Австралийн Брисбэн хотод болсон Их-20 орны уулзалтыг албан ёсоор өндөрлөхөөс өмнө Оросын Ерөнхийлөгч В.Путин орхиж явсан нь үндсэн асуудлаасаа дутахгүй олны анхаарлыг их татаж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр АПЕК-ийн чуулганд оролцохоор Хятадад очихдоо тэргүүн хатагтайд нь анхаарал халамж тавилаа гэж нэлээн шүүмжлүүлээд авсан ОХУ-ын ганц бие Ерөнхийлөгчийг Их-20 клубийн удирдагчид төдийгүй австраличууд ч таатай хүлээж аваагүй юм. Украинд осолдсон Малайзын MH-17 онгоцны осолд ОХУ-ыг буруутай гэж үзэж буй австраличууд В.Путинээс уучлал гуйхыг шаардсаар угтсан. Тус онгоцоор зорчиж явсан хэдэн зуун зорчигч дунд Австралийн 28 иргэн явсан юм. ОХУ тус онгоцыг буудаж унагасан гэж үзэж буй австраличууд хэвлэлүүдээрээ болон олон нийтийн жагсаал цуглаанаар дамжуулан В.Путинийг уучлал гуйхыг шаардсан.
Олон нийтийн энэ эсэргүүцэл дээр Их-20-ийн удирдагчдын В.Путинтэй харилцах уур амьсгал ч таагүй байсан бололтой. Барууны удирдагчид Украины асуудлаар ОХУ-ыг, Путиний байр суурийг ээлж дараалан шүүмжилж, Канадын Ерөнхий сайд Стефен Харпер гэхэд “Би хэдий тантай гар барьж байгаа ч надад танд хэлэх нэг л зүйл байна. Та Украинаас гарах хэрэгтэй” хэмээн түүнд хэлсэн байна. В.Путин Германы канцлер Ангела Меркельтэй хэдэн цаг уулзсаны дараа Европын орнууд ОХУ-д нэмж хориг тавих тухай мэдээ ч гарчээ.
Ер нь л Украины асуудал В.Путинийг Их 20-ийн хэмжээнд ганцаардуулж орхисон учраас тэр бушуухан эх орон руугаа буцахын түүс болсон бололтой. Харин үүнийгээ тэрээр “Даваа гарагт ажилдаа эрт очиж, чухал уулзалт хийхийн тулд Австралиас эртхэн нисэх хэрэгтэй” гээд “Олон цагийн нислэгийн өмнө 4-5 цагийн нойр авах хэрэгтэй” байгаагаа ч учирлажээ. Тэрээр эх орон руугаа мордохын өмнө “Хэдийгээр бидний байр суурь зарим асуудал дээр нэгдээгүй ч уулзалт бүтээлч уур амьсгалд болж өнгөрлөө” хэмээн мэдэгдээд барууны удирдагчидтай таарамжгүй байгаагаас уулзалтыг цагаас нь өмнө орхилоо гэлцэж буй нь хэвлэлүүдийн л давс хужир нэмсэн явдал гэжээ. В.Путин “Би явах болсон шалтгаанаа Тонид очиж /Австралийн Ерөнхий сайд Тони Эббот/ хэлсэн. Бид эндээс Владивосток руу есөн цаг, тэндээс Москва руу есөн цаг ниснэ. Түүнээс өмнө нойр авах хэрэгтэй гэдгээ хэлсэн. Тэр ч үүнийг ойлгосон” хэмээн ярьжээ. В.Путин Брисбэнийг өчигдөр үд дунд орхих үед Их 20-ийн чуулганы үйл ажиллагаа дуусаагүй, хамтарсан мэдэгдлээ ч гаргаж амжаагүй байсан юм. Чуулганы сүүлчийн өдөр Их-20 дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар голчлон хэлэлцсэн бөгөөд хамтарсан мэдэгдлээрээ 2018 он гэхэд тус тусын эдийн засгийн өсөлтийг хоёроос дээш хувьд хүргэнэ гэсэн зорилт тавихаар болжээ. Хэдийгээр Их-20 дэлхийн хамгийн баян чинээлэг 20 орны нэгдэл боловч хоёр хувийн өсөлт гэдэг зарим орны хувьд хүрэхэд тийм ч амаргүй даваа байх болно хэмээн эдийн засагчид үзэж байна. Учир нь, зарим орны эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, зарим нь бүр хямрал руу ороход ч ойрхон байгаа юм. Эдийн засгийн асуудлаас гадна бүс нутгийн аюулгүй байдал тухайлбал Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн маргаантай асуудал, дэлхийн цаг уурын өөрчлөлт, Эбола өвчний тархалт зэрэг нийтлэг сэдвээр ч Их-20 хэлэлцжээ.