Исламын улс бүлэглэлийнхэнд барьцаалагдсан АНУ, Английн иргэдийг хайрлах сэтгэлгүйгээр хоолойг нь хэрчин хөнөөж буй бичлэгээрээ дэлхий нийтийн танил болсон “Жихад Жон” гэгчийг шархдуулжээ.
АНУ тэргүүтэй эвслийн хүчний онгоцууд Ирак дахь Исламын улсын хяналтдаа авсан бүс нутаг руу агаараас цохилт өгөх үеэр тус бүлэглэлийн удирдагчдаас 10 гаруйг нь устгасан мэдээ бий. Энэ довтолгооны үеэр Жихад Жон бүлгийн гол толгойлогч Абу Бакр ал-Багдадын хамт шархадсан бололтой. Тэд Иракийн хойд хэсгийн Анбар мужийн Аль Кайм хотод бүлэглэлийнхээ удирдагчдын хамт нуувчинд уулзалт хийж байжээ. Түүнийг хүнд шархдан Сирид байх 200 километрийн зайтай эмнэлэг рүү хүргэгдэн ирсэн тухай мэдээг Британийн Гадаад хэргийн яам хүлээн авсан байна. Түүнийг эмчилсэн сувилагч энэ мэдээллийг өгчээ. Британийн хоёр, Америкийн хоёр иргэний хоолойг хэрчин амь насыг нь хөнөөсөн бичлэгээ дэлхий нийтээр цацаад байгаа Жихад Жон бол Британи гаралтай нэгэн. Бичлэг бүр дээр нүүрээ халхалсан байдаг түүнийг Лондон аялгаар нь британи хүн хэмээн таамаглаж байгаа юм. Гэм зэмгүй иргэдийг хөнөөж байгаа бичлэг нь дэлхийн хэдэн зуун сая хүнд хүрснээр тэр одоо барууны орнуудын нэн тэргүүнд хайж буй зартай террорист болоод байгаа билээ. Исламын халифатыг байгуулна хэмээн зарлаж, Ирак, Сирийн газар нутгийн багагүй хэсэгт хяналтаа тогтоогоод буй Исламын улс бүлэглэлийн удирдах шатны зөвлөлд нь Жихад Жон багтдаг аж. 28-31 орчим настай, өөртэйгөө ижил зургаан Британи хүнээр биеэ хамгаалуулдаг энэ этгээд англиас гадна араб хэлээр ярьдаг, коран судар нэвтэрхий мэддэг гэнэ.