Бээжинд болж байгаа АНЭЗЗ-ийн чуулга уулзалтын үеэр Обама Путин хоёр уулзажээ. Путины хэвлэлийн төлөөлөгч Песков "Путин Обама хоёр албан бусаар уулзаж байгаа. Удирдагч нар зогсоогоор харилцаж байна" гэжээ.
Үүнээс нээлтийн ёслолын үеэр зураг авахад Путин Обама хоёр таарч хоёр гурван үг сольсон. Энэхүү эхний уулзалтын үеэр хоёр Ерөнхийлөгч ямар ч асуудал хэлэлцээгүй, тэгэх цаг ч байгаагүй гэдгийг Оросын ч тэр, Америкийн ч тэр албаны хүмүүс тайлбарласан.
Чуулга уулзалт эхлэхээс өмнө Цагаан ордны зүгээс Бээжингийн чуулгал уулзалтын үеэр төдийгүй удахгүй болох Их 20-ийн уулзалтаар Путин Обама хоёр албан ёсны хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдээд байсан юм.
Энэ долоо хоногийн сүүлээр Австралийн Брисбен хотод дэлхийн их 20 гүрний удирдагч нарын уулзалтад В.Путин оролцоно гэж мэдэгдээд байгаа. Өрнөдийн зарим улс төрчид Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор Путиныг Их 20-ийн уулзалтад урихгүй байх, Их долоогоос хассан шигээ Оросын Их 20-оос хасахыг уриалж байсан. Гэвч Австралийн Ерөнхий сайд энэ уулзалтад ОХУ, Ерөнхийлөгч Путин оролцолгүйгээр нэн чухал олон асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч Австралид хүлээж байгаагаа мэдэгдэж байв.