Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг эхчүүдийн хэрэг үймээнд хүргэж мэднэ


Энэтхэгийн сөрөг хүчний Конгресс нам Чхаттисгарх мужид гарсан хэрэгтэй холбогдуулан бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар уриаллаа. Тус мужид 60 гаруй эмэгтэй эмнэлгийн халдвар авснаас 13 хүн нас барж, одоо 20 гаруй өвчтний бие маш хүнд байгаа юм. Тэд бүгд жирэмслэлтээс хамгаалахаар үрийн сувгаа боолгох мэс ажилбар хийлгэж байгаад халдвар авчээ. Хүн ам нь хэтэрхий өсч, хэдхэн жилийн дараа гэхэд Хятадыг гүйцэж түрүүлэхээр болоод буй Энэтхэгийн Засгийн газар төлөвлөөгүй жирэмслэлтийг зогсоохын тулд эмэгтэйчүүдэд олноор нь үрийн сувах боох мэс засал нэг дор хийж байгаа аж. Ийм ээлжит үйл ажиллагаа өнгөрсөн бямба гараг Пендари тосгонд болж, 83 эмэгтэй мэс ажилбар хийлгэсэн байна. Уг мэс ажилбар нь өндөр эрсдэлтэй биш ч мэс засалчийн нарийн ур чадвар шаарддаг аж. Харин Пендари тосгонд ажилласан эмч нар өндөр ачаалалтай байснаас эмнэлгийн багаж хэрэгсэл ариутгах, гадны бохир оруулахгүй байх тал дээр сэрэмж алдсан бололтой. Мэс ажилбар хийлгэсэн эмэгтэйчүүд тасралтгүй бөөлжиж, цусны даралт нь нэмэгдэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Ийнхүү биеийн байдал нь хүнд байгаа эмэгтэйчүүдийг эмчлэхээр Делигээс эмч мэргэжилтнүүдийн баг орон нутагт очсон байна.

 Эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй, хайнга байдлаас үүдсэн хэмээн дүгнэж буй энэ хэрэг олон түмний уур бухимдлыг төрүүлж, сөрөг хүчний нам ч үүнийг өлгөн авч удахгүй томоохон хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх бололтой. Олон нийт Эрүүл мэндийн сайдыг огцрохыг аль хэдийнэ шаардаад эхэлсэн бөгөөд мэс засал хийсэн эмчид хэрэг үүсгэн, мужийн эрүүл мэндийн салбарын дөрвөн албан тушаалтныг ажлаас нь халаад байна.
Эмнэлгийн хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ хэргийн хохирогчдын ар гэрийнхэнд тус бүрт нь 6600 ам.доллар өгөхөөр амлаад байна. Тэд бүгд ядуу буурай амьдралтай айлууд аж.

Одоогоос хоёр жилийн өмнө Энэтхэгийн Бихар мужид гурван эмч хоёр цагийн дотор 53 эмэгтэйд дээрх мэс ажилбарыг хийж байгаад баривчлагдсан удаатай. Тэд ариун цэврийн ямар ч шаардлага хангахгүй талбайд мэс ажилбар хийж байжээ. Ерөөс энэ мэт явдал Энэтхэгт түгээмэл гардаг аж.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан