааны үйл ажиллагаагаа цөөлөх, зарим газар зогсооохоос өөс араггүй болдог. Иймд аргагүйн эрхэнд "түр амралт" авахын өмнө аль болох сүр дуулиантай олон ажиллагаа явуулж "бид байгаа шүү" гэдгээ олон нийтэд харуулах гэдэг тэр болгонд нь гол төлөв агаараас цохилт өгч хариу барьдаг.
2014 оны аравдугаар сарын байдлаар Америкчууд Афганистанд 10 мянга 890 нисдэг үйлдэж 1446 удаа "Талибан"-ы байрлал руу агаараас цохилт өгч 436 бөмбөг хаясан нь сарын дундаж болох 149 удаагийн цохилтоос хавьгүй өндөр үзүүлэлт. Агаараас цохилт өгөх цохилтын оргил үе нь 2012 оны наймдугаар сард болж 588 удаа бөмбөгдөж байв.
Америкчууд Афганистанд төдийгүй Пакистаны нутагт байрласан талибуудын эсрэг нисгэгчгүй нисэх төхөөрөөмжнөөс өгөх цохилтын тоогоо нэмэгдүүлсэн. Удтал чимээгүй байсны дараа аравдугаар сард ямар ч байсан 9 удаа агаараас цохилт өгсөн байна. Үүнээс өмнө америкийн ийм цохилтод жирийн иргэд өртөж байна гэж Пакистаны Засгийн газар шүүмжлэн, нисгэгчгүй төхөөрөмж ашиглан агаараас цохилт өгөхийг эсэргүүцэн хориглоод байсан юм.
Гэхдээ Пакистаны Цэргийн нисэх хүчин ч агаараас өгөх цохилтын тоогоо нэмсэн. Аравдугаар сарын 12-нд Пакистаны онгоцууд Вазиристан мужид талибуудад агаараас цохилт өгч 21 дайчныг нь устгасан. Аравдугаар сарын гурванд өгсөн цохилтоор 15 алан хядагчийг устгасан.Нийтдээ долдугаар сараас хойш агаараас пуужин, бөмбөгийн цохилт өгч 1000 гаруй талибыг устгажээ.
Шашны хэт явцуу үзэлт, алан хядах бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг бусад улсуудад ч агаараас цохилт өгөх нь сүүлийн саруудад эрс нэмэгдээд байгаа.
Нигерийн Засгийн газар "Боко харам" бүлэглэлийн хүн хүчийг бөмбөгдөж байна. Аравдугаар сард Нигерийн Цэргийн нисэх хүчний командлагч Адесола Амосу нь Кондугу хотын төлөөх тулаанд агаараас цохилт өгч олон зуун алан хядагчдыг устагсан нисгэгчдээ магтаж байв. Нигеричууд Хятадад үйлдвэрлэсэн "Чэнду J-7" /Зөвлөлтийн МиГ-21-ийн сайжруулсан хуулбар/ сөнөөгч онгоц, Франц Германы үйлдвэрлэсэн "Dassault/Dornier Alpha Jet" дайрагч онгоц, Оросын Ми-24, Ми-35 нисдэг тэргийг ашигладаг.Есдүгээр сард Нигерийн цэргийн нисэх хүчин нэг онгоц, хоёр нисгэгчээ алдсан юм. Алан хядагчид сөнөсөн онгоцны сэгийн хажууд олзлогдсон нэг нисгэгчийг цаазалж байгаа бичлэгийг интернэтээр харуулсан.
Арваннэгдүгээр сар ба арванхоёрдугаар сард алан хядагчдын эсрэг агаараас пуужин бөмбөгийн цохилт өгөх шинэ давалгаа эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Учир нь, Нигер, Нигери, Чад, Бенин улсууд "Боко Харам"-ын эсрэг нэгдсэн хүч байгуулан байлдааны ажиллагаа эхлүүлэхээр тохиролцсон.
Сомалид үйл ажиллагаа явуулдаг шашны хэт явцуу үзэлт "Аш Шабаб" бүлэглэлийг аравдугаар сараас эхлэн Кенийн нисэх хүчин бөмбөгдөж эхэлсэн. Тухайлбал, аравдугаар сарын 11-нд Жилибийн орчим агаараас цохилт өгч 60 гаруй алан хядагчийг нэг дор устгажээ. Америкчууд 2007 оноос хойш Сомалийн алан хядагчдад нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр 10 орчим цохилт өгсөн, 11 удаа газраар тусгай ажиллагаа явуулсан.
Харин Йемений хэт явцуу үзэлтнүүдийн эсрэг агаараас нисгэгчгүй төхөөрөмжөөр 19 удаа пуужин, бөмбөгийн цохилт өгчээ.
Алжирийн цэргийн нисэх хүчин Ливитэй залгаа мянга гаруй км үргэлжилдэг хилийн орчим эрс идэвхжээд байгаа лалын хэт явцуу үзэлтнүүдэд цохилт өгөхөөр нисэх хүчнээ бэлэн байдалд оруулсан.
Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Ливийн Триполи хотын орчим таних тэмдэггүй байлдааны онгоцууд хэт явцуу үзэлтнүүдэд дөрвөн ч удаа пуужин, бөмбөгийн цохилт өгсөн. Таних тэмдэггүй байсан хэдий ч шинжээчид цохилт өгсөн онгоцуудыг Арабын нэгдсэн эмират, Египетийн цэргийн нисэх хүчний онгоцууд байсан гэж дүгнэсэн.
Энэ сараас Америк тэргүүтэй эвслийн орнууд Лалын улс бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тул агаараас өгөх цохилтын тоо эрс нэмэгдэх бололтой.