Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Миний нөхөр-талын хөх чоно


... Араатны хаан арслан хэмээн хэлэлцэх юм. Худлаа Чоно шүү дээ. . .

 /Өвгөн анчны яриа/ . . .

Анх би чоныг хэзээ үзлээ дээ. Тэртээ хол уулсын дунд орших төрсөн нутагтаа харсансан. Аав минь намайг Хагшаалын намаржаанаас сумын сургуульд хүргэж өгөхөөр шогшуулж явсан намар цаг. Морьдын маань чих соотойж цочин зогтусах тэр агшинд.
- Ээ хараач хүү минь. Чоно. . . хэмээн аав дуу алдаж билээ.
Тэртээ уул өөд харайлгаж яваа хоёр саарал амьтан чоно байсан ажгуу. Хөтөл дээр гараад эргэж харснаа "Өө. . . аюулгүй хүмүүс байна" гэх мэт тайван шогшсоор далд орсныг одоо болтол би ой ухаандаа харсаар хадгалсаар явнаа.
-Хүү минь чи сайн л явах юм байна. Мөн ч хийморьтой цог зальтай амьтан юм шүү дээ, энэ чоно. Аян замд эр хүн чонотой таарахыг их сайн гэдэг юм хэмээн аав минь өгүүлж билээ.
Түүнээс хойш хичнээн ч олон намар өнгөрч вэ дээ. Гэвч Чонын тухай сайн үг ер дуулсангүй. Аав минь л гагцхүү энэхүү хийморьтой амьтны тухай магтаалын үг хэллээ дээ, анх надад. Нам засаг "малын дайсан чоныг хаа тааралдсан газар нь устга" хэмээн хэдэн түмэн удаа уриалан хүн, чоно хоёр бие биетэйгээ "байлдан" уул тал хангай хөвчид хэдэн зуун жилийг өнгөрөөжээ.
Гэвч эрэлхэг зоригт чоно бүхнийг ялан дийлэгч хүнд дийлдсэнгүй, ер дийлдэх ч үгүйд нь итгэнэм.
Аавынхаа хэлсэн үгийг умартан би ч гэсэн чоныг муу хэлэгч хүмүүстэй дуу хоолойгоо нийлүүлэн орилж л явсан. Дахиад би хэзээ ч чоныг муулахгүй. Тэр бол миний нөхөр байсан юм гэдгийг энэ хачин хорвоогийн уйтай хүнд өдрүүдэд би ухааран ойлгов.
Хамгийн үнэнч амьтан чоно ажгуу. Чоно хүчтэй, чоно зоригтой. . . Чоно зөвхөн өөрийнхөө хүч чадалд л итгэнэ. Хэнээс ч тэрбээр аврал хайр гуйхгүй.
Саяхан би Италийн нэрт биологич Чимэн хэмээх хүний бичсэн "Чонын нүхний нууц" хэмээх алдарт номыг санаандгүй олж уншаад бишрэн баярлав. Тийм ээ: Чоно хийморьтой ухаантай амьтан ажээ. Чонын тухай юу ч мэдэхгүй атлаа түүнийг доромжилж харааж явсан тэнэг толгойгоо буруутгамаар санагдсан сан.
Чимэн 500 гаруй чонотой 10 жил хамт амьдарч уул тал ой хөвчид тэднийг даган бас ч заримдаа дагуулан хэрж, тэнэжээ. Тэгээд л энэхүү гайхамшигт бүтээлээ туурвисан юмсанж.
Ноён Чимэн бол чоныг маш сайн мэдэх, түүнийг өмгөөлөн хамгаалсан хамгийн анхны хүн мөн гэж алдаршуулан дуулмаар санагдана. Ингэхэд чононы тухай, та ч би ч юу мэддэг билээ?
Хууч яриа: Чухам хаана, хэзээ энэ явдал болсныг хэн мэдлээ? Нэгтээ нутаг усандаа алдартай гөрөөч эр сүргээрээ яваа долоон чонотой таарчихжээ. Ид орооны цаг байсан болохоор өлөгчин чоноо дагаж явдаг нь ёсон ажгуу. Анчин эр ердөө л зургаан сумтай, гэтэл чоно долоо байдаг. Яах билээ?! Хашир анчин модон дээр гарч суучихаад нэг сумаа хуваажээ. Эрт цагийн тэр бууны сумыг хуваагаад буудчихаж болдог байсан аж. За, ингээд долоон сумтай болчихлоо. Одоо хэрхэх вэ? Хамгийн түрүүнд яваа гичийг нь буудах ёстой. Орооны үеийн чононууд гичийгээ хувааж идчихээд. түүнийг хороосон эзэнг хэн бугай байсан ч уулгалан дайрч тасар татан хаядаг хуультай. Гөрөөчин ч үүнийг сайн мэдэж байв.
Бүх зүйл ёсоороо болов. Анхны буун дуунаар л гичий нь унаад өгч. Чононууд ч түүнийг дор нь хувааж идчихээд модон дээр хүлээн суух анчин эр рүү дайрчээ. Харамсалтай нь чоно модонд авирч сурсангүй. Улилдан үсчсээр л байж. Анчин ч буудаад л. буудаад л. . . Бүгдийг нь унагалаа гэж итгэсэн мөнөөх анчин маань. модны ёроолд хэвтэх чононууд дээрээс буух гэтэл алган дотор нь нэг юм байж байна гэнэ. Хартал долоо дахь сум нь байжээ. Ямар хачин юм бэ? "Би долоо. буудаагүй билүү?" Гайхсан эр мөчир хугалан аль хэдийн үхчихсэн гэж итгэсэн зургаан чоно руугаа шидэж үзжээ. Гэтэл нэг нь өрөөсөн нүдээ сэмхэн нээн харж байсан гэдэг. Анчин эр ч дор нь түүнийг зүйл дуусгажээ. Энэ удаа оюун ухаант хүн дийлсэн ч чонын арга ухаан, залийг бахархмаар. Амьд үлдсэн сүүлчийн тэр чоно гичий болон үрэгдсэн таван нөхрийнхөө өшөөг авах гэж ийнхүү үхсэн дүр үзүүлэн хэвтсэн ажгуу.
Ноён Чимэн өгүүлруүн: "Чоно бол гайхамшигтай нарийн
зохион байгуулагдсан нийгэмд амьдардаг юм. Түүний хүч чадал чухам юунд оршино вэ? гэж та сонирхоно уу? Хамтын ажиллагаанд нь л оршдог юм. Нохой мэт зам даган гагцаар шогшиж яваа чонотой хэн ч, хэзээ ч тааралдахгүй. Ойр хавьд нь түүний нөхөд байж л байгаа. Авлах амьтнаа илрүүлмэгц чоно сүрэглэн дайрдаг. Их салхи исгэрсэн цаст тал дээр дөч тавин чоныг сүрэглэн дайрахад ямарч хүчит амьтан тэдний өмнө арчаагүй дорой болохыг нь олонтаа би үзлээ дээ.
Араатны хаан хэмээгдэх арслан, барс, хүчит хүрэн баавгай алс хол сүргээр улилдах чонын улианыг сонсоод сүүл хавчин зугатдаг юм. Ноход булууны яс булаалдан бие биенээ урж тасдан. хэмхлэлцдэг. Чоно бол хэзээ ч ингэхгүй. Авласан ангаа тал талаас нь ховдоглон иддэг боловч хэзээ ч бие биенээ урж дайрдаггүй. Нягтрал бол хүч, бие биендээ шарх сорви үүсгэвэл үхэлд ч хүрнэ гэдгийг тэд тун сайн ойлгодог".
Хууч яриа: Зүүн зүгийн нэгэн аймагт гурван чоно хэд хэдэн айлын мал сүрэг рүү дайрч багагүй хохирол учруулжээ. Хагалж. тасдаж хаячихаад усанд хаясан чулуу шиг алга болчихно. Хурдан буутай, хөнгөн тэрэгтэй хэсэг эрс тэднийг авлах гэж сар шахам хөөцөлдсөн гэдэг. Нэгэн өдөр аргагүй л нүүр тулан учирч дээ. Бэлчээрт яваа хонь мал руу гурван чоно яг зэрэгцэн мяраасаар дөхөж явааг отоонд суусан анчид харжээ.
- За цаадуул чинь ч ирлээ дээ. . .
Гайхалтай нь сүрэг рүү гурвуулаа дайрсангүй. Нэгийгээ их өвсөн дотор үлдээчихээд хоёр нь уулгалан дайрах үед анчид ч буудаж амжжээ.
- Одоо гуравдахийг нь. . . Хаашаа зугатах нь вэ? гэсээр буу шийдзм агссан эрс дөхөн очтол урд талын хоёр хөлөө хавханд тасдуулсан нэгэн чоно яахаас ч буцахгүй хилэнт нүдээр ширтэн мярайж байсан гэдэг.
Өрөвдөлтэй нь, урд хоёр хөлгүй болсон нөхрөө нөгөө хоёр нь суган доогуур нь мод шургуулан өөрсдөө амаараа зуун авч явдаг болохыг нь ухаарсан анчин эрсийн зарим нь уйлсан гэнэ билээ. Чоно ийм л ухаантай, эв нэгдэлтэй, үнэнч амьтан ажгуу.Энэ талаараа чоно зарим нэгэн хүмүүсээс ч хэд дахин илүү гэнэ.
Ноён Чимэн өгүүлруун: "Чонын сүрэг дотор хамгийн их эрх мэдэлтэй хоёр чоно бий. Энэ бол сүргийн түрүү азарган чоно, хатны байр сууринд гарсан өлөгчин чоно хоёр юм. Тэд чухам ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг вэ? гэж сонирхоно уу? Азарган чоно сүргийн амгалан тайвныг хадгалах, маргааныг дарах, тэмцэлдэгчдийг шүүх гол үүргийг гүйцэтгэдэг. Харин хатны байр сууринд байгаа чоно бүх л үйл хэргийг хамаардаг. Тийм болохоор чонын нийгэм бол "эхийн эрхт нийгэм" юм даа. . Чонон сүрэгт хүний нийгэмд байдгаас ч илүү ардчилал бий. Азарган чоноор хамгийн хүч тэнхээтэй, эрүүл чийрэг, ухаалаг нь л сонгогддог. Тэр бүхэн нь сүрэглэн амьдрах он жилүүдэд л тодорно шүү дээ. Хааны байр суурийн төлөө хүч чадал, арга залиа сорьсон тэмцэлдээнийг "цуст дайн" хэмээн нэрийдэж ч болно. Чоно оюун ухаант хүн биш болохоор өөрсдийнхөө аргаар л сүргийн түрүү хаан, хатнаа сонгоно шүү дээ.
Нэгэнт сонгогдсон "хатан". сүргийн түрүү "хааныхаа" захиргаанд тэд дуугүй захирагдан зохион байгуулагддаг юм.
Азарган буюу "хаан" чонотой аль нэг өлөгчин чоно явалдах тохиол ч гарч л байсан. Хариуд нь харин "хатан" чононоос хүнд шийтгэл хүлээнэ дээ. Амь насаа алдах ч тохиолдол бий. "Хатан" чоно бусад чононууддаа "гэргийг" нь хуваарилж өгдөг. Мөн энгийн үедээ дорд шатны чононуудтайгаа нууцаар явалдах нь ч бий.
Би вээр чонон сүргийн түрүү байж ч үзсэн. Хэцүү алба. Гэвч миний нөхөрлөсөн олон сүрэг надад дарамт учруулсан удаа үгүй. Харин заримдаа сүргийн түрүүчийн байр сууриа-хэвээр хадгалахын тулд өөрт байсан цорын ганц зэвсэг резинэн шийдмээ хэрэглэдэг байсан даа. хөөрхий"
Хууч яриа: Тал дундуур шөнө давхиж явсан хэсэг дарга нар машины гэрэлд өртсөн чононуудын нэгийг гэрэлтүүлэн элджээ.
- Хүүе. хаая. . . Цаана чинь, цаана чинь. . . Алив буудаач. . . гэж хашгиралдацгаажээ. Гэнэт нөгөөх чоно нь газрын гав руу орсон мэт алга болчихож:
- Яачихваа. . . Нуугдчихлаа даа. . . гэцгээсээр том гэрлээр эргэн тойрноо гэрэлтүүлэн эрцгээжээ. Гэтэл ажигч нэг нь
- Хараач хөөе. . . хэмээн дуу алдав. Бүгд анзаарвал, мөнөөх чоно ойролцоох утасны шонг урд хоёр хөлөөрөө тэвэрч, хойд хөл дээрээ цоройн зогсчихоод сүүдэр талд нь нуугдан эгээ л хүн адил эргэлдэж байсан гэдэг.
Бас нэгэн хуучийг танил зураач маань ярьсан сан. "66" хэмээх машин дээр найман бэлтрэг үүрнээс нь суйлан олсоор холбон уяж аччихаад хэсэг халамцуу эрс дуу шуутай буцацгаажээ. Хүрэх газраа ирээд бэлтрэгээ буулгах гэтэл бүгд алга. Харвал олсыг нь тас тастан хаясан ажгуу. Учрыг нь ухвал: эх чоно нь тэр машиныг гүйцэн ирж бэлтрэгнүүдээ чөлөөлсөн нь тэр байж. Ийм ухаантай, эрэмгий зоригтой амьтан даа чоно.
Ноён Чимэн өгуүлрүун: "Чоныг хүмүүс мэт хоорондоо ярьдаг гэдэгт итгэх ёстой. Тэдний хэл яриа нь улилт гэдгийг ч та тааж байгаа биз. Гэхдээ дохио зангаа ч тэдний хэл ярианд олонтаа тохиолдоно. Хамгийн олон хэрэглэгддэг дохио нь хамраа үрчийлгэх. Энэ бол "анхаар аюул ойрхон байна" гэсэн онцгой үг. Чихээ сортойлгох нь " болгоомжтой юу ч таарч магадгүй" гэсэнтэй утга ижил. Хамраа харилцан мөргүүлэх нь "хамт явъя" гэсэн үг аж. Явахдаа замаа өөрчлөх, хөлбөрөх, эргэж харах, урт, богино, өндөр, нам дуугаар улих нь хэдхэн авиагаар үг бүтээн ярилцдаг нь хүмүүсийн хэл ярианаас ч нарийн утга илэрхийлнэ. Чоно бас дуулдаг юм.
Зөвхөн чавхдаснаас л үүсэж болох нарийн аялгуу гарган ульж, сүргээрээ дуулах нь цөөнгүй. Том ан, олзын дараа л ингэдэг болохоор найр ч гэж хэлж болмоор.
Хууч яриа: Хэнтий аймагт нэгэн хэнэггүй анчин эр долоон настай хүүгээ хувцсыг нь тайлуулан чонын үүрэнд оруулж бэлтрэгийг нь суйлуулжээ. Нүхэн дотроос хүү,
- Аав аа. . . Ээж чоно нь байна шүү дээ хэмээн айж балмагдан хашгирахад
- Зүгээр ээ. . . Наад бэлтрэгнүүдээ аваад өгөөд бай. . . гэж тоох ч үгүй тушаасан гэдэг. Долоон бэлтрэгээ суйлуулсан эх чоно хүүд огтхон ч халдаагүй нүхнээсээ гаргасан гэдэг. Харин хүүгийн эцэг тэр даруйд нь эх чоныг нь устгажээ. Хүн, чоно хоёрын хэн нь зэрлэг догшин байж таарах нь вэ? Гунигтай хэрэг шүү. "Чоно үүрэндээ өлзийтэй" гэж монголчууд ярьсаар. . .
. . . 1976 онд Баруун Германы Гаплян хэмээх зоопаркаас 8 чоно ой руу оргож зугатжээ. Бараг улс даяараа л айн хирдхийсэн гэдэг. 150-н зэвсэгт цэрэг гаргаж байж тэр наймыг хороожээ хөөрхий, Эрүүл, зэрлэг чоно амгалан байдлыг нь хөндөөгүй л бол хүн рүү уулгалан дайрахгүй. Өс авах үүднээс л гагцхүү дайрдаг.
Гэвч чоно, хүн хоёр олон зууны турш дайсагналцсаар л байна. Чононд хүнээс өөр айж. эмээх дайсан нэгээхэн ч байхгүй. Яагаад хүн, чоно хоёр дайсан болов оо? Идэх хоолоо булаацалдсанаас л дайсан болсныг ноён Чимэн нотолсон юм.
Балар эртний ч, өдгөө цагийн ч хүний хоол хүнсний зүйлийг чоно л гагцхүү булааж чаддаг байсан аж. Үүний учир л тэд үүрдийн дайсан болцгоожээ.
Харамсалтай нь хүн ялж байна. Гэвч чоно: чоно учраас л үр удмаа хадгалж. хүмүүст эзлэгдэн улам бүр хумигдсаар байгаа ээж байгальдаа оршсоор л байх болно.
Мөхөс би үүнд итгэдэг юм. Тэнгэрлэг, хийморлиг чоно минь ээ? Монголчууд бид чинь Бөртэ чонын удам угсаа шүү дээ. Хийморь золбоогоо бидэндээ хайрлагтун.

сэтгүүлч Т.Даваасүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан